Г.Ариунбаатар Марийнский театрт ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ

Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болжээ.

Г.Ариунбаатар Марийнский театрт ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ

 

Хэдийгээр оны өмнө дээрх театрын дотоодын үйл ажиллагаа хурцдаж Г.Ариунбаатар дуучны багшийг театраас хөөх шийдвэр гарахад тэрбээр багшийгаа даган тус театрыг орхих хүслээ илэрхийлж байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.

Энэ тухайгаа Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" гэсэн байв.

Г.Ариунбаатар 2017 онд "BBC Cardiff Singer of the World” уралдааны "Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, "Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм.

Тэрбээр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын "Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн билээ.

Түүнийг өнгөрөгч онд "Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажилласаныг уншигч та мэдэх билээ

Эх сурвалж MNB

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх