Б.Энхтуяа: Уугуул Хүүхдийн театраасаа биш, Драмын театрт тоглосон бүтээлээрээ гавьяат авсан

Д.Баярбилэг

 

Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлчдийн нэг, гавьяат жүжигчин Б.Энхтуяаг "Их хотын иргэн” буландаа урилаа. Б.Энхтуяа эгчийнхХужирбуланд төв замын замын хажууд хоёр давхар хөөрхөн байшинтай. Тэрбээр "Манай Хужирбуланд агаар сайхан шүү дээ” гэсээр биднийг угтсан юм. Их урлагийн төлөө зүтгэсэн он жилүүдийнх нь тухай, их хотын тухай Монгол Улсын гавьяат жүжигчин хатагтай Батлувсангийн Энхтуяатай ийн хөөрөлдлөө.

 

Манай гэр Өндөр хоршооны урдхан, хуучин "Ард” кинотеатрын хашаанд байсан

 

-Та Улаанбаатарын уугуул иргэн үү?

-Би Улаанбаатарын хүн. Тэр үед Өргөн чөлөө гэж нэрлэдэг байлаа. Одоогийн "Тэнгис” кинотеатрын эсрэг талд. Тэнд амины хашаанууд байсан. Өргөн чөлөөний хашаанд байхад чи төрсөн гэж ээж хэлдэг байсан. Харин сүүлд намайг сургуульд ороход, бас Урлагийн сургуульд байхад манайх"Ард” кинотеатрын хашаанд байсан юм.

-Таны багадаа амьдарч байсан Өргөн чөлөө хавь ямархуу газар байв?

-Өргөн чөлөө, түүнээс урагшаагаа одоогийнхоор бол Урт цагаан, Шар дэлгүүр орчим тэр чигээрээ хятадуудын гудамж, зах байсан. Хүнс, бараа гээд юм юм зарна. Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн тоглосон "Хүний мөр” киноны зургийг Шар дэлгүүрийн хажуугийн хятад Шийянз байсан гудамжинд авсан гэдэг юм. Чинбат согтуу шавхай туучаад явдаг тэр хэсгийн зурагт Урт цагаан баригдахаас өмнөх Шар дэлгүүрийн орчмын дүр зураг үлдсэн гэсэн үг. Энд киноны зураг авсан, энэ байшин гардаг энэ тэр гээд хүүхдүүд хоорондоо их ярьдаг байж билээ.

-Машин тэрэг цөөн байсан биз. Автобус унаа хэр хангалттай байсан бэ?

-Унаа тэрэг ч одоогийнхтой адил юм юу байх вэ. Нийтийн тээвэрт чех автобус цөөхөн хэд явна. Би ч гэрээсээ гараад одоогийн энэ Дуурийн театр руу голдуу алхчихдаг байсан.

-Кинотеатрын хашаанд байсан гэхээр танай аав ээж урлагтай холбоотой улс байгаа юу?

-Өндөр хоршооны урдхан талд байх хуучин "Ард” кино театрын дарга нь жүжигчин Т.Цэвээнжав эгчийн нөхөр байсан юм. Кинотеатрын тэр байшинд урлагийн хэд хэдэн газар байсны нэг нь Хүүхэлдэйн театр. Киногоо гаргана, орой нь бүжиг болно, бас хүүхэлдэйн жүжиг тоглуулна. Одоо бодоход нэг байшинд ямар ч олон урлагийн арга хэмжээ болдог байсан юм. Бодвол тодорхой хуваарьтай өдөртэй байсан биз дээ. Манай ээж Хүүхэлдэйн театрт үйлчлэгч болохоор л манай гэр кинотеатрын хашаанд байсан хэрэг. Түүнээс ээж аав, минь урлагийн улс байгаагүй. Аав минь намайг арваадхан настай байхад бурхан болсон учраас би ээжтэйгээ өссөн.

-Та урлагийн сургуульд арвангуравтайдаа орсон гэдэг. Түүнээс өмнө аль сургуулийн сурагч байв?

-Би чинь нэгдүгээр сургуульд орж, алтан номын үсэг сурсан хүн. Тавдугаар ангиа энэ сургуульд төгссөн. Өөр олон сургууль ч байсан биш дээ.

 

Насаа хоёр өсгөж байж Нямын багшийнхаа ангид орсон

 

-Таныг урлагийн сургуульд хөтөлсөн хүн нь гавьяат жүжигчин Цэвээнжав гуай гэж та нэг ярилцлагадаа дурдсан байсан. Тэр хүний нүдэнд өртсөн гэхээр та сүрхий авьяаслаг охин байж ээ дээ?

-Би өөрөө бүжигт их дуртай. Бүжигчин болох санаатай. Сургуулийнхаа урлагийн үзлэг, концерт гээд соёлын арга хэмжээнд их орно, дуу дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ. Урлаг надад ойрхон би бас дуртай байсан. Цэвээнжав эгчийнх манайх хоёр нэг хашаанд ойрхон учраас би тэднийхээр их орж гарч гүйнэ. Хүүхэд болохоор ойр зуурын юмыг нь хийж өгөөд тус болдог байсан биз. Тэгж орж гарч, ойр зуурын юманд нь зарагдаж гүйж байхад л Цэвээнжав эгч намайг ажигласан байх. Нэг өдөр "Чи урлагийн сургуульд шалгуулбал яасан юм” гэж хэлсэн. Зүгээр ч нэг шалгуул гэж хэлээд зогсохгүй өөрөө хөтлөж аваачаад шалгуулж өгсөн ачтай хүн. Миний аз дутаад тэр жил бүжгийн ангид элсэлт аваагүй учраас хөгжимд шалгууллаа. Зөвлөлтийн мэргэжилтэн олон байлаа, хоёр гурван орос хүн суучихсан бас нэг монгол хүн байсан нь одоо санахад Чулуун гуай юм билээ. Шалгуулсан чинь тэнцчихлээ. Өөрөө бол бүжигчин болно гэж бодож байсан чинь хөгжмийн ангид орчихоороо бас уравгардуу, тэгэхдээ яахав өөрөө урлагт дуртай хүн чинь 1949 оны намар нь хөгжим ангидаа хичээлээ эхэлсэн.Б.Энхтуяа: Уугуул Хүүхдийн театраасаа биш, Драмын театрт тоглосон бүтээлээрээ гавьяат авсан

-Бүжигчин болох хүсэлтэй хөгжмийн ангид орсон охин яагаад драмын жүжигчин болчихов?

-Манай зэргэлдээ жүжгийн анги хичээллэдэг байсан. Тэдний хаалга нь нүхтэй. Хичээлийнхээ зав чөлөөгөөр жүжиг ангийн хаалганы нүхээр шагайхаар тэдний хийж байгаа юм л сайхан санагдана. Этюд хийж, шүлэг уншиж байгаа гээд драм ангийн хүүхдүүдийн хийж байгаа юм миний сэтгэлд их сонин содон бууж, "Ямар сайхан юм бэ” гэж бодоод л дахин дахин очиж хаалганы нүхээр нь шагайгаад. Тэгж байгаад тэссэнгүй, нэг өдөр жүжигчин болмоор байгаагаа Цэвээнжав эгчид хэллээ. Өөдөөс "Хөгжим чинь яагаад байгаа юм” гэж байна. "Надад жүжиг анги л сайхан санагдаад байна аа” гэсэн чинь "Чи дэндүү жижигхэн биетэй шүү дээ, за болох нь уу, яах нь уу шалгуулахыг бодъё” гэлээ. Би ч бөөн баяр. Гэтэл надаас "Чи юу бэлдсэн юм бэ” гэхээр нь хариуд нь "Юу шалгадаг юм” гэж асууж байгаа юм чинь. "Чи сая хөгжимд шалгуулчихсан юм чинь дуу, ритм энэ тэр дээр болчих байх, харин этюд хийнэ” гэлээ. Цэвээнжав эгч "Чамд нэг санаа өгнө, тэрийг нь чи өөрийн бодож сэтгэж байгаагаараа илэрхийлж үзүүлнэ” гэсэн үг гэж тайлбарлаж өглөө. Би ч жүжиг ангид шалгуулна гэдэгтээ л баярлаад байгаа болохоос биш нөгөө ойлгохгүй байгаа этюдийн талаар бодохтой манатай. Ийм яриа болсноос хойш арав ч хоноогүй байх аа, нэг өдөр Цэвээнжав эгч "Өнөөдөр очиж шалгуулна” гээд дагуулаад явлаа. Энэ хоорондоо Цэвээнжав эгч өөрөө надад гоё дээл хийж өгсөн. Намайг гоёж байна шүү дээ, мөн ч сайхан сэтгэлтэй хүн дээ. "Бөмбөгөр ногоон” дээр очлоо. Испольнев гээд Зөвлөлтийн мэргэжилтэн, Нямын багш /нэрт жүжигчин Нямыг Цэгмидийг уран бүтээлчид ингэж нэрлэдэг байсан/ бас нэг хүн шалгалт авлаа. Хэдэн настай вэ гэхээр нь одоо 14хүрэх гэж байгаа гээд өсгөөд хэлчихлээ. Шүлэг уншууллаа, дуу дуулууллаа, дараа нь нөгөө этюдээ хийлгэсэн.

"Чи гэртээ ороод ирсэн чинь танай гэрт хулгайч ороод хамаг юмыг чинь ухаад сандаачаад хаячихсан байя гэж бодъё, чи үүнийг хараад яах вэ гэдгээ үзүүлээдэх” гэлээ. Би бодлоо, тэгээд нэг юм хийлээ. Тэгсэн чинь "За за одоо болно” гээд зогсоочихлоо. Дахиад "За чи энэ төгөлдөр хуурыг арчиж байтал гар руу чинь өргөс орчихлоо гэж бодъё, тэгвэл яахыгаа үзүүлээдэх” гэлээ. Бас л бодож байгаад хуруугаа бариад л нэг юм хийлээ. Шалгалт дуусаад "Чамд юм байна, тэгэхдээ чи дэндүү жижигхэн юм аа, дахиад нэг хоёр жилийн дараа бол жүжиг ангид авч болно” гэж хэлээд гаргалаа. Тэгээд дараа нь би насаа хоёр нэмж байж жүжиг ангид Нямын багшийнхаашавь болсон юм.

-Урлагийн сургуулиас Хүүхдийн театрт ирсэн анхны 13 гэж их яригддаг, та аль үеийнх нь вэ?

-Хүүхдийн театрт эхэлж Цагааны Цэгмид багшийн 13 шавь ирж байсан. Тэд яах аргагүй анхны 13. Тэднийг залгаад манай ангийнхан болох Нямын Цэгмидийн зургаан шавь ирсэн юм. Бид Урлагийн сургуульд 1949 онд ороод 1951 онд төгссөн. Уг нь гурван жил сурах ёстой чбид хоёр жил болоод төгссөн. Тэр үед залуу жүжигчид цөөн байсан болохоор авьяастай гэж үзсэн залуучуудаа сургалтыг нь шахаад хоёр жилээр төгсгөж байсан. Биднийг ирэхэд Төв хорооноос Хүүхдийн театр байгуулах тухай тогтоол гарсан, ийм нэртэй театр байгуулагдсан гэх боловч албан ёсоор тоглолт энэ тэр хийгээд байсан юмгүй л байсан юм билээ. Эхэндээ Хүүхдийн театр гэдэг байсан. Хүүхэд залуучуудын театр гэж нэрлэсэн нь хожим шүү дээ.

 

Монголын театрын түүхэнд анхны Жульетта болж үлдсэн би азтай хүн

 

-Жаахан охин жүжигчин болж театрт ирчихээд анх тайзнаа ямар дүр бүтээж байв?

-Хүүхдийн театрын нээлтийг1951 оны тавдугаар сард "Цасан хүн” гэдэг жүжгээр хийж байлаа. Орчуулгын жүжиг. С.Гэндэн багш найруулаад одоо энэ Сүхбаатарын талбайн хажууд байдаг хуучнаар Элдэв-Очир кинотеатрт тоглож байсан юм.Элдэв-Очир кинотеатр чинь тайзны бүтээл тоглох зориулалтынх биш шүү. Гэхдээ улс оронд өөр драмын зориулалттай театр тайз байгаагүй учраас нөхцөл байдалдаа тааруулаад л болгож байсан хэрэг.

-Юуны тухай өгүүлдэг жүжиг вэ?

-Жүжгийн агуулга нь цагаан, хар арьстны хоорондын тэмцлийн тухай."Цасан хүү” жүжигт Америкийн нэг айхавтар эрх охин Анжел гэдэг дүрийг бүтээсэн.Хар арьстанд нь "Сэлэм” Тогмидод тоглодог Ц.Цэрэндорж, цагаан арьстанд нь Урлагийн сургуулийн манай ангийн зургаагийн нэг Довчин эгч тоглож байлаа. Драмын театраас Т.Цэвээнжав, Лха.Долгор гээд туршлагатай жүжигчид ирж Хүүхдийн театрын анхны бүтээлд оролцож байсан.

Бид жүжгээ тоглох гээд одоогийн энэ Дуурийн театраас талбай хөндлөн гатлаад тайзаа, хувцсаа өөрсдөө үүрээд алхчихдаг сан. Ер нь бүх юмаа өөрсдөө хийнэ шүү дээ.

-Нямын Цэгмид багшийн шавь, танай ангийн зургаа гэхээр хэн хэн байв?

-Ц.Готов, Довчин, Хоохүү гээд өвөрмонгол, Жамсран, Дамдинсүрэн бид зургаа. Би насаа өсгөөд 15 гэж бичиж байж орсон болохоор хамгийн бага нь. Ангийнхнаасаа уугуул театртаа хамгийн удаан ажилласан нь Ц.Готов бид хоёр. Довчин маань сүүлдээ кино руу явсан, сайн жүжигчин байсан юм. Хоохүү Дорнодын театрын дарга болоод явчихсан.Жамсран, Дамдинсүрэн хоёр маань ч бас нэг их удаагүй гарцгаасан. Дамдинсүрэнгээ бид "ном” гэж хочилдог байлаа. Дандаа л ном сугавчилж явдаг, ном их уншдаг хүн байсан.

-Ц.Готов гуай та хоёр олон жүжигт хамт тоглосон байх аа?

-Хүүхдийн театрын хувьд миний алтан партнер Готов маань байлаа. 1966 онд манай театрт "Ромео, Жульетта”-г тавихад бид хоёр гол дүрийг бүтээж байлаа. Ингэж Монголын театрын түүхэнд анхны Жульетта болж үлдсэн би азтай хүн. С.Гэндэн багш маань сонгодог агуулгаар нь найруулан тавьж байсан юм. Бид дөнгөж сургууль төгсөөд ирсэн туршлага муутай жүжигчид, харин найруулагч маань сайн байсан учраас энэ алдартай бүтээлийг босгосон. Өөрөө нэгэн цагт энэ сонгодог бүтээлийн гол дүрд тоглож байсны хувь УДЭТ-т Н.Наранбаатарын найруулж тавьсан "Ромео, Жульетта”-г үзээд харьцуулж бодож л байлаа. Одоогийнх бол орчин үе рүү татсан их өөр тавилт болсон байна билээ.

 

Эхлээд Лхасүрэнд сүрхий заагаад харин дараа нь "За найруулагчаа”гээд заалгадаг болсон

-Гавьяат жүжигчин Лхасүрэн гуай Ромеогийн дублёр байсан. Та хоёр харилцаж тоглож байсан уу?

-Лхасүрэн чинь зөвхөн Ромеогийн дублёр ч байгаагүй юм. "Ромео, Жульетта хоёр”-т Парис гээд дүрд бас тоглосон юм. "Ромео, Жульетта”-д бид хоёр харилцаж тоглож байсан. Намайг хүүхэд гаргачихаад эргээд ажилдаа ороход манай театр Лхасүрэн гээд авьяаслаг залуу жүжигчинтэй болчихсон байсан. "Ромео, Жульетта”-гаас гадна гурван ч жүжигт бид хамт тоглосон. Арбузовын зохиол "Таня”, Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь” жүжигт Сувдаа Тоняд тоглоод би дублёр нь байсан юм.

-Л.Лхасүрэн гуайн 70 насны ой энэ жил тохиож байгаа юм билээ. Ер нь жүжигчний болон найруулагчийн хувьд хувьд ямар уран бүтээлч байв гэдгийг танаас өөр ярих ахмад уран бүтээлч цөөн байх?

-Жүжигчний хувьд өгөөжтэй. Хүнд өгөлт, авалт гэж бий гэж багш нар бидэнд заадаг байлаа. Тэр талаасаа тун өгөөжтэй жүжигчин. Жүжигчний хувьд дотоод сэтгэхүй сайтай, ургуулан бодох чадвар сайтай, дээрээс нь хөдөлмөрч, өөрөө өөртэйгөө их сайн ажилладаг. Өөрөө зохиогоод түүнийгээ найруулна, өөрөө тоглоно гээд тэр болгон жүжигчин эсвэл найруулагчид байдаггүй чадвар түүнд байсан. Манай театраас жүжигчин байснаа найруулагч болсон хүн цөөнгүй. Л.Лхасүрэнгээс гадна "Сэлэм Тогмид”-д тоглодог Ц.Цэрэндорж бас найруулагч болоод гараад явчихсан.

"Кибальчиш хүү” жүжгийг Сугар найруулж тавьсан. "Кибальчиш хүү” гэдэг энэ жүжгээр 1977 онд бил үү дээ, Германд очиж тоглож байсан юм. Тэгэхэд Лхасүрэн хойно Москвагийн Театрын дээд сургуульд оюутан байлаа. Тэгэхдээ бас манай жүжигт олны хэсэгт орж тоглосон. Бид замдаа Москвагаас Лхасүрэнг аваад Герман явж байсан.

Хойно сургуулиа төгсөж ирээд буцаад Хүүхэд залуучуудын театртаа ажилласан. Найруулагч болсноос нь хойш би түүний хоёр жүжигт нь орсон. "Карлсон”, Оюун багшийн зохиол "Хайр” гээд хоёр жүжиг найруулсан юм.

Жүжигчний хувьд Лхасүрэн бид их ойр байсан. Надаас асууж би бас чадахаараа зөвлөгөө өгнө, надад бас эргүүлээд зөвлөж хэлнэ. Сургуульд явахаас нь өмнө би их мундаг хүн байлаа. Чи ингэ тэг гээд л. Сургууль төгсөөд найруулагч болоод ирэхээр нь би чинь найруулагчийн гарын доорхи хүн болдог юм байгаа биз дээ. "За найруулагчаа” гэж хэлдэг болчихож байгаа юм чинь. Би 1985 онд тэтгэвэртээ гарсан. Намайг тэтгэвэртээ гарснаас хойш сургууль руу багш болчихсон байсан. Олон шавь байх ёстой.

-Хүүхдийн театр гэхээр дурсахгүй ярихгүй өнгөрөх аргагүй нэг уран бүтээлч бол Сэдэд гуай. Гэтэл Сэдэд гуай ер нь гавьяа шагнал хүртэж байгаагүй нь юунаас болдог байсан юм бол?

-Мундаг жүжигчин хүн байсан даа. Жинхэнэ жүжигчин хүн. Ямар сайхан жүжигчин байсан гэж санана. Манай театрт байсан тэр үеийн эрэгтэй жүжигчид дотроос бусдыгаа дагуулахгүй тийм л авьяастай уран бүтээлч байсан даа. Лхасүрэнгийн багш нь байх ёстой. Сүүлийн үеийн залуу жүжигчдээс Сүххуяг шавь нь гээд яриад байдаг байсан. Сүххуягтай сүүлийн жилд ер холбоо барьж чадсангүй.

Манай театрт байхдаа юу ч аваагүй, сүүлд гавьяат жүжигчин Тунгалаг эд нар нийлээд байгуулсан Армийн театрт очсон хойноо соёлын тэргүүний ажилтан болсон гэдэг юм. Уг нь гавьяат байтугай ардын жүжигчин болох хүн. "Өглөө” киноны цоохор морины наймаачинг ард түмэн сайн мэднэ дээ. Авьяаслаг, чадалтай уран бүтээлч гэдэг зурвасхан гарч ирээд өнгөрдөг жижиг дүрийг яаж амилуулж, үлдээдэг юм бэ гэдгийн том жишээ нь тэр. Армийн театрт очсон хойноо тоглосон "Дутуу хээтэй тооно” гээд олон олон сайхан бүтээл бий. Яагаад тэгдэг байсан юм бүү мэд, Сэдэд гуай, "Сэлэм Тогмид” Цэрэндорж гээд манайд байсан сайн сайн уран бүтээлчид гавьяа шагнал гэж юу ч байхгүй өнгөрөөд байсан байдаг. Социализмын үеийн үзэл суртал, зарчим гэдэг нь өчүүхэн жижиг шалтгаар өөлж, олон хүний урмыг нь хугалаад үлдээдэг байсан юм уу даа.

"Эрхүүд болсон явдал”-д тоглож байхад хоёр хөх чинээд сүү нь гоожоод хувцастайгаа наалдчихсан юм орой харьдаг байлаа

-"Эрхүүд болсон явдал” жүжгийн Валя таны бүтээсэн шилдэг дүрийн нэг. Та Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан. Харин "Эрхүүд болсон явдал” УДЭТ-ын жүжиг. Энэ дүрд хэн таныг сонгосон бэ?

-1961 онд би хүүхэд төрүүлээд 45 хоноод ажилдаа орсон юм. Гэтэл хүүхэд гаргаад уран бүтээл хийгээгүй гээд цалинг минь хасаад 650 төгрөгөөс бууруулаад 400 болгочихож. Хүүхэд гаргаад бараг хэрэгтэн болчихож байгаа нь тэр. 250 төгрөг хасагдана гэдэг чинь нөхөр нь хойно сурч байсан, олон хүүхэдтэй миний хувьд амаргүй. Уран бүтээл хийхгүй "хэрэг хийгээд” хүүхэд гаргачихсан хүн чинь юу хэлэх вэ дээ. "Ялалтын жигүүр” жүжгийг манайхан тавьсан байсан. Би дүр байхгүй юм чинь олны хэсэгт гараад л явж байлаа. Ажилдаа орчихоод сар хэртэй болсны дараа байх аа. Анагаахын дунд сургууль дээр манайхан тоглож байсан юм. Би олны хэсэгт орох ээлжээ хүлээгээд шатан дээр зогсож байтал миний нэр гараад, намайг нэг хүн асуугаад байх юм. "Намайг сурагладаг хэн байдаг билээ” гэж бодоод харж байтал киноны Доржпалам найруулагч гараад ирлээ. Намайг харчихаад "За чи энд байна уу, чамайг хайж ирлээ” гэнэ. Би дотроо намайг кинонд тоглуулах гэж байгаа юм болов уу гээд горьдоод байна аа, бас. Гэтэл "Ванган бид хоёр шийдсэн. Чи үүнийг цээжлээд энэ дүр дээр ажиллана” гэж хэлээд том хавтастай цаас бариулчихлаа. Тэр нь "Эрхүүд болсон явдал” жүжиг, Валягийн дүр байсан юм.

-Тантай өмнө нь уулзаагүй байж шууд л сонгочихсон хэрэг үү?

-Драмын театр энэ жүжгэн дээр ажиллаад гурван сар гаруй болсон ч Валягаа олоогүй байж. Хоёр Валя сонгоод тэр нь болж өгөхгүй тэгээд гурав дахь дээр нь намайг үзье гэж Ванган багш хэлсэн гэдэг юм. "Энхтуяа ажилдаа орсон байх, Энхтуяа л таарна” гэж Ванган багш хэлээд Доржпалам найруулагч намайг хайж ирж байгаа нь тэр. ТүүнээсДоржпалам найруулагч киноны хүн учраас намайг сайн мэдэхгүй.Б.Энхтуяа: Уугуул Хүүхдийн театраасаа биш, Драмын театрт тоглосон бүтээлээрээ гавьяат авсан

-Таны саналыг ч асуухгүй шуудхан зохиолоо өгчихөөд явчихсан хэрэг үү?

-Тэр томчууд тэгж шийдсэн бол бидэнд хэлэх үг байхгүй шүү дээ. Би ч баяр хөөр ч төрөх шиг, бас айх зэрэгцээд хоолой дээр нэг юм тээглэчихээд хавтастайгаа бариад үлдэж байлаа. Бушуухан жүжиг дуусаасай зохиолыг нь унших юмсан ямар дүр байгаа бол гэж догдлоод л. Тэгээд яахав өдөр шөнөгүй нүдэж байж Валягийн дүрийг босгож ирсэн. Бусад нь жүжгэн дээрээ хэдэн сар ажиллаад бүр тайзны сургуулилалт хийж байхад би үгээ ч цээжлээгүй байсан тул үнэхээр нойр хоолоо хугаслан зүтгэхээс өөр аргагүй байсан. 20 хүрэхгүй хоног ажилласны дараа найруулагчаас "Болж байна” гэдэг үг дуулсан, түүнтэй зэрэгцээд жүжиг ч хөшгөө нээх хугацаа тулсан.

- Валяд хувирах гэж тэгж завгүй ажиллахад нялх хүүхдээ яаж харж зохицуулж байв?

-Ар талд ээж минь байсан. Нөхөр маань бас урлагийн хүн. Тиймээс ээж минь хүүхдүүд өсгөх ажлыг нугалж өгсөн дөө. Нялх хүүхдээ усаар угжуулаад гэртээ харьж ээждээ загнуулаад.Тайзан дээр сургууль хийчихээр тэр олон хүний хөдөлмөрийг би "Хүүхэд хөхүүлнэ” гэж хаяж явж балалтай биш. Хоёр хөх чинээд сүү нь гоожоод хувцастайгаа наалдчихсан юм орой харина. Гэрийнхээ хаалгыг татаж байхдаа "Хүүхэд уйлсан болов уу, юугаар угжсан бол, ээжид загнуулна даа” гэж бодоод зүрх бөмбөлзтөл чичрээд зогсож байсан нь олон. Станиславский театрын ажил амьдралын талаар "Жүжигчин хүн амьдралынхаа бүх асуудлыг театрын үүдэнд галоштайгаа тайлаад орхих ёстой” гэж хэлсэн гэдэг. Энэ зарчмаар л явсан даа. Театрын хаалгаар орлоо, сургуулилалт эхэллээ, хүүхэд, гэрийн ажил бүгдийг мартаад ганцхан нөгөө жүжгийн амьдрал руугаа ороод явчихна. Ингэж ажилласан жүжиг маань нэгдүгээр сард нээлтээ хийж, үзэгчдээс, Соёлын яамнаас сайн үнэлгээ авсан.

-"Эрхүүд болсон явдал” жүжгийн дараа гавьяат болсон болохоор Драмын театрынхан таныг манайхаас төрсөн гавьяат гэдэг байх нь ээ?

-Гуравдугаар сар гараад Мартын баяр болох үеэр намайг сайн тоглолоо гээд шагнал урамшуулалд тодорхойлох юм болоод явчихлаа. Би ч цалинг маань л нэмээсэй гэж бодож байсан. Драмын театр надад 650 төгрөгийн цалин өгч, дээрээс нь одоогийнхоор бол "Гэгээн Муза”-тай дүйцэхүйц шагнал болох шилдэг уран бүтээлийн шагнал өгсөн. Тэр жилийнхээ Мартын 8-наар ингэж шагнуулаад дараа жил нь гавьяат жүжигчин цол хүртсэн. Хүүхэд гаргаад хэрэгтэн шахуу болоод цалингаа хасуулж байсан хүн чинь цалингаа нэмүүлээд бүр гавьяат авсан нь Валягийн ач. Тийм болохоор би уугуул Хүүхдийн театраасаа биш, Драмын театрт тоглосон бүтээлээрээ гавьяат авсан хүн.Уран бүтээлчийнхээ хувьд богино хугацаанд зовж бүтээсэн дүр Валя надад ингэж ээлээ өгсөн.

-Шинэ жүжгийг хэр олон тоглодог байв?

-Тоглолтын хуваарь гарчихна тэр дагуу л явна. Цөөхөн тоглоно гэж байхгүй. "Эрхүүд болсон явдал”-ыг үзэгчид их сонирхдог байсан, олон удаа тоглосон. Долоо хоногт хоёр удаа тоглоно. Хоёроос олон тоглохоор бас нэлээд хүнд жүжиг учраас сэтгэл зүйн хувьд хүнд тусдаг байсан юм.

-Тэр үед одоогийнхоор жинхэнэ хит болж байсан байх даа, "Эрхүүд болсон явдал”?

"Эрхүүд болсон явдал”-д тоглосны дараа надад Москвад Ломоносовын сургуульд сурдаг монгол оюутнаас захиа ирлээ. "Монголын Валяг ямар болсныг үзлээ, Зөвлөлтийнхийг ч үзсэн. Манайхны тавьсан "Эрхүүд болсон явдал” дутах юмгүй сайхан болжээ. Манайд драмын урлаг их сайн хөгжиж байгаа юм байна, танд баяр хүргэе” гэсэн байж билээ.

-Харин та Зөвлөлтийн Валяг үзсэн үү?

-Вахтанговын театрт "Эрхүүд болсон явдал” жүжгийг тавьж, Валяд тоглосон Борисова гэдэг жүжигчин Лениний одон авсан гэж жүжигт тоглож байхдаа дуулж байсан юм. Дээрээс нөгөө монгол оюутны захиа нэмээд уг жүжгийг үзэх юмсан гэсэн хүсэл сэдэл надад их байсан. Үүнийгээ биелүүлэх боломж 1971 онд гарсан. "Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-г Оросын "Мосфильм”-тэй хамтарч хийх болоод хэсэг уран бүтээлч кинонд дуу оруулах ажлаар Москва явахад би багтсан юм.

Ингэж очихдоо Вахтанговын театрт билет аваад "Эрхүүд болсон явдал”-ыг үзлээ. Борисовагийн тоглож байгааг өөрийнхтэйгөө харьцуулж бодоод энэ хүнээс айхавтар дутуу тоглож гэж хэлэх юм алга даа гэж өөрийгөө үнэлж суусан.

Надад нэг зүйл харамсалтай санагддаг. Бид хэчнээн сайхан жүжгүүд тавьж байлаа. Гэтэл өнөөдөр мэдэх нэг нь ярина, тэгээд дуусна. Телевиз, бичлэг гээд байсан бол хадгалаад үлдэх байж гэж боддог юм.

Дөрвөн сартай хөхүүл хүүхдээ аваад ПАЗ автобусаар Баян-Өлгий рүү бригадаар явж байлаа

-Хүүхдийн театрт таны алтан партнер Готов гуай байсан. Харин Драмын театрт тоглосон бүтээлүүддээ хэнтэй илүү гар нийлж байв?

-Хүүхдийн театрт бол Готовтойгоо гар нийлж сайхан тоглодог байсан.Драмын театрт Ц.Гантөмөр, Л.Жамсранжав бид гурав чинь "Маралын гурван од” гэдэг шиг л байлаа.

-Хөдөө бригадаар явж тоглох гэдэг та нарын үед хийж байсан нэг том ажил. Бригадаар явах үеийн олон сайхан дурсамж ахмад уран бүтээлчдэд байдаг. Түүнээсээ хуваалцаач?

-Дөнгөж сургууль төгсөөд ирсэн залуу жүжигчин байхад бүр 90 хоногоор хүртэл хөдөө бригадаар явж байлаа. 45 хоногийн хугацаатай явуулчихаад замаас нь сунгаад 90 болгочих үе зөндөө. Ачааны машин дээр тайз,хувцсаа ачаад дээрээс нь хөнжил пүүгээгээ тавьчихна. Тэгээд хөлөө унжуулаад нэг нэг мод тулаад суучихна. Дуулах цагтаа дуулж, инээж наргих цагтаа инээж хөгжиж олон залуучууд сайхан явдаг байсан даа. Одоо ингээд ярихаар зарим хүн үнэмшихгүй байх. Сүүлдээ унаа нь арай сайжраад ПАЗ автобус болсон.Би бүр дөрвөн сартай хөхүүл хүүхдээ аваад ПАЗ автобусаарБаян-Өлгий рүү бригадаар явж байлаа. Замын гуанзанд хүүхдээ хөхүүлэнгээ өөрөө хажуугаар нь хоолоо иднэ. Манай бригадынхан ямар сайхан гээч, хоолыг минь зөөж авчраад өгчихнө, намайг тоглолтод оронгуут тайзнаас бууж ирж байгаа нэг нь ээлжлээд хүүхдийг маань харна. Энд тэнд буунгуутаа түмпэн гуйгаад гүйчихнэ. Хүүхдийнхээ даавууг угаах гэж байгаа нь тэр. Ингэж л урлагийн ажлыг хийж явлаа. Урлагт би зүтгэсээн.

-Хүүхдийн театр Хүүхэд залуучуудын театр болоод тэгээд хувьчлагдаад алга болчихсон. Театрт ажиллаж байсан ахмадуудад энэ маш хүнд туссан нь мэдээж?

-Хүүхэд залуучуудын театр хувьчлагдаад алга болчихсон чинь тэнд ажиллаж байсан хэдэн ахмад нэг хэсэг бүр эзэнгүй болсон. Ахмадын баяр, цагаан сар болохоор бөөгнөж цуглаад уулзаад ярьж хөөрчих газар ч байхгүй, эхэндээ их эвгүй байсан, сүүлдээ ч сурчихдаг юм билээ. Тэгж байтал Улсын драмын театр биднийг тосоод авсан. Д.Цэрэнсамбуу, Н.Сувдаа дарга нартаа баярлаж явдаг юм.

Бид жилийн дөрвөн улиралд хөдөө гадаагүй явж, цэцэрлэгийн наснаас эхлээд дунд сургуулийн нас насныханд таарсан сайхан уран бүтээлээр үйлчилж байлаа. Гэтэл одоо хүүхдийг хайрлана гээд яриад байхаас тэдний оюун сэтгэхгүйд зориулсан урлаг уран бүтээл гэхээр юм хийхгүй байх шиг.Урлаг гэдэг тэр дундаа театр гэдэг агуу ертөнц. Тийм ертөнцийг хүүхдүүдэд нээж өгөх ёстой гэж боддог байсан. Тийм юмыг хийх найруулагч, уран бүтээлчид гарч ирэх байлгүй дээ. Хүүхдийн театр зайлшгүй байх ёстой гэж би боддог юм. Хүүхэлдэйн театр орлохгүй ээ, хүүхдийн театрыг.

 

Богинохон үстэй бретэн малгай тавьчихсан донжтой сайхан хүүхнүүд хотын гудамжаар олон байлаа

 

-Таныг Болдын ээж, Дамчаа гуайн авгай гэх мэтээр дэлгэцийн дүрүүдээр тань үзэгчид мэддэг. Хэн олон кинонд тоглов?

-Анх "Үүрээр” кинонд хулгайчид тоглосон. "Бидэнд юу саад болж байна вэ” кинонд нэг хөнгөмсөг хүүхний дүрд гээд миний дүрүүд их эсрэг тэсрэг. Энэ киногоороо Карловарын олон улсын кино фестивальд орсон. "Үүрээр” кинонд тоглосны дараа гудамжинд явахаар "нөгөө хулгайч эгч” гэж хүүхдүүд шивнэлдээд. Хөгжилтэй ч юм болж байлаа. Арав гаруй дүр маань их өөр өөр характертай байсан нь жүжигчний хувьд бас том сургууль болсон Нэг сайн хүн болоод нэг муу хүний дүрд хувирах гэхчлэнгээр өөр өөр дүр бүтээнэ гэдэг нэг талаасаа жүжигчин хүний авьяасыг сорьж, нөгөө талаасаа улам хөгжүүлж байдаг. Одоо ч зарим хүн "Болдын ээж, Дамчаагийн авгай” гэдэг юм. Анх Дамчаагийн авгай гэж хэлэхэд эвгүй сонсогддог байлаа. "Хөдөөгийн баясгалан”-д Дамчаа бид хоёр тоглох гэж эхлээд найруулагчдаа нэлээд загнуулсан. "Өдий насны улс байж та хоёр нэг гэрийн хүмүүс шиг тоглож чадахгүй байна” гэж эхний хэдэн өдөр Жийгээд загнуулаад харин гайгүй төгсгөсөн. Дамчаагийн 70 насны ойд зориулсан тоглолт Бөхийн өргөөнд болоход уран бүтээлийн гурван авгайгаа уриад. "Үер”-ийн Ямаахай, "Хүргэн хүү”-гийн Батцэрэн бид гурав очиж баяр хүргэж байлаа.

-Таны залуу үед манай Улаанбаатарын хүүхнүүдийн гоёл нь юу байв?

-Одоогийнх шиг орос хувцас элбэг байсан биш. Монгол дээл, дугуй малгайгаар л гоёно. Дээл нь энгийн. Богино үс эргүүлээд бретэн малгай тавьчихсан донжтой сайхан хүүхнүүд хотын гудамжаар олон байлаа. Зундаа бол дан дээлээ өмчихнө. Загвар нь одоогийнх шиг ийм олон янз биш, энгийн. Торго тэр дундаа үйтэнхуараар хийсэн дээл үнэтэй гоёлд тооцогддог байсан. Би ч гоёхыг мэдэхгүй явсан. Олон хүүхэдтэй хүн чинь юун өөрөө гоёх вэ дээ.

-Гэр бүлтэй болоод хотын хаана суурьшиж амьдрав?

-Хөлсний байраар хэсэг явсан. Би үндсэн ажлынхаа хажуугаар эвлэлийн ажлын сонгуультай, бүгд хурлын гишүүн байсан. Тийм болохоор Эвлэлийн төв хорооноос надад дөчин мянгатын анхны байруудаас Энхтайван найрамдлын ордны урд талд нэг өрөө байр өгсөн. Хөлсний байраар явж байгаад өөрийн гэсэн орон байртай болох сайхан байлгүй яахав. Манайх олон хүүхэдтэй, ам бүл олуулаа учраас хажуухандаа нэг өрөөгөө солиод хоёр өрөө болгож Дөчин мянгатад олон жил амьдарсан.

-Хужирбуланд хэзээнээс суурьшив?

-2000 он гарсан хойно энэ хавьд бараг айл байхгүй байхад ирсэн. Хотын байраа зараад дээрээс нь зээл авч байгаад амины байшин барьж авсан нь энэ. Эрүүл агаартай манай Хужирбулан сайхан шүү дээ. Автобус, унаа тэрэг саатахгүй учраас хүүхдүүд эндээсээ хот руу ажил сургуульдаа явчихдаг юм.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх