"БҮҮ МАРТ"-ЫГ БИТГИЙ МАРТ

 "БҮҮ МАРТ"-ЫГ БИТГИЙ МАРТ

Б.Энэрэл

Монголын Улс төр , нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Мөнхбат агсны ажил амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Бүү Март” киноны уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Дэлхийн түүхэнд анх удаа ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж чадсанаараа Монгол Улс олон улсад жишиг болдог. Тэгвэл энэхүү дэлхийд жишиг болсон үйл явдлыг ухаалгаар шийдэж, зөв гарц гаргалгааг олж харсан хүн нь тухайн үеийн удирдагч Жамбын Батмөнх байсан гэдгийг түүхчид онцлон тэмдэглэсэн нь бий. Монгол Улсад сүүлийн 25 жилийн түүхэнд бүтээгдэж байгаагүй түүхэн киногоор дагнан уран бүтээл хийж буй залуус энэ удаа үзэгч та бүхэнд хуучин нийгмийн сүүлчийн удирдагч Жамбын Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "БҮҮ МАРТ" киног хүргэхэд бэлэн болжээ. Киноны нээлт энэ сарын 15-нд "Hunnu mall"кино театрт болох аж.

"БҮҮ МАРТ" уран сайхны кино түүхэн үйл явдлын нарийн мөрөөр орж, хуучин системийн сүүлчийн удирдагчийн түүхэн үнэнийг үзүүлэхийг зорьсон байна. Энэхүү киног архивын протокол дээр тулгуурлан зохиолыг нь бүтээсэн аж. "БҮҮ МАРТ" түүхэн уран сайхны киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн бол Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь компьютер графикаар бүтээсэн байна. Мөн ОХУ-д зураг авалт хийсэн гэв.

Киноны үйл явдал 1974-1996 оны хоорондох үйл явдлаар өрнөх бөгөөд зохиолч, ерөнхий продюссераар Жамъянгийн Мөнхбат ажилласан байна. Харин ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. "Бүү март" киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүхэн үнэнийг үзэгчдэд хүргэх "БҮҮ МАРТ" түүхэн уран сайхны кинонд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн улсын уран бүтээлчид оролцсоноороо онцлог гэдгийг "Хүмүүн фильм"-ийн уран бүтээлчид хэлж байна.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх