М.Энх-Амар: Хөнгөн үйлдвэр эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй зээл олгох боломжтой

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амартай уулзаж Хөнгөн үйлдвэр эрхлэгчдийг төрөөс ямар байдлаар дэмжиж ажилладаг талаар тодрууллаа.

М.Энх-Амар: Хөнгөн үйлдвэр эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй зээл олгох боломжтой

 


Хөнгөн үйлдвэр эрхлэгчдээ төрөөс яаж дэмждэг вэ?

 -Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гэж УИХ-аас батлагдсан бодлогын баримт бичиг байдаг. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих, Үйлдвэржилт 21, 100, Ноолуур гээд үндэсний хөтөлбөрүүд бий. Түүнчлэн хөнгөн үйлдвэр, ЖДҮ-үүдийг хөгжүүлэх чиглэлээр татварын хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн гааль НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт дэмжлэгүүд, ЖДҮ хөгжүүлэх сан, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлүүд, Жайкагийн хөнгөлөлттэй зээлийн төсөл гэх мэт дэмжлэгүүд байдаг. Дээрээс нь 2016 онд дөрвөн салбарын татварыг 90 хувиар хөнгөлсөн. Энд боловсруулах шатны үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрлэл орж байгаа. Иймэрхүү байдлаар төрийн зүгээс татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлээд орж байгаа. Одоо эмээлтэд баригдаж байгаа аж үйлдвэрийн парк, Налайхад баригдаж байгаа барилгын материалын аж үйлдвэрийн парк хоёр ашиглалтад орчих юм бол энэ салбарт нэлээд өөрчлөлт гарна гэж харж байгаа. Ер нь бол техник эдийн засгийн үндэслэл бүх юм нь гараад бэлэн болчихсон. Одоо дэд бүтцийн ажлыг нь бий болгох ажил хөрөнгө санхүүгийн байдлаас болоод хугацаа алдаад байна.

-Мал аж ахуйн салбараас гарч байгаа түүхий эдийн үнэ өдрөөс өдөрт буурч, үнэ цэнэ ээ алдсаар байна?

-Мал аж ахуйн салбар болон хөдөө аж ахуйн салбараас бэлтгэж байгаа түүхий эд маань анхан шатны боловсруулалт хийгдээд л дийлэнх нь экспортонд гарчихаж байна. Өөрөөр хэлбэл, бид эцсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах шаардлагатай байна. Өөрөө хэлбэл, гадны өндөр технологи, хөрөнгө оруулалт орж ирээд энэ байгаа түүхий эдээр гадныхан өөрсдөө, өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг хангасан үйлдвэрлэлээ эрхлэх боломжийг нь нээж өгөх шаардлагатай байгаа юм. Ингэснээрээ хагас боловсруулагдаад гарч байгаа түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн хийгээд гадагшаа гаргах боломж бүрдэнэ. Мөн мал аж ахуйн салбараас гарч ирж байгаа түүхий эд илүү нэмүү өртөг шингэж, хөрөнгө нь энд үлдэх боломжтой. Уг нь манайд энэ чиглэлийн үйлдвэрүүд байгаа ч бүх түүхий эдээ аваад угаагаад, сүлжээд, нэхээд бэлэн болгох боломж байхгүй, хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм. Үүний улмаас жил бүр 9 мянган тонн ноолуур, 30 мянган тонн ноосны зөвхөн шороо нь Монголд үлдэж байна.

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн гол төлөөлөл болох оёдлын үйлдвэрүүд бас хөнгөн үйлдвэртээ багтдаг. Тэд бүтээгдэхүүн чинь  үнэтэй байна гэхээр "Төрөөс дэмжлэг байхгүй. Банкны өндөр хүүтэй зээл авчихсан болохоор өөр арга байхгүй” гэх хариултыг өгдөг?

-ЖДҮ, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах нэг субъект бол төр. Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрээ дэмжих боломж бол байгаа.  Үүнтэй холбоотой тогтоол 2016 онд гарч байсан. Энэ нь төрийн байгууллагуудад аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих худалдаж авах тухай юм. Мөн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулинд дотоодынхоо үйлдвэрүүдэд давуу байдлыг бий болгох тухай заалтууд байдаг. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байдаг. Тиймээс салбарын зүгээс нэлээн шахаж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд төрийн худалдан авалтаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих аян өрнүүлж байсан. Харин бага хүүтэй зээлийн тухайд бол хөнгөлөлттэй олгогдож байгаа зээлүүд арилжааны банкнаас бага хүүтэй байгаа учраас эрэлт ихтэй байдаг. Тиймээс арилжааны банкны хүүг бууруулах асуудал бас яригдаж байна. Тодруулбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгогдож байгаа зээлийг арилжааны банкаар дамжуулж олгоод зээлийн хүүг нь бууруулж болох юм. Ингэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хүүг бууруулж  1 юм уу 2 хувь болгоод, үүн дээр арилжааны банкууд өөрийнхөө эрсдэлийг даасан хүүгээ нэмээд /3-4 хувь/ 8-аас дотогшоо буюу 5-6 хувийн хүүтэйгээр зээл олгох боломжтой гэж харж байгаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх