Л.Өлзийтөгс "Хоёрхон алдаа" өгүүллэг

Тавь гаруй насны нүдэнд дулаахан тэр эмэгтэйтэй би танилцсан даруйдаа л дотносоод явчихсан сан. Бид Улаанбаатараас Москва орох галт тэргэнд танилцсан юм. Тэрээр нийцэрхүү эвлэг зантай, эелдэг зөөлөн төрх байдалтай, сэтгэл татсан нэгэн байлаа. Нэрийг нь Наранжаргал гэх. "Эгчийгээ зүгээр л Жагаа гэхэд болно оо” хэмээн танилцангуутаа хэлэв.

-Эгч нь зориуд галт тэрэг сонгосон гэхүүдээ. Онгоцоор бол өдөртөө яваад л хүрчихнэ, сонирхолгүй шүү дээ. Цаанаа нэг уйтгартай... гэж хэлээд түүний насанд баймгүй дүрсгүй янзаар толгойгоо хөдөлгөөд чанга инээв.

-Харин ч галт тэргээр явах уйтгартай шүү дээ . Хэрэв миний мөнгө хүрсэнсэн бол онгоцоор л нисэх байлаа. галт тэрэгний сайхан нь хямдхан л юм даа.

-Залуу насанд ч дандаа яарч явдаг л даа. Яарч яваа хүн юуг ч анзаардаггүй, бодож тунгаадаггүй юм шүү дээ. Яараад л байна, яараад л байна, яараад л... гэж тэр миний хариултыг сонсоод аяар намуухан хэлэв.

- Хүссэн газартаа өдөртөө хүрнэ гэдэг сайхан биш үү? Хэмээн би гайхан лавшруулсанд:

- Эгч нь үнэхээр онгоцноос зориудаар зугтсан юмаа. Бүхнийг ахин нэг өөрийн нүдээр үзмээр санагдаад. Чи хар л даа, вагоны хаалга яаж хаагддагийг хүртэл мартчихсан байна шүү дээ, би сая хичнээн их будилав. Залуудаа галт тэргээр өчнөөн л явсан даа. Тэр үед "Бушуухан баяжаад онгоцоор л явдаг хүн болох сон” гэж мөрөөддөг байж билээ. Харин одоо бол би онгоцны тийз авах мөнгөгүй тэр л ядуухан насандаа ахиад ганцхан удаа очоод ирэхийн тулд байгаа бүхнээ өгөхөд бэлэн байна. Нээрэн шүү, байгаа бүхнээ. Бүх хөрөнгөө, олсон долсон юм бүхнээ... Ганц л удаа эргээд залуу болдогсон бол...

-Пээ, эргэж залуу болж яадаг байна аа. Би бол ч хурдхан хөгшрөөд сайхан амарч хэвтмээр л байна. Тэтгэвэртээ гарчихаад, бэлэн мөнгө улсаас аваад, цалин энэ тэр гэж санаашрахгүй, дарга цэрэг гэж айхгүй, юунд ч санаа зовохгүй жаргаж суух юмсан. Ажил хийхээ боливол үнэн гоё байхдаа. Өдөр болгон амралт. Сар, жил болгон амралт. Хичнээн амар.

-Тэгдэггүй л юмдаа охин минь. Хөгширчихөөрөө хүн амрах биш харин улам л ядраад байдаг юм.

Тэгээд үхлээс өөр хүлээх юмгүй болно доо. Гээд яахав, бас өтлөв гээд харамсаад ч байхгүй. Миний дүү чи өөрийгөө нэг хар даа. Ямар сайхан харагдаж байгаагаа ... Залуу насаа мэдэрч сур. Аз жаргалаа, бурханаас түрхэн зуур өгсөн цорын ганц энэ өв хөрөнгөө хайрлаж сур. Чамд зөндөө их мөрөөдөл байна. Ирээдүйд тэтгэвэртээ гараад, сайхан амарч жаргана даа гэсэн гоё төсөөлөл байна. Хурдхан очихыг хүсч байгаа мэдэхгүй, танихгүй ирээдүй өмнө чинь байна шүү дээ. Харин надад бол одоо гоё сайхан төсөөлөл, үл мэдэх ирээдүй биш нэгэнт болоод өнгөрчихсөн, дуусчихсан, хэдийнээ мэдэх бүдэг бадаг дурсамжууд л бий. Гэхдээ сайхан дурсамж гэдэг хоёр дахь амьдрал гэж ярилцдаг нь үнэн л юм билээ. Юутай ч, эгч нь одоо залуу нас руугаа эргэн нэг очоод ирвэл... Ердөө ганцхан удаа...

-Яах гэж байгаа юм бэ, эргэж залуу болоод... Бүтээгүй мөрөөдлөө биелүүлэх гэж үү? Мэргэжил энэ тэрийгээ солих гэж байгаа юм уу, эсвэл?

Энэ асуултыг сонсоод Жагаа эгч тас тас инээв. Би тэнэг үгээ хэлж дуусангуутаа л өөрөөсөө ичиж бантсан ч, алдаагаа засахын тулд , бушуухан хоолойн өнгөө өөрчлөөд, нухацтай байдлаар ийн асуулаа:

-Хэрэв нээрэн, та ингээд яа-ааг одоо эргээд залуу болчихвол хамгийн түрүүнд яах вэ? Юу хийх бол?

-Эгч нь үү? Эгч нь тэгвэл ч...

Жагаа эгч ингэж хэлснээ , эгээ л би түүнийг ахин залуу болгох гэж байгаа юм шиг горьдонгуй харцаар над руу ширтсэнээ, дуугаа намсган ингэж хэлэв:

-Хоёр алдаагаа засна даа.

- Хоёр оо?

-Яасан,  их байна уу?

Жагаа эгч ахиад л инээв. Надаар тоглоом тохуу хийн, өхөөрдөнгүй ийн цаашлуулж суух нь түүнд хөгжилтэй байгаа бололтой. Тэрээр галт тэрэгний цонхоор ширтэн, инээмсэглэсэн нүдээ алс тэнгэр өөд хандуулан хэсэг таг болсноо "Хамгийн эхлээд эгч нь арван долоон нас руугаа гялс оччихоод ирнэ...” гэж нууцлаг байдлаар шивнэнгүй хэлэв.

-Арван долоон нас аа? хэмээн би өөрийн эрхгүй сониучирхан дуу алдлаа. Тэгээд энэ эмэгтэйн нүдэнд дулаахан, сэтгэл татах ихээхэн хүч бүхий эрхэмсэг сайхан царайг гайхан ширтэх зуураа "Яасан гоё эгч вэ дээ” хэмээн эрхгүй бодлоо.

-Гоё эгч ахин дуугарсангүй. Тэрээр хэсэг таг болон, намайг хэдийнэ мартсан юм шиг цонхоор гөлөрч орхив. Хэдэн хором өнгөрснийг бүү мэд. Хэн нэгэн үүд тогшиход л сая түүний сэтгэл гаднаас дотогш орж ирэн, эгээ л үхсэн хүн эргэн амилах мэт гэнэт сэхээ орж, намайг анх удаа үзэж буй юм шиг харь нүдээр хачин гөлрөн харлаа. Үйлчлэгч эмэгтэй цай оруулж өгөөд гарсны дараа тэр яриагаа эхлүүлэхээр сая шийдэв бололтой, суудлаа засан тухламагц, өмнөх аягатайгаасаа нэг балгаад над руу учиртайхан ширтэв.

-Арван долоон насныхаа тэр нэгэн шинэ жилийн өдөр рүү гялс очоод ирдэг бол... Тэгвэл ч... Тэгээд дараа нь ухас гээд хорин таван нас руугаа очно доо. Тэгээд нэг юм хийнэ. Ингээд л боллоо. Ердөө...

-За за, та ердөө хоёрхон алдаатай хүн юм шив. Сайхан юмаа. Би бол ч хорь гучин түмэн алдаатай хүн дээ. Аль алдаагаа ч засах гэж явах юм, ёстой бүү мэд гэсэнд Жагаа эгч над руу тогтуухан харснаа:

-Алдаа болгон дурсагдахаар байдаггүй шүү дээ гэлээ. Тэгээд уртаар шүүрс алдсанаа, яагаад ч юм бэ дорогш тонгойн хэсэг азначихаад: "Эгч нь одоо их сайхан амьдарч яваа хүн. Маш сайхан... Хангалуун чинээлэг, тайван амгалан. Надад сайн нөхөр, том болсон дөрвөн сайхан хүүхэд, дажгүй мэргэжил боловсрол бий. Тохитой тулхтай анд нөхөд, орон гэр, унаа машин, үхэх хүртлээ санаа зоволгүй амьдарч болох хэдэн төгрөг... За тэгээд юу эсийг тоочиж барах билээ дээ. Хүний энэ амьдралд чинь яасан ч их зүйл хэрэгтэй байдаг юм. Хүн ч хичнээн шунамгай, дуусч барагддаггүй их хүсэлтэй юм, мэдэхгүй дээ. Ажиллаад л байсан, ажиллаад л байсан, хураагаад, цуглуулаад, зүтгээд л байсан. гэхдээ одоо эргээд бодоход, өчнөөн хүсч зорьж байж өөрийн болгосон юм бүхнээс маш олон нь огт хэрэггүй эд зүйл байсан шиг санагддаг. Эгч нь энэ амьдралаас хүссэн бүхнээ л авсан хүн. Энэ чинь өмнө нь их л олон удаа алдсан, унасан эргэж босохоор зүтгэсний минь хишиг шүү дээ. Тийм болохоор алдаа болгондоо гутраад байдаггүй ээ. Харин харамсал бол өөр хэрэг шүү.” гэв.

Ингэж хэлээд эгч ахиад л хэсэг зуур таг боллоо. Би юу гэхээ мэдэхгүй, түүний хэлсэн бүхнийг эргэцүүлэн мөн хэдэн минут таг чиг дуугүй суув. Жагаа эгч гэнэт үсээ задлан гараараа самнаснаа, ахин боочихов. Их өтгөн сайхан үстэй эмэгтэй аж. Тэрээр үсээ гөлчийтөл чангалан арагш боосноо, галт тэрэгний нимгэн бор хөнжлөөр хөлөө ороож суугаад: -Би нээрэн... Эгч нь хэрэв үнэхээр эргээд залуу болчихвол ямар зүйл хийхийг хүсдэгээ чамд ярьж өгөх үү? Хоёулаа тавын таван өдөр галт тэргэнд хамтдаа ганхаж явах улс байна. Өдрийн уртыг яаж барах вэ, ганганаж, гунганаж л барна биз дээ хө. Ганганаад байнаа, хоёулаа сайхан гунганана. Өрөөндөө хоёулхнаа яваагийн хэрэг юу билээ. Дөрвөн суудал дөрвүүлээ эзэнтэй яваагүй нь бид хоёрын аз шүү. Дөрвүүлээ шуугиж явснаас хоёулаа ганганаж явсан нь илүү дээр” гэж хэлээд ширээн дээрх гялгар ууттай чихрээс нэгийг авч задлан ам руугаа хийснээ тухтай сайхнаар дэрээ налав аа.

Арван долоон нас

Найз охид минь өөр хотод сурахаар явсан жил. Би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд байлаа. Найзууд маань мэргэжил сургуулиа сонгоцгоож, харин би хүссэн сургуульдаа орж чадсангүй. Тэгээд ирэх жилийн уралдаант шалгалтанд бэлдэх нэрээр гэртээ уйтгарлан хэвтэж байтал нэг өдөр ангийн минь найз хүү манайхаар хөөрүү янзтай хүрч ирэв ээ. Өөр хотод сурахаар явсан манай хоёр найз охин биднийг шинэ жилээр ирэхийг урьсан байлаа.

Аав ээжийнхээ хөлд суухаас наагуур шалж өдөржин гуйж гувшсаар арайчүү зөвшөөрүүлсэн би ердөө гурав хоногийн эрх чөлөөгөөр шагнууллаа даа. Аавын өгсөн хэдэн төгрөгөөр хоёр найздаа чамгүй үнэтэй бэлэг авчихсан би халаасандаа сохор зоосгүй шахам үлдсэн тул ангийнхаа найз хөвгүүнээр галт тэрэгний тасалбар авахуулаад хамтдаа гараад өгөв өө. Ядуу байх ч заримдаа сайхан шүү дээ, хө, бодож санах юмгүй, ачаа тээр ч үгүй. Одоо хэрэв би шинэ жилийн баярт оролцохоор өөр нэг хот руу явах болвол ч, ээ ёстой яана аа, бараг гэрээ нүүлгэх байх даа. Элдэв солионы хувцас, чимэг зүүлт, будаг шунх, эм тариа, бэлэг сэлт гээд л бараг чемодан дүүрэн юм чирнэ биз. Тэр үед яахав дээ, надад бага эгчээсээ гуйж гуйж арайхийн зээлж авч өмссөн хар даашинз, том эгчээсээ түр авсан энгэрийн чулуун зүүлтнээс өөр гоёо гэх юм байсангүй. Цүнхэндээ алчуур, сойз, найзууддаа авсан бэлэг, уншиж байсан ном гурваа нэмж хийгээд л болох нь тэр. Ангийн найз хөвгүүн маань ч бас миний адил аа. Гэхдээ тэр над шиг үүргэвч ч үүрсэнгүй, ердөө халаасандаа гараа хийгээд л болох нь тэр. Найз хоёр гараад өглөө дөө.

Тэр хүү манай гэрт үдэш болгон ирэх болсоор бараг гурван жил болж байгаа юм. Үгүй, үгүй чи

буруу бодож байна. Миний үерхдэг хүү биш. Тэр намайг нэг ч удаа гуйж байгаагүй юм. Манайд ирэх болгондоо л элдэв охидын зураг барьчихсан, энэ охиныг ч панаалдах гэж байгаа, тэр охиныг ч эргүүлж тойруулсаар, толгойг нь эргүүлэн зөвшөөрүүлээд баллаж хаясан гэхчлэн дуусашгүй юм ярьж явдаг, за тэгээд ихэнхдээ надаас зөвлөгөө авдаг, товчоор хэлбэл, би өөрөө охин мөртлөө л охидыг панаалдах ажлыг алсаас гардан хийдэг байв даа. Маш гоё дуулдаг, гитар хөгжим их сайхан тоглодог тэр хүү нэлээн хөдөлгөөнтэй, юугаараа ч юм бэ, тэрүүхэндээ л алдартай, бидний үеийнхний нэрлэдгээр бол том "хулигаан” л даа. Нээрэн эгч нь багадаа хулигаан найз ихтэй байсан. хачин юм шүү, би чинь өөрөө их гэрсэг, хичээл номдоо сайн, даруухан томоотойгоороо алдартай охин байлаа шүү дээ. Тэгтэл яагаад ч юм бэ, дандаа хулигаануудтай найзалдаг гэж байгаа, инээдтэй. Манай тэр хулигааныг Баадай гэнэ. Ёстой өдөр алгасахгүй манайхаар ирнэ дээ. Бүр хайртай гитараа манай гэрт авчраад тавьчихдаг байсныг яана. Тэгээд л орцонд хөгжмөө тоглоод суучихна. Би яахав, дуудахаар нь гарч шатан дээрээ суугаад л, нэг бол түүнийг сонсоно, нэг бол өөрөө донгосно. Манай хүн сонсоод л , яриад л, инээгээд л, хоёулаа охидын зургийг харж элдвээр өөлж гоочлон, нэр хоч өгөн, эсвэл хөөрхөн сайхныг нь бахдан шагшаад л. Баадай маань байсхийгээд л хэн нэг охинд хайртай дуртай болчихно. Тэгээд ямагт л нэг хачин уруу царайтай болчихсон хүрч ирээд оройжин дурлалын түүхээ яриад л, би ч яахав, хэрэгт дурлан амаа ангайж ирээд л чагнана шүү дээ. Хүн угаасаа дурлачихаараа хэн нэгэнд яримаар санагдаад болдоггүй дээ, Баадай маань намайг хамгийн итгэлтэй найз гэж тооцсон уу, эсвэл хэрэгтэй зөвлөгөө өгчихөөр сүрхий охин ч гэж бодсон уу, хөөрхий орой болгон л орцны шатан дээр толгойгоо ганзагалаад суучихсан хүлээж байдагсан. " Одоо би яах вэ?” гэдэг арга барагдсан асуулт нь л түүнийг дурсах болгонд хамгийн түрүүнд санаанд орж ирдэг юм.

За тэгээд ангийнхан маань, байрныхан маань, найзууд маань, эр эмгүй л хэн нэгэнд дурлаад байдаг, дурлаад байдаг. Би байдаггүй ээ. Хэнийг ч мөрөөдөхгүй, сонирхохгүй, онцолж харсан юмгүй, ер нь бол энэ талаар санаж бодохгүй. Хичээлээ хийчихээд л нохойтойгоо тоглоод хэвтэж байх. Тэр ч байтугай ангийнхаа хөвгүүдтэй хөл бөмбөгддөг, нэг удаа хаалгач хийж байгаад яг нүүр рүүгээ айхтар чанга бөмбөгөөр цохиулснаас хойш л хаширч, энэ миний хийх ажил биш юм гэж ойлгож байлаа шүү дээ. Үгүй ээ үгүй, зүгээр л нэг тийм хүүхдэрхэг хачин амьтан явсан байхгүй юу, түүнээс биш гаднаасаа бол тийм эршүүд янз маягтай яваагүй. Хөвгүүд үү? Намайг уу? Гуйна аа, гуйна. Нэг л мэдэхэд хэн нэг нь сайн болчихсон байдагсан. Гуйхаар нь би хаа очиж тоглоом тохуу хийхгүй ч ер догдолж сүйд болохгүй, баярлаж хөөрөхгүй, дэмий юм хийж байгаа хүнийг харсан хүн яадаг билээ, тийм л хайнгуут байдлаар харж, сонсчихоод, тэгс ингэсгээд аргалаад явуулчихна. Хөвгүүдээс илүү орос дэлгүүрийн шоколад мөрөөддөг байв даа. Үдэш орой болоход охид дэрвэлзэн болзоонд гараад гүйдэг байхад би гэртээ, ээжийнхээ нуусан чихэр шоколадыг хайж олох их аянд мордоно доо. Тэгэхдээ хэзээ ч хоосон байхгүй шүү. Хулгайч шиг л гэтэж гүйсээр, нохой шиг үнэрлэсээр байгаад олчихно. Яаж ийгээд л олно шүү дээ. Гэхдээ дараа нь хэзээ ч мэлзэж чаддаггүй, улайж ирээд л баригдчихна аа, зайлуул.

За тэгээд ийм л нэгэн инээдтэй охин дагуулсан хулигаан хүү хоосон гараа халаасандаа шургуулаад Эрдэнэт явах галт тэргэнд суулаа даа. Галт тэргээс өөр унаа тэгэхэд ямар байсан ч биш. Байлаа гэхэд бид хоёр ямар өөр унааных нь мөнгийг дийлэх ч биш. Ангийнхан маань аравдугаар анги төгсөөд ийш тийшээ тараад явчихсан. Хулигаан бид хоёр л үлдчихгүй юу, бараг л хоёулхнаа шахуу даа.

Хоёр найз охин маань биднийг бөөн баяр угтлаа. Орон гэрээсээ алс амьдарч байгаа, насанд хүрсэн "том хүний” ёсоор тэд маань аргагүй л өөрчлөгдөн, хэдхэн сарын дотор анзаарагдахаар өсч, илт хүүхэн шинжтэй болжээ. Баадай бид хоёр үүнийг шууд л олж анзаарсан. Тэгээд үг дуугүй харц солилцоод зэрэг зэрэг энэ тухай найз охиддоо хэлж, магтан биширсэн юмдаг. Манай хоёр найз охин уу? За тийм ээ, бид гурав чинь салдаггүй гурван хүүхэлдэй байлаа шүү дээ. Аравдугаар ангиа төгсөөд хамтдаа нэг дээд сургуульд, нэг ангид, нэг мэргэжлээр суралцана гэж тангараглаж байж билээ. За байз, есдүгээр ангид билүү дээ. Гурвуулаа баруун гараа нийлүүлж атгаад чанга дуугаар энэ тухайгаа шүлэг шиг уншин байж тангараг тавьсан юм. Хүүхэд нас аа гэж, хөөрхөн шүү. Гэтэл яг төгсөөд, хуваарь авдаг өдрөө л нэг дээд сургуулийн нэг ангид гурвуулаа зэрэг элсэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгоцгоосон. Тэгэхэд чинь хүүхдүүдийг дүнгээр нь жагсаагаад улаан шугам татчихдаг, улаан шугамаас доош жагссан хүүхэд дээд сургуульд орох ямар ч найдлагагүй болдог байлаа шүү дээ. Бид гурав хаа очиж хичээлдээ сайн охид байсан юм. Нэг найз охин маань зэргэлдээ ангийнх л даа. Тэр маань ангидаа сурлагаараа нэгдүгээрт жагсаж, харин манай ангийн найз охин бид хоёр болохоор ангидаа хоёр гуравдугаарт дарааллан жагссан юмдаг. Тиймээс нийт сургуулийн хэмжээнд бид гурав чинь эхний аравт элбэг багтаад, хэн нь ч дээд сургуульд орох нь тодорхой болов оо, чи минь. Дээгүүр оноотой хүүхэд явж ороод л хүссэн хуваариа авдаг байсан цаг.Гэвч гурван тэнэг яахав дээ, учиргүй аминчлан шивнэлдэж байгаад "Хагацахгүй, үүрд...” гэсэн андгайндаа хүрцгээе. Эрдэнэтийн техник мэргэжлийн сургуулийн (ТМС) оёдолчны анги л гурван ширхэг ирсэн байна. Үүнийг авцгаая. Өөр бүх сургуулийн хуваарь нэг нэг л ирж. Тиймээс Эрдэнэт явцгаая. Дараа нь түүнийгээ төгсөөд хамтдаа дээд сургуульд оръё. Гурвуулаа хамт байх өөр арга алга” гэж ярилцлаа. Нөгөө хоёр маань надаас түрүүлж ороод багш нараас зөрсөөр байгаад оёдолчны хуваарь аваад гараад ирлээ дээ. Сургууль даяар л бөөн яриа боллоо шүү. "Дээд сургуулийн хуваарь авах ёстой охид ТМС-д орчихлоо” гээд л. Харамсалтай нь миний ээлж болоход ах маань дагаад орчихов оо. Ангийн багш л гэр орныхонд маань хэл хүргэж амжсан байж. Ингээд захирлын өмнө ахтайгаа хэрэлдэж, уйлж унжин бөөн юм болсон доо. Ах маань намайг чихдэж байгаад нөгөө оёдолчны хуваарийг авахуулалгүй өнгөрөөж дөнгөсөн юм. Намайг уйлаад, өөр дээд сургуулийн хуваарь руу харах ч үгүй байсанд аргагүйдэхдээ миний өмнөөс шийдвэр гарган: ТМС-д орсноос ядаж коллежид сур, алсдаа мэргэжилдээ дуртай болохоороо ахиж дэвшээд дээд сургуульд орчихно” гэж загнаад ганцхан ирсэн байсан бага ангийн багшийн хуваарь л илүү содон харагдсан бололтой, эргэлзэлгүй аваад гараад ирлээ дээ. Ингээд л би тангараг няцсан урвагчийн дүрд очиж, хоёр найз маань хамтдаа яваад өгсөн хэрэг.

Гэхдээ тэд маань надад уурлаагүй ээ. Бүхнийг нүдээрээ харсан тул намайг даруй уучилсан. Хагацан салж үзээгүй хоёр найзыгаа явуулчихаад би ихэд гуньж гансарч суусан нь мэдээж ээ.

Баадай бид хоёрыг яваад очиход тэд маань бөөн баяр болов доо. Найзууд маань дотуур байранд амьдарч, оюутны цалин авч, моодны даашинз оёж сурсан төдийгүй, өөрсдөөс нь хэдхэн насаар эгч бүсгүйтэй буюу ангийнхаа багштай үерхэн зиндаархаж, яг л том хүн шиг болцгоосон байлаа.  Багштайгаа үерхдэг гэдгийг нь сонсоод би үнэн атаархав.

Тэд маань Баадай бид хоёрыг ирэх сургаар өчнөөн их юм бэлдэж амжжээ.найзуудын маань ангийн багш болох, Улаанбаатараас Эрдэнэтэд уригдан ажиллахаар шилжиж ирээд удаагүй байсан, хорин гуравхан настай залуухан тэр эмэгтэй гурван өрөө байрныхаа түлхүүрийг шавь охиддоо орхиод, шинэ жилийг ээж аавтайгаа өнгөрүүлэхээр нийслэл рүү яваад өгчээ.

Хоёр найз маань биднийг галт тэрэгний буудал дээр дуу шуу болон угтан аваад шууд л шинэ жилийн үдэшлэгийн айхтар урт төлөвлөгөөгөө танилцуулж эхэллээ. Арван хоёрдугаар сарын хорин найман байсан юм. Битүү цастай, нүд гялбасан цав цагаан өдөр, хоёр найзтайгаа хөтлөлцөн, тасралтгүй инээлдэн бөөн хөөр хөгжөөн болсон гурван амьтан Эрдэнэтийн гудамжаар өдөржин алхав. Тэд маань ам хуурайгүй ярьж, бас миний тухай асууцгаана. Баадай хулигаан харин найз охидыг аминчлан шивнэлдэх зайлшгүй эрх чөлөөтэй нь орхиод, Эрдэнэтийн хулигаануудтай танилцахаар ч юм уу, бүү мэд, хаа нэг тийш алга болоод өгөв өө. Ингэхэд би чамд хоёр найзынхаа тухай тодорхой ярихаа мартчихаж шүү дээ. Уртаа, Баянаа хоёр маань их сайхан охид. Сайн ч охид. Толгой сайтай тул хичээл номдоо гаргууд, хэн хэн нь төлөвхөн зантай, зөв хүмүүжилтэй, эгэл сэхээтэн айлын хүүхдүүд. Гэхдээ Уртаа нь царайлаг хөөрхөнөөрөө манай сургууль дээр төдийгүй хотдоо алдартай нэгэн байлаа л даа. Баянаа бид хоёр ч яахав, царай зүсээр бол жирийн л охид явсан. Уртаагийн араас бол хөвгүүд ёстой хөлөө хугалчих гээл гүйнэ шүү дээ. Бидний найз гэдгийг мэдэх хөвгүүд Уртаад ойртохын тулд надад долигнодог байв аа. Бэлэг сэлт өгөөд л, тал засаад л, бараг миний "суу гэсэн газар сууж, бос гэсэн газар босох” нь холгүй гүйдэгсэн, зарим нь хөөрхий надад л таалагдчих юм бол Уртаатай үерхчихнэ гэсэн горьдлоготой хөвгүүд манай үүдээр эргэлдэн, Баадайд маань заамдуулан, хөөгдөөд буцна шүү дээ. Баадай чинь миний бие хамгаалагч байхгүй юу. Би яахав Уртаагаа танилцуулна гэж амлачихаад л өнөө хөвгүүдээр нь шоколад чихэр зөөлгөсөн шигээ томорч суухаа мэдэлгүй дээ. Эрдэнэтэд ч мөн адил, Уртаа маань бөөн шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ.

-Өнөө орой цөмөөрөө зад ёолкдоно оо. Багшийн гэр бүрэн бидний мэдэлд. Урд шөнөжингөө бид хоёр гацуур модыг нь чимэглэж, чамд таалагдахуйц гоё болгох гэж аймаар хичээлээ. Чиний санаанд ямар хэр баргийн юм таарах биш дээ. Гэхдээ л бид хоёр аймаар гоё болгосон шүү. Үүдний өрөөнөөс эхлээд гал зуух, жорлон, бүр тагтыг хүртэл битүү чимэглэсэн. Гацуур модон дээр нь шоколадан өвгөн арван нэгийг олж өлгөсөн гээд л бод. Гэхдээ хөөе, хөөе чи идэлгүй ядаж хоёр хоног тэснэ шүү, за. Буцахад чинь бүгдийг нь чамд өгөх гэж байгаа юм. Өнөө орой бид гурав дээр Уртаагийн шинэ найзууд ирнэ, нэг нь эндэхийн их том даргын хүү гэсэн, баян айлын хүүхэд ээ тэр, аягүй бол маниуст бэлэг гээд бөөн шоколад авчрах биз гэж Баянаа дуржигнууллаа. Оюутан болчихсон атлаа, гаднаасаа бол дэгжин том хүүхнүүд шиг харагдах хэрнээ л тэд маань урьдын адил, нялхаараа зүйлсийг ярьцгаав.  Шинэ жил ийнхүү эхэллээ. Миний хамгийн дуртай баяр. Дуртай энэ баяраас минь л бүх юм эхэлсэн дээ.

Залуухан багшийн гэр үнэхээр цэвэрхэн, бас сонирхолтой байлаа. охид ч үнэхээр их хичээжээ. Цонхон дээр нь үнсэлцэж байгаа хосын зураг зурж, угаалгын өрөөний толийг хүртэл саагаар чимэглэн, уруулын будгаар Happy New Year гэж палийтал биччихэж. Тэр үед ховортоо тооцогдон, огт олддоггүй асан Модерн Токинг хамтлагийн пянз л гэхэд тэдний гэрт ном шиг л өрөөтэй байсан нь миний бахдал бишрэлийг төрүүлэв. Бид толины өмнө эргэлдэж, нэгнийхээ үсийг буржийлган, янз бүрээр самнаж, өдөржин аальгүйтэн хөхрөлдлөө. Арван зургаан цагийн үед ширээгээ засаж дөнгөж дуусаад байтал үүд тогшив. Би амаараа дүүрэн амттан чихчихсэн чигээрээ ганц харайгаад л үүдэн дээр оччихсон сон.

Харин... харин хаалга нээнгүүтээ гайхаж ухраад, бантсандаа хахаж цацан нүдний булай болж билээ. Учир нь хаалганы цаана хүүхдүүд биш, ханхайсан дөрвөн залуу зогсож байх нь тэр ээ.

-Сайн уу? гэж тэд намайг хармагцаа хэсэг зуур гайхан ширтсэнээ, цэргүүд шиг нэгэн зэрэг чанга хэлэв. Би толгой дохичихоод, гарынхаа араар амаа арчмагц буцаад гүйчихлээ. Найз охидын минь найзууд бодсоноос хамаагүй том эрчүүл байсан нь намайг айлгачихсан хэрэг.

Бараг арваад хормын дараа хоёр найзаараа чихдүүлэх нь холгүй чирүүлсээр том өрөөнд халгасхийн явж ороход тэд ширээний ард зэрэгцээд суучихсан, нэг л тулгамдсан шинжтэй, дуулгавартай хүлээцгээж байсансан. Би цаанаа л дургүй, биеэ барин явсаар ширээний захад очиж суулаа. Тэд дөрвүүлээ над руу цоо ширтэв.

-За манай найз охинтой танилц! гэж Уртаа маань нүүрэмгий хэлээд , инээмээр юу ч болоогүй байхад аальгүйтэн тас тас хөхрөв. Хэвийн байдалдаа орох гэж би мөн ч удсан даа. Дөрвийн дөрвөн танихгүй ах өөдөөс ширтээд байхад ямар охин тайван сууж чадах билээ. Хөвгүүд нэрээ хэлэн нэг нэгээрээ надтай гар барьцгаав.

Анхны харцаар ирдэг дурлалд чи итгэдэг үү? Эгч нь итгэдэг юм. Тэгэхэд... Тэгэхэд л би түүнийг олж харсан даа. Нилээн тайвширсныхаа дараа зориг орон , түгшсэн, гайхсан нүдээр хөвгүүдийг сэм ажиглан харав. Дөрвүүлээ адилхан өндөртэй, тамирчин маягийн чийрэг өсгөлүүн биетэй, бас их цэвэрхэн царайтай залуус байлаа. Уг нь бол ч бид чацуу юм билээ л дээ. Тамирчид болохоороо анх их том харагдсан юмсанж. " Дөрвүүлээ усан спортоор хичээллэдэг юм. Их мундаг сэлдэг” гэж Баянаа шивнэлээ. Эрдэнэтийн усан бассейн социализмын үед их ч алдартай байсан даа.

Би яагаад ч юм бэ, цагаан царайтай, эм хүнийх шиг цэвэрхэн гартай, ээжийн эрх хөвгүүдэд дургүй юм. Тэд эхэндээ тийм л хөвгүүд шиг харагдав. Харин тэр маань... Тэр бусдаасаа юугаараа ч юм бэ, нэг л өөр... Өөр байсан даа. Эрх хөвгүүний гэхээсээ төрөлхийн болов уу гэмээр цонхигор царайтай, юм бүхнээс хол, нэг л ганцаардмал шинжийн бардам төрхтэй ч нэвт шувт ширтсэн зоримог хар нүдтэй хүү байлаа. Тиймээ, нүд нь... Нүд нь л надад маш их таалагдаж билээ. Анх харангуут.

Уртаад дурлаад, араас нь гүйх болсон гэх, өнөө яриад байсан, том даргын эрх хөвгүүн найзуудаа дагуулан ирсэн нь энэ. Гэхдээ тэдний царай зүсийг би одоо бараг л мартжээ. Харин нэгнийх нь тухай, тэр хүүгийн тухай л ямагт, одоо ч гэсэн боддог юм даа. Үнэхээр хөгжилтэй байсандаа тэр орой. Гурван охин, дөрвөн хүү... Бид бүжиглэж, хамтдаа дуулж, бас дараа нь Уртаагийн залуугийн бодож олсон аальгүйтсэн тоглоомоор тоглоцгоов. Тэгээд ядраад ширээний ард чив чимээгүй сууцгаан, инээд алдах хүртлээ ширтэлцэнэ. Гэхдээ хэн хэн нь их хүмүүжилтэй хүүхдүүд явжээ, үнсэлцэх зэргийн юм бол зүүдэнд ч ордоггүй байж. Хөөрхий бүжиглэж байхдаа л санаатай, санаандгүй шүргэлцэхээс хэтрэхгүй. Миний онцолж харсан тэр хүү намайг анх том өрөөнд орж ирж суусан цагаас л нүд салгалгүй ширтсэн юм. Би түүнд таалагдаж байгаагаа шууд л мэдэрсэн. Хамгийн, хамгийн, хамгийн хачирхалтай нь хөвгүүдтэй яг л хөвгүүн шиг харьцаад сурчихсан би тэгэхэд анх удаа өөрийгөө нэг л өөр байгааг мэдрээтэхэв. Ямагт ичиж нүүр байтугай гар хуруу хүртэл улайж, юунд ч юм бэ баярлан догдлоод, сандарч тэвдэн дэрвэлзээд эхэллээ дээ. Сэрээгээ алдаж унаган, аягатай ундаагаа цалгиулж асган, бялуу зүсэн тараахдаа хольж солин, будилж гүйцэв. Уг нь ч энэ тухай надаас өөр хүн анзаарсан юмгүй мэт байсан л даа. Гэвч би тийн бойтоглох бүртээ өөрийгөө гайхан дотроо эгдүүцэж, газрын гаваар орчихмоор санагдаж байв. Ер нь бол тэр хүү ч надад таалагдаад байгааг ойлгох гэж их л удсан даа. Таалагдахаар барахгүй түүнд ихээр татагдаж байгаагаа гэнэт мэдэрсэн. Бид харц тулгарах бүрийд би сандран дальдравч ахиад л түүн рүү харчихаад болохгүй байв. Тэгээд өөрөөсөө ичиж, өөртөө уур хүрэн, бухимдана.

Хүү намайг цоо ширтэнэ, ширтэх ширтэхдээ бүр энэ хорвоо дээр биднээс өөр хэн ч үгүй юм шиг тийм л дотно, балмагдам шууд бүх биеийг цоо хатгаад байна уу гэлтэй зүрх цочирдом илэн далангүй харцаар халуу оргитол нэвт шувт ширтэнэ. Найзууд нь түүнийг хэдийнээ мэдчихээд шоолж тохуурхах янзтай үг чулуудсан ч тэр огт тоосонгүй. Юу ч ярилгүйгээр, тэр байтугай ямар нэг илүү хөдөлгөөн хийлгүйгээр, зүгээр л намайг хараад... хараад л суугаад байж билээ.

Нас биед хүрч, хожим жинхэнэ эмэгтэй хүн болсон хойноо эгч нь олон хайрын харцтай тулгарч явсан. Гэхдээ тэр хүүгийнх шиг зоригтой, тэр хүүгийнх шиг илэн далангүй, тэр хүүгийнх шиг бүхнийг шуудхан ярьсан, бас тэгтэл бахдан биширсэн харцтай ахин ер тулгарч байгаагүй санагддаг юм. Хүүгийн харцнаас би тэр яг л над шиг хүн болохыг нь, тиймээ, тийм, яг над шиг бусдад дурлан татагдаж яваагүйг олж мэдсэн. Тэгээд бас яг тэгэхэд л, нээрэн шүү анх удаа л хэн нэгэн эмэгтэй хүнд, тиймээ тийм, тэр нь мэдээж би шүү дээ, надад анх удаа, гэхдээ бүр анхны харцаар дурлачихаад байгааг нь догдлон догдлон мэдэрсэн билээ.

Би бялуу идэж, жимсний шүүс ууж, хөгжим чагнаж суусан ч үнэндээ бол юу ч идэхгүй, юу ч уухгүй, юу ч сонсож чадахгүй байсан юм. Зөвхөн түүний тухай бодож, түүний харцыг уншихаар оролдож, түүний өчүүхэн төдий хөдөлгөөнийг ч арьс махаараа мэдэрч суулаа. Би харцаа буруулан тонгойх үедээ ч тэр хүүгийн харцтай тулгарч, арагшаа эргээд найз охидтойгоо ярьж байхдаа ч түүний харцанд шаттал төөнүүлж суусан. Миний бүхий л бие, мөр, гар, хүзүү, үс, уруул түүний нүдээр дүүрч, би нэгэн бүхэл цул юм биш, саланги саланги эд эрхтнүүд болчихсон ч юм шиг, суугаа чигээрээ жингүйдээд,сандал дээрээ хөвөөд ч байх шиг санагдана. Дурласан эр хүний нүдэнд ээрүүлж суугаа бүсгүй хүн юу мэдэрдэг гээч? Өөрийгөө, жинхэнэ дотоод хүнээ, төрөлх эм шинжээ бүхлээр нь мэдэрдэг юм. Тэр үдэш би анх удаа л өөрийгөө аятай сайхан охин мэтээр мэдрэв. Миний үс урьдынхаасаа хар болчих шиг. Миний арьс гар хүрэхийн аргагүй булбарай зөөлөн болчих шиг. Миний дуу хоолой хачин намуун уянгалаад ч байх шиг. Гэхдээ л инээмээр үедээ инээж чадахгүй, энэ айхтар харцнаас зугтаад өөр өрөө рүү орчихъё гэвч босоод явчихаж чадахгүй л байлаа. Балмагдаж сандраад, баярлаж догдлоод ийн чулуу шиг болчихсон намайг харин найз охид маань тэс өөрөөр ойлгочихов. " Чи өнөөдөр яагаад ийм хачин байгаа юм бэ? Замдаа унтаж чадаагүй болохоор ядраад байна уу?” гэж Уртаа асуув. " Чамд энэ залуучууд таалагдахгүй байна уу, гарцгаах уу эндээс, тарах уу?” гэж Баянаа мөн шивнэв. Харин би хаашаа ч гармааргүй, хаашаа ч явмааргүй, яг ингээд, энэ байранд, энэ өрөөний энэ л ширээний ард, энэ үл таних хүүтэй хамт ингээд суугаад баймаар, үүрд суугаад баймаар байлаа. Найзууд хүний сэтгэлийн тал гэж ярьдаг, заримдаа ч шал худал шүү, тиймээ? Өчнөөн олон жил найзалчихаад охид намайг мэдэрч чадахгүй л байгааг нь би гайхаж суув. Надад хэн нэгэн нь анхны харцаар дурлаж би бас мөнөөхөн хэн нэгэнд нь анхны харцаар дурлачихаад байгааг миний хамгийн хоёр сайн найз ухаарсан янзгүй. Харин мөнөөхөн хүүгийн найзууд аяархан инээлдэж, хүүг ёворч, чихэнд нь ямар нэгэн үг шивнэн над руу учиртайхан харцгаана. Гэвч тэр огт хөдөлсөнгүй. Хачин зоримог, халдахын аргагүй цэх бардам, айдас хүрэм үл ойлгогдошгүй төрхтэй тэр хүү яг өөдөөс нь харж суусан охиныг биш (Баянаа тэр хоёрын сандал эсрэгцэж таарсан юм) түүний хажууд суугаа, мэдэхгүй хотоос ирсэн, огт танихгүй охиныг л ширтээд суугаад байсан даа. Би анх удаа өөрийн гадаад байдал, гоёл зүүсгэлд санаа зовинон, хувцас чимгээ голов. Эгчийн энэ даашинз энгэрээрээ арай задгай ч юм шиг, бэлхүүсээрээ хэтэрхий бариун юм шиг гэнэт санагдаад явчихлаа. Бас өвдөг ч хүрэхгүй хэт богинохоныг хэлэх үү. Өөрт минь хэзээ ч таалагдаж байгаагүй, хэтэрхий нарийхан хоёр нүцгэн хөлөө ширээний дор нуун, богино хормойныхоо хоёр талаас байдгаар нь чангаан доошлуулж суув. Уг нь бол сууж байсан тул тэр даашинзны хормой сэлт ер харагдахааргүй л байсан л даа. Гэвч би хормойноосоо л татан зуураад байснаа сайн санадаг юм. Уртаа маань намайг хөөрхөн болгох гэж хэрдээ хичээж , оройжин толины өмнө суулгасны эцэст үсийг минь буржийлгаад, том хүүхнийх шиг овоолон, яг орой дээр нь шуучихсан юм. Тиймээс хүзүү минь галууных шиг л сунаад явчих шиг санагдахад би ичин бөхийж, бас хамаг цээж хүзүүгээр салхи сийгэн, даарах шиг ч болно. Ширээн доор нуусан, будаггүй хумстай гараараа хормойгоо урчих шахуу тас атган, учиргүй зулгаан байхдаа "Ээмэг зүүдэг байж, үгүй ээ зүүгээгүй нь зөв болж, ээмэг зүүдэг байж, зүүгээгүй нь л хамаагүй дээр дээ” гэсэн хачин зөрүү бодлыг сэтгэлдээ дэмий бувтнаж, ухаан санаандаа тойвтой төвлөрсөн юм санаж төсөөлж чадахгүй суулаа.

Тэгтэл...

Гэнэт нөгөө, үггүй ширтсэн, цоргисон харц дулаан оргиод явчихыг мэдэрлээ. " Хөшөө хүү” амилж хэлд орох нь тэр ээ. "Чи даараагүй биз?” гэж хүү санаанд оромгүй аяархан дуугаар гэнэт асуув.

Өрөөнд ялаа ниссэн ч дуулдахаар чимээгүй болж, бүгд бид хоёр руу зэрэг харах нь тэр шүү. Хөшөөний гэнэтийн "амилалтанд” гайхсандаа, бас асуусан олон харцанд тэвдсэндээ би амандаа бувтнаж байсан үгээ хэлээд тавьчихав.

-Ээмэг...

Хүүхдүүд гайхсандаа бүр ч чимээгүй болов. Би бантан хэсэг зуур час улайн бөглөрснөө, гэнэт тэнэг юм шиг инээчихээд” Чи даараа юу? Энд халуун байна шүү дээ” гэчихэв ээ.

"Ээ ээж минь юу гээд хэлчихэв ээ” хэмээн хэлж дуусангуутаа л палхийн, аврал эрсэн шинжтэй ийш тийшээ бүлтгэнэн хартал, ашгүй нүүрэмгий бяцхан Уртаа маань намайг өөрөө ч мэдэлгүй аварч , эвгүй тэр хормыг оргүй арилтал хөгжилтэй чанга инээлээ. Би тайвшран арай гэж сэхээ ортол Уртаа над руу дөхөн ирж, ар нуруугаар минь тэвэрснээ " Өө чи чинь ээмгээ зүүгээгүй байна шүү дээ, мартчихсан уу, мангараа? Хүн сануулаад байхад чинь дээ... Гэхдээ зүгээрээ, ээмэггүй ч гэсэн манай найз охин хөөрхөн л харагдаж байгаа байгаа биз дээ?” гэдэг байгаа. Хөвгүүд инээмсэглэн, дэмжсэн шинжтэй ам амандаа шуугилдаад явчихав. " Ээмэг байтугай энэ хүзүүний зүүлтгүй байсан ч танай найз хөөрхөн л харагдана” гэж нэг нь жоготой хэлээд инээлээ.

"Хүзүүний зүүлт байтугай гуталгүй байсан ч хөөрхөн л харагдана” гэж нөгөө нь тэгтэл ам дагуулан хошигнодог байгаа. Бөөн хөхрөлдөөн дундуур " Гутал байтугай палаажгүй байсан ч танай найз хөөрхөн л харагдана” гэж гурав дахь нь цаашлууллаа. Ингээд өрөөнд чих дүлийрэм их дуу чимээтэй болж, архи биш шар айраг хийсэн хундагануудаа жингэнэтэл бараг хагартал чанга чанга тулгах хүүхдүүд гэнэт хөөрцгөөгөөд, цааш ахиулан, явуулан шүлэглэж гарлаа.

Би үхтэлээ ичиж чичирсэн гараараа ээмэггүй чихээ имрэн доош харж сууснаа зориглон дээш хартал тэр л ганцаараа инээхгүй, гэхдээ яг урьдынх шигээ тас ширтсээр л байгаа үзэгдсэнд бүр ч сандарч орхив. Цаашид ингээд л, энэ айхтар харцанд ээрүүлэн, гэмтэн шиг бөнжигнөн чичирч сууж тэсэхгүйгээ гэнэт ойлголоо. Ухасхийн босоод угаалгын өрөө рүү гүйхээрээ явж очив. Халуу шатаж улайсан хүзүү, нүүрээ хүйтэн усаар булхаж булхчихаад толинд хартал өнөө айхтар будаг шунх маань юу ч үгүй урсаад арилчихсаныг үзэн, цочин дуу алдав аа. Тэгээд хэсэг бодол болон сууснаа ахин будахгүй байхаар шийдлээ. Хэрхэхээ мэдэхгүй хэсэгтээ л догдолж, юунд ч юм бэ түгшиж, ийн сууж суучихаад эцэстээ овоо тайвшрав. Гэвч ингээд л суугаад байж болохгүйгээ ухаарсан тул тэндээс гарахаар дургүйхэн шиг түгжээгээ мулталлаа. Харин угаалгын өрөөний хаалга нээнгүүтээ харсан юм бол... Тиймээ мэдээж түүний минь царай. Бид мөргөлдөх дөхсөндөө аяархан дуу алдаад, хэн хэн нь сандран алхам ухарцгаав. Торонд орсон шувуу шиг болсон зүрхнийхээ аймшигт түгшүүрт цохилооныг мэдрэн хэрхэхээ мэдэхгүй нам зогсоно. "Үг хэлэх үү? Ингээд зөрөөд явчих уу? Хэллээ гэхэд юу хэлэх вэ?” Яах ийхээ мэдэхгүйдээ би тэвдэн хэсэг зуур таг зогсов. Гэвч гарцаагүй байдалд орсон хүнд ч аврах гарц үзэгддэг нь сайхан хэрэг юм шүү. Өнөөх маань ашгүй түрүүлж ам нээлээ.

-Будаггүй үедээ чи илүү хөөрхөн юм.

Ингэж хэлэхдээ түүний хоолой чичрэх шиг санагдав. Би ч чичрээд явчихлаа. Юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг түгдэчсэнээ, зориглон байж инээмсэглээд " Сая харин мартаад угаачихлаа” гэж аль болох тайван хэлсэн ч эгцлэн харж чадсангүй тонгойлоо. Гэнэт урд минь зогсож байсан хөл чимээ имээгүй нэг алхам наашлав. Бид хоёрын хооронд маш бага зай үлдлээ.Би дээш харахаасаа айн зогссоор. Хөшиж орхиод ухарч ч чадсангүй. Тэгтэл санаанд оромгүй юм болж, тэр хүү гараа явуулаад,сая нүүр угааж байхад боолтноосоо сугаран гарсан туг үсийг минь ихэд болгоомжтойгоор чихний ард хийж өгөв. Миний зүрх эгээтэй л зогсчихсонгүй. "Ээж ээ, сая юу болчихов оо”

Би тэрүүхэн зуур час улайсан ч, хамаг хүч тэнхээгээ шавхан байж, бөхийсөн толгойгоо эгцлээд, гэхдээ харцаа дээшлүүлэлгүйгээр " Баярлалаа” гэж аяархан хэлэв. Тэгээд хажуугаар нь зөрөхөөр баруун тийш алхтал тэр намайг даган баруун тийш алхаад ахиад л зам халхалчихдаг байгаа. Би гайхаж сая толгойгоо эгцлэн нүд рүү нь харлаа.

Хоёулаа тийшээ ороод яах юм бэ, энэ өрөөнд жаахан ярьж сууя, тэгэх үү? гэж тэр маш аяархан хэлэв. "Үгүй шүү, танихгүй хүүхэдтэй надад ярих юм байхгүй” гэж би хэлэх ёстой байв.

Урьд нь бол тэгэж л хэлэх байсан. Ер нь ч ямагт тэгж л хэлдэг охин байсан. Гэвч энэ удаа дээрх үгс миний үгийн сангаас хэдийнээ хулжин оджээ. Нэг л мэдэхэд би түүнд хөтлүүлчихсэн жижиг өрөө рүү орж байв шүү. Бид өөд өөдөөсөө харан суулаа. Ямар ямар хөдөлгөөн хийсэн, яаж тэр сандал дээр очоод суучихсанаа ер санадаггүй юм. Нэг л мэдэхэд түүний өөдөөс хараад сууж байсан даа. Харин энэ удаа тэр цоо ширтсэнгүй., өөрөө бөхийн харцаа нуусан байлаа.

-Чи хэзээ буцах вэ? гэж тэр нэг л сонин болгоомжлонгүй янзаар асуулаа. Маргааш өглөө гээд би хоолойгоо заслаа. Тэр сэртэсхийн над руу харахдаа дороо өндөсхийв.

Маргааш уу даа?  дөнгөж өнөөдөр ирчихээд үү гэж хэлэхдээ түүний дуу мэдэгдэм цахиртаад явчихлаа.

-Аав надад гуравхан хоногийн чөлөө өгсөн. Ирэх буцахдаа галт тэргэнд хоёр өдөр, энд харин нэг өдөр. Ингээд л боллоо...гэж би хөгжилтэй байдлаар хэлэхийг хичээхдээ өөрөө ч дотроо харамсч байгаагаа мэдрэв.

-Гуравхан хоног гэж тэр харамсангуй шивнэлээ. -Харин тийм гуравхан, гэж би давтан хэллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх