Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээж, төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ бодит орлогыг өсгөх амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж байгааг тэрбээр танилцуулгын эхэнд тэмдэглэлээ. 

    Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилд 6.3 хувьд хүрсэн бөгөөд ирэх 2019 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрнэ гэж төсөөлж  байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 5 их наяд 698 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өр, зээлийг төлж барагдуулжээ. Түүнчлэн улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байсан өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаас гаргахгүйгээр санхүү, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлснээр хүүгийн дарамтыг 285 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. 

Монгол Улсын Засгийн газар ирэх онд эдийн засгийг тогтворжуулан төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн "Цахим, ил тод, үр ашигтай” бодлогыг төлөвлөн, дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр танилцуулж буйгаа Ерөнхий сайд хэллээ. Үүнд:

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

 

1. Гаалийн шинэчлэлийг эхлүүлнэ: Экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж байгалийн баялгаас авах татвараа бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлнэ. Шинэчлэлийн хүрээнд экспортоор гарч буй байгалийн баялгийг тээврийн хэрэгсэл бүрээр нарийвчлан шинжлэх, хилийн боомтуудыг өндөр хүчин чадал бүхий рентген тоног төхөөрөмжөөр хангах, гаалийн лабораторийн үйлчилгээг цахимжуулах, хилийн боомтуудыг теле хяналтын нэгдсэн системд холбон шуурхай удирдлагаар хангах ажлыг эхлүүлнэ.

2. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ: Бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, татварын суурийг өргөтгөх зорилгоор Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй татварын хуулийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцсон.

3. Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг   нэмэгдүүлнэ:  Засгийн газар 2019 онд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 720.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа. Тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 421.5 мянган өндөр настан, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа 135.0 мянган хүн, цалин хөлсний нэмэгдэлд 185.0 мянган төрийн албан хаагч  хамрагдана. 

4. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно: Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах сонирхлыг урамшуулан дэмжих зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа 39.0 мянган суралцагч тус бүрд сар тутамд  100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тооцлоо. Энэ арга хэмжээнд ирэх 2019 онд шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгав.

5. Цахим технологийн дэвшлээр дамжуулж төрийн үйлчилгээнд зарцуулсан төсвийг ил тод, хяналттай болгоно: Техник технологийн дэвшлийг ашиглан төсвийн зарцуулалтын үр ашиг болон  хяналтыг сайжруулж, төрийн чиг үүргийг иргэдэд илүү үр дүнтэй, үр ашигтай байдлаар хүргэнэ. Төрийн албан хаагчдыг бүртгэлжүүлж төсвийн байгууллагын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, гүйцэтгэлийг цахимжуулах замаар төсвийн урсгал зардлын багагүй хувийг эзэлдэг цалин хөлс, нийгмийн баталгааны зардлын хяналтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

6. Сум, өрхийн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгоно: Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж шаардагдах эх үүсвэрийг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ суманд хэрэгжиж, улмаар аймаг, нийслэл рүү чиглэсэн урсгал багасна.

7. Эмнэлгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн санхүү, удирдлагын хувьд бие даалгах ажлыг эхлүүлнэ: Эмнэлгийн бие даасан байдлыг хангах замаар тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг бие даалгаж үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож санхүүжүүлнэ. Үүний үр дүнд эмнэлэг төсвийн менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, зардлын үр ашиг сайжирч өрсөлдөх чадвартай болно.

8. Агаар орчны бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: Ирэх онд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд нийт 193.1 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгалаа. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүрэг, давхардлыг арилгаж ажлын уялдаа холбоог сайжруулна.

9. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ: 2019 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг, үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэхэд 752.0 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцлоо. Ингэснээр 2019 онд нийт 117 сургууль, нийт 143 цэцэрлэг, нийт 34 дотуур байр, нийт 61 эмнэлэг, нийт 52 соёлын төв, нийт 37 спорт заал, нийт 50 улсын болон орон нутгийн замын ажил, нийт 13 гүүрний байгууламжийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд 36 ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга болон өргөтгөлийг ашиглалтад оруулахаар тооцож, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн төсөлд тусгаад байна.

10. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ: Засгийн газраас бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 189 тэрбум төгрөгийг аймаг тус бүрд 8-10 тэрбум төгрөг байхаар тооцон Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор тусгалаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт олгох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 2018 оноос 62 хувиар нэмэгдүүлж 144 тэрбум төгрөгт хүргэв.

11. Орлоготой нь уялдуулсан зардлын төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлнэ: Улсын төсөвт төвлөрч байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн 30 хувь, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн орлогын 50 хувь нийт 33 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт хуваарилна. Ингэснээр орон нутаг бие даан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

12. Өөрийн хөрөнгийн ашиглалт, урсгал зардлын үр ашгийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа өөрийн өмчөө арчилж тордох, зөв зохистой удирдах замаар ашиглалтын зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх хөшүүргийг бий болгох зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын  сургууль, хүүхдийн цэцэрлэг, сумын эрүүл мэндийн төв, хүүхэд хамгааллын байгууллага, газрын харилцааны алба зэрэг байгууллагын байр ашиглалтын зардлыг орон нутагт хариуцуулна. Мөн эдгээр объектийн ашиглалтад шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвийн суурь зардалд нэмж олгоно.

13. Малыг эрүүлжүүлэхэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлнэ: Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар гадаад зах зээлд хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд мал сүргийг эмчлэх, эрүүлжүүлэх зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ. 

14. Ирээдүй хойч үедээ зориулсан хуримтлал бий болгоно: 2019 онд Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн 1.1 их наяд төгрөгийн өрийг Ирээдүйн өв сангийн орлогоос барагдуулж 553.1 тэрбум төгрөгийг хуримтлуулна. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж байна.

15. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг бууруулна: Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт орлогыг 2018 оноос 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.1 их наяд төгрөг, нийт зарлагыг 2018 оноос 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.6 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1.9 их наяд төгрөг байхаар тооцсон гэв. 

Төсвийн алдагдал 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний -8.0 хувьтай тэнцэж байсан бол ирэх онд -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгагдсан нөхцөл шаардлагуудыг бүрэн хангахаар байгааг Ерөнхий сайд танилцууллаа. 

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Д.Хаянхярваа нар асуулт асууж, тодруулав. Гишүүдийн зүгээс төрийн албыг оновчтой зохион байгуулж, төсөв хэмнэх, төсвийн хуваарилалтаас болж он дамжин баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгуудын талаар, хөрөнгө оруулалтын ажлын явц, төсөв батлагдсан хэдий ч цаг хугацаандаа тендэр, сонгон шалгаруулалтаа зарлаагүйгээс үүдсэн хохирол, хариуцлагыг хэрхэх, мал аж ахуйн салбарын эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, төрөөс энэ чиглэлд баримтлах бодлогын талаар тодруулж, хариулт авлаа. Ирэх оны төсвийн төсөл нь Монгол Улсын төсвийн хэмжээ 10 их наяд төгрөгт хүрч байгаагаараа онцлогтойг гишүүд тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд Засгийн газар эдийн засаг, төсөв санхүүгийн хатуу, оновчтой бодлогыг үр ашигтай хэрэгжүүлсний үр дүн гэж үзэж буйгаа хэллээ. 

   Төсвийн төслийн боловсруулалтын талаар тодруулсан гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, иргэдийн татвараас бүрдэж буй төсвийн төлөвлөлт, зарцуулалт дэлгэрэнгүй, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлж буйг танилцуулсан. Мөн төсвийн сахилга батыг сахиулахад анхаарч, төсвийн төлөвлөлтийг хариуцлагатайгаар хийж, тодотгол хийгээгүй гэдгийг онцоллоо. 2018 онд 636 төсөл арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 597 төсөл арга хэмжээний тендэр зарлагдан, сонгон шалгаруулалт хийгдэж гүйцэтгэгчийг сонгоод байгаа гэв. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үед 30 орчим хувьтай байсан аж. Мөн тэрбээр зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлогын талаар танилцууллаа. Өмнө нь Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч ирсэн нь 4.7 их наяд төгрөгт хүрсэн байсан. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй, Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасыг хүлээгээд суудаг байсан. Сангийн яам төлөвлөсөн хуваарийн дагуу үнэт цаас гаргадаг байсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ байдлыг зогсоож, арилжааны банкууд дээр байсан төсвийн бүх хөрөнгийг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг татаж, Төрийн санд төвлөрүүлсэн. Мөн өндөр хүүтэй зарим зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан. Одоо бол 1.7 их наяд төгрөгийн дотоод өр үлдээд байгаа гэлээ. Дээрх шийдвэр, үйл ажиллагааны үр дүнд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох сонирхол нэмэгдэх нөхцөл бүрдсэн байна. Эдийн засгийн эргэлт идэвхжин, өсөлт энэ оны төгсгөлөөр 7-8 хувьд хүрэх магадлалтай, мөн таван шатлалаар буураад байсан зээлжих зэрэглэлийг энэ онд хоёр удаа нэмэгдүүлсэн гэлээ. 2019 онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэхээр төлөвлөөд байгаагийн хүрээнд мөн тодорхой ажлуудыг төлөвлөөд байгаа аж. 

    Ийнхүү чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх