Энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр

Зуны эхэн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр /05.29/ тохиож байна. Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр

 

Мөн НҮБ-аас "Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн.  Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж. Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өглөөний 05:00-21:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр (2018.05.29) Бурхан багшийн Их дүйчэн буюу эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олж төгс гэгээрсэн, жанч халсан гурван их үйл давхацсан өдөр тохиож, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд "Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа боллоо.

Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчэн өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төр, шашны үйл хэргийг төрийн хуулиар тогтоон зохицуулна гэж заасныг онцлоод,  олон зуун жилийн туршид тахин шүтэж ирсэн бурхны шашны түүх, соёл нь Монгол төрийн түүх, соёлтой олон талаараа холбоотой. Тиймээс үндэстэн оршин тогтнох явдал бол шашныхаа түүх, соёлыг дээдэлж, үйл хэргийг нь дэмжих явдал гэлээ.

Хүндэтгэл ёслолын энэхүү үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны дээд сургуулийн захирал, да лам Х.Бямбажав, гавж Ё.Амгалан тэргүүтэй лам хуврагууд оролцож, Бурхан багшийн рэнсэл буюу лагшин шүтээн залах, Соёмбот туг өргөх ёслолыг зохион байгуулав.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх