Г.Идэрцог: Доржзодовын ярьж байгаа шиг АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй

Иргэн Г.Доржзодов аравдугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийхдээ, АТГ-тай холбоотой зарим асуудлыг ярьсан. Тодруулбал, Г.Доржзодов хэлэхдээ, "Би АТГ-аас хүнээр дамжуулж хавтаст хэрэг олж авсан. Түүнд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын худал мэдүүлгээр бүхнийг шийдэж байгаа талаарх материал бий. Хамгийн ноцтой нь би 60 тэрбумын талаар хэд хэдэн удаагийн аудио бичлэгийг сайтад байршуулж, хуулийн байгууллагад нотлох баримт болгож өгсөн. Гэтэл АТГ-аас нотлох баримтад байгаагүй флаш болон гурван ширхэг видео бичлэгийг нэмж шүүхийн шинжилгээний байгууллагад өгсөн байна лээ. Энэ бол нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн ноцтой үйлдэл” гэсэн билээ.  

АТГ өнөөдөр сар бүрийн 25-ны хэвлэлийн бага хурлаа хийх үеэр Г.Доржзодовын ярьсан асуудлын талаар сэтгүүлчид АТГ-ын  мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос асууж тодрууллаа. Мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссархэлэхдээ, "Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй” гэдгийг онцоллоо.

АТГ-ын  мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссар Э.Идэрцог:

-2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан нам, МАХН хоёр субъектээс 60 тэрбумын асуудлаар холбогдох дуу дүрсний бичлэгтэй материалуудыг АТГ болон Цагдаагийн байгууллагад зэрэг хандсан байдаг. Хавсаргаж ирсэн материалыг АТГ хүлээж аваад шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Түүнээс биш Г.Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт анхнаасаа хоёр минут болон 45 минут орчмын хоёр, гурван бичлэгийн асуудал яригдсан. Сүүлдээ 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн  өмнө тухайн бичлэг 90 минут, 162 минут гээд үргэлжлээд явчихсан.

Анхны шинжилгээнд хүргүүлсэн материалууд дээр фото зураг нь гараад доогуур нь хэлж байгаа үг нь текст хэлбэрээр гарч байгааг шүүх шинжилгээний байгууллага эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Сүүлд нь гаргаж ирсэн 162 минутын бичлэгийг хоёр минутад багтааж богиносгосон нь эвлүүлэг байна гэж холбогдох байгууллагууд дүгнэсэн. Түүнээс биш хэн нэгний дуу хоолойг өөрчилсөн, эсвэл  хурал зөвлөгөөнд ярьсан яриануудыг хооронд нь Г.Доржзодов эвлүүлчихлээ гэж ерөөсөө дүгнээгүй. Мөрдөх шалгах ажиллагааны дүгнэлт ч гараагүй. Г.Доржзодовт 162 минутын бичлэгээс өөр шалгуулах зүйл байхгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ мэдүүлсэн байдаг.

Прокурорын хэргийг хаасан тогтоол дээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд хавсаргасан нотлох баримтуудаас харахад тийм уулзалт огт болоогүй байна гэж үзээгүй гэж бичсэн. Мөн тэнд яригдсан асуудалд хэн нэгэн хүнийг яллагчаар татаж шүүхийн шат хүртэл явуулах хууль эрхзүйн орчин тухайн үеийн мөрдөгдөж байсан хуульд байгаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүний ярьсан ярианы төлөө Эрүүгийн хариуцлага хүлээлгэж яллагчдаар татах нотлох баримт хангалттай цугларсангүй гэж прокурорын байгууллага үзээд өөрийн эрхийн дагуу 60 тэрбумын хэргийг хаасан. 60 тэрбумын асуудал буюу нэр бүхий хүмүүсийн яриа 2014 онд болсон гэж яригддаг. Сонгуулийн үед удаа дараа цацагдсан. Сүүлд нэмэгдсэн 162 минутын бичлэг дээрх хүмүүсийн дуу хоолойтой харьцуулах шинжилгээг хийлгэх асуудлаар шинжилгээний хүрээлэнгээс  шинжээч томилохыг холбогдох байгууллагад хандсан. Г.Доржзодовын өчигдөр /2018.10.24/ хурлын үеэр харуулаад байсан гар утас,  таблетыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр хурааж авч үзэхэд дотор нь ямар нэгэн бичлэг мэдээлэл байхгүй байна гэдгийг шинжилгээний байгууллага нотолсон. Тэгэхээр заавал эх хувь нь байх юм бол хүмүүсийн дуу хоолойг нь харьцуулж үзье гэж шүүх  шинжилгээний байгууллага дүгнэсэн. Харин нэр бүх хүмүүсийн гадаадад хийлгүүлсэн шинжилгээгээр бол бичлэг дээр гурван хүний дуу байна. Эх хувийг нь шалгаагүй шүү гэж дурдсан байдаг. Гадаадад хийлгүүлсэн дуу хоолойг шалгах шинжилгээ нь  манай байгууллагаас хийгдээгүй буюу хуулийн  хүрээнд хийгдээгүй учраас нотлох баримтаар үнэлэгдэхгүй.

 Мөн Г.Доржзодов өөрийгөө АТГ-д  шалгуулсан, мөрдөж мөшгүүлсэн гэж ярьсан.  Тийм асуудал огт байхгүй. Өөрөө тоног төхөөрөмж ашиглаж бусдыг мөрдөн мөшгөсөн хэргээр ТЕГ-т шалгагдаж байсан. Харин тэрхүү асуудлыг АТГ-ын үйл ажиллагаа мэт бусдад буруу ойлголт өгсөн. Г.Доржзодовын тухайд ТЕГ-т  2-3 удаа  байцаалт өгсөн ч АТГ-д  байцаалт мэдүүлэг өгөөгүй. Энэ хэрэг асуудлыг хаана шалгах, хэрхэн яаж шийдэх нь бүхэлдээ прокурорын эрх байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг нээх, хаах хүнийг яллагдагчаар татах, харьяаллыг нь тогтоох энэ бүх асуудал прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал. Энэ утгаараа 60 тэрбумын асуудлыг прокуророос сэргээж хэрэг бүртгэлт нээгээд АТГ-д ажлын хэсгийг нь ахлуулаад Цагдаагийн байгууллага, ТЕГ-тай хамтарсан ажлын  хэсэг байгуулан хэргийг анх шалгасан байдаг.  Мөрдөн шалгах байгууллагуудын хийсэн хэрэг бүртгэлийн хэргийг  тухайн үедээ прокурор хаасан. Саяхан хэргийг сэргээгээд урдын ажилласан ажлын хэсэгт даалгаад явж байна. Хамтарсан байгууллагуудын ажлын хэсэг үргэлжлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  ТЕГ дээр голлон дээрх ажиллаа үргэлжилж байна гэж хариуллаа.

Д.ГЭРЭЛТ


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх