ЗҮҮН АЗИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛНА

Улаанбаатар хотод 2018 оны 6-р сарын 30- 7-р сарын 2-нд Слав-Еврази судлалын Зүүн Азийн олон улсын  9-р бага хурал анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус бага хурлыг Төв, Зүүн Европ Судлалын Монголын Холбоо, ШУА-ийн ОУХХүрээлэн, Монгол Улсын Их сургууль (МУИС)-тай хамтран зохион байгуулж байна. Слав-Еврази судлалын Зүүн Азийн олон улсын бага хурал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа. 

Тус хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, БШУСС-ын сайд Ц.Цогзолмаа, ШУА-ийн дэд ерөнхийлөгч д-р, проф.Г.Чулуунбаатар нар оролцож үг хэлнэ. Хурлын үйл ажиллагаа МУИС-ийн Номын сангийн байранд болно.

ЗҮҮН АЗИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛНА

 

 

Зүүн Азийн Слав-Еврази судлалын олон улсын бага хурлын танилцуулга

Зүүн Азийн бүсийн бага хурал нь 2007 оноос ICCEES Холбооны  хүрээнд зохиогдожэхэлсэн.  Тус  бага хуралд БНСУ, Япон, БНХАУ, Энэтхэг, Монгол, Казахстан зэрэг Азийн орны Слав-Еврази судлаачид тогтмол оролцдог уламжлалтай. Энэхүү бага хурал Ази тивийн төлөөлөгчдөөр хязгаарлагдахгүй, ICCEES Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд, Баруун Европ, АНУ, Канад, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудын энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, их дээд сургуулийн багш профессорууд байнга оролцдог чухал арга хэмжээ юм. Тиймээс тус бага хурал нь эрдэмтэд судалгааны үр дүн, шинэ мэдээлэл, туршлага, байр сууриа солилцдог чухал индэр болж төлөвшсөн.

ICCEES буюу International Council for Central and Eastern Europе Studies Холбоо нь 1974 онд байгуулагдсан, Төв, Зүүн Европын орнуудын судлалаар мэргэшсэн дэлхийн 50 гаруй орны эрдэмтэн судлаачдыг сайн дурын үндсэн дээр өөрийн эгнээндээ нэгтгэсэн олон улсын ТББ юм. ICCEES Холбоо 5 жил тутам их хурал зохион байгуулдаг. Сүүлийн 9-р их хурал 2015 онд Японы Макухарид болсон, 10-р их хурал 2020 онд Канадын Монреаль хотод болно. Их хурлуудын хооронд бүсийн, тухайлбал Зүүн Азийн олон улсын бага хурлыг зохиож байна. ICCEES Холбооны их хурал болдог жил нь Зүүн Азийн бүсийн бага хурал өнждөг, бусад хугацаанд Азийн орнуудад ээлжлэн жил бүр болдог.

 

Тус бага хурлын онцлог гэвэл  хэлэлцүүлэг үр дүнтэй, бүтээлч байдлаар явагдаж, оролцогчдын саналд тулгуурлан бага хурлын Хөтөлбөрийг зохиодог бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулалт сайтай, цагийг хатуу баримтлан, ажил хэрэгч байдлаар өрнөдөг.

Төв Зүүн Европ судлалын Монголын Холбоо нь 2012 онд Орос, Европ судлалын эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш нарын санаачлагаар анх байгуулагдсан. 2013 онд ICCEES Холбооны гишүүн болж, 2013 оноос Зүүн Азийн Слав-Еврази судлалын олон улсын бага хуралд оролцож эхэлсэн. Сүүлийн жилүүдийн хурлын сэдвүүдийг танилцуулвал:

-Зүүн Азийн Слав-Еврази судлалын 8-р бага хурал -"XXI зууны Евразийн зөрчил ба зохирол: хөгжил хөдөлгөөн ба эгзэгтэй нөхцөл байдал” . 2017.06 сар.БНСУ, Сөүл

-Зүүн Азийн Слав-Еврази судлалын 7-р бага хурал - "Аугаа Еврази: шинэ боломж ба шинэ сорилт” . 2016.09 сар.БНХАУ, Шанхай

-ICCEES Холбооны дэлхийн IX их хурал - "Олон өрнийхөн Олон дорнынхонтой  уулзалдах нь”. 2015.08 сар. Япон,Токио-Макухари

-Зүүн Азийн Слав-Еврази судлалын 6-р бага хурал -  "Зүүн Азид энх тайвныг тогтоох нь, Евразийн хамтын ажиллагааны өргөжилт: эрч хүч ба сорилт”. 2014.06-р сар.БНСУ, Сеүл

-Зүүн Азийн Слав-Еврази судлалын 5-р бага хурал - "Евразийн хувьд 1913-2013 онууд нь их туршилт эсвэл алдагдсан зуун жил байв уу? ” 2013.08 сар.Япон, Осака

 

Өнгөрсөн хугацаанд ICCEES  Холбооны Их, бага хурлуудад Монголын Холбооноос  гүйцэтгэх захирал доктор (Ph.D),  проф. Д.Алтай, Холбооны Ерөнхийлөгч доктор (Sc.) проф. Л.Хайсандай, ОУХХ-ийн судлаач, доктор (Ph.D),  А.Нямдолжин,МУИС-ийн Европ судлалын тэнхмийн эрхлэгч доктор(Ph.D)   С.Булгантамир нар оролцож илтгэл хэлэлцүүлж ирсэн.

 

Улаанбаатарын Зүүн Азийн олон улсын 9-р бага хурал

2018 оны 6-р сарын 1-ий өдөр Сеүл хотод болсон Азийн орнуудын Төв, Зүүн Европ судлалын Холбоодын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтаас Зүүн Азийн Слав-Еврази судлалын олон улсын 9-р бага хурлыг 2018 оны 6-р сарын 29 -7-р сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэр гаргасан.

Улаанбаатар хотод болох Зүүн Азийн бага хурлын сэдвийг "Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо гэж Төв Зүүн Европ судлалын Монголын Холбоо тодорхойлсон нь өнөөгийн Евразийн хамтын ажиллагаа, харилцаа холбооны уг сурвалж нь Монголын өвөг дээдэс Хүннү гүрэн, хожим XIII-XIY зууны монголын эзэнт гүрний үеэс  тавигдсаныг онцолж , энэ утгаараа орчин үеийн даяаршлын үйл явцад монголчууд өөрсдийн хувь нэмэр оруулсаныг тэмдэглэж байгаа юм.

Слав-Еврази судлалын Зүүн Азийн 9-р бага  хурлын зар уламжлал ёсоор ICCEES – байгууллагын  вебсайтад тавигдаж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдад мэдээлэл түгсэн.

Энэхүү хуралд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Украин, Молдав, Азербайжан, ХБНГУ, Польш, Финлянд, Швед, Бельги, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Монгол  зэрэг  20 гаруй орны  120 төлөөлөгчид тус хуралд оролцохоор илтгэлүүдээ ирүүлээд байна.

 

Зохион Байгуулах Хороо бага хурлын урьдчилсан Хөтөлбөрийг нийт оролцогчдод түгээж Webhardхуудас нээн байршуулсан. Судлаачид нийт 29 панелд 88 илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд панел тус бүрт 3 илтгэл, панелийн чиглүүлэгч, 1-2 шүүмжлэгчид байхаар зохион байгуулж байна. 

 


Слав-Еврази судлалын Зүүн Азийн олон улсын 9-р бага хурлыг  Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулснаар  Монгол Улсаа дэлхийн олон орны судлаач эрдэмтэдэд сурталчлах, тэд Монгол орны тухай бодит мэдээлэл, ойлголт олж авахад чухал ач холбогдолтой үйл явдал болно гэж Төв Зүүн Европ судлалын Монголын Холбоо үзэж байна. Түүнчлэн Монголын Орос ба Европ судлал, түүний дотор Слав-Еврази судлалын өнөөгийн байдал, монголын эрдэмтэдийн судалгааны үр дүнтэй танилцах боломжийг олгоно. Мөн монголын талын оролцогч нарт эх орондоо болох олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд биечлэн оролцох  боломжийг нээж байна.

Гадаадын судлаач эрдэмтэд монголын түүх, соёл, ард түмний аж байдал, зан заншилтай цухас боловч танилцахад тус бага хурал зохих үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байна. Тиймээс ч Зохион Байгуулах Хорооны зүгээс  бага хурлын төлөөлөгчдөд зориулан монголын соёл, нүүдэлчдийн зан байдлыг харуулсан аялал жуулчлалын арга хэмжээг бага хурлын Хөтөлбөрт төлөвлөн тусгаж, оролцогчдын саналыг харгалзан зохион байгуулахаар ажиллаж байна.

     Төв, Зүүн Европ судлалын Монголын Холбоо

2018.06.28

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх