Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдтэй танилцана уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдтэй танилцана уу

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд "Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос "Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.

Нэр дэвшигч Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдтэй танилцана уу

1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдтэй танилцана уу

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд "Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд "Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос "BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.

 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ.
 

Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдтэй танилцана уу

Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд төрсөн. Тэрбээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажилласан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд төрийн албанд 34 жил ажиллахдаа зарчимч чанар гэж юу болох, төрийн албанд хэрхэн шударгаар ажиллахыг Ш.Солонго өөрийн биеэр харуулсан хэмээгээд Үндсэн хуулиа хатуу барьж ажиллах уур амьсгалыг цэцийн танхимд бүрдүүлж ажиллаж чадах хүн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа нь дууссан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө. 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх