“Морин хуурын чуулга бол Батчулууны хүүхдүүд, Батчулууны чуулга юм”

 

“Морин хуурын чуулга бол Батчулууны хүүхдүүд, Батчулууны чуулга юм”

 

Ц.Энхмаа

Эрхэм хүнийг бидний дунд үгүй гэж бодохоор уйтай, шавь нар нь багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж буйгаа харуулах гэж урьсан гэж бодохоор бахархалтай... Морин хуурын чуулгыг үндэслэгч, ардын жүжигчин Цэндийн Батчулууны дурсгалд зориулсан хүндэтгэлийн "Саруул тал" тоглолтын туршид сэтгэлийн гүнд ийм бодол хөвөрнө.

1989 онд "Алтан намар” хөгжмийн наадмын хүрээнд 108 морин хуурч Дуурь, бүжгийн эрдмийн театрт цуглан Н.Жанцанноровын "Монгол аялгуу”, монгол ардын уртын дуу "Уяхан замбуу тивийн наран” дууг эгшиглэхэд Монгол Улс Морин хуурын чуулгатай болох нь зүйтэй гэдэг итгэл үнэмшил олон хүнд төрсөн гэдэг. Харин энэ итгэл үнэмшилийг бодит ажил хэрэг болгож, тив дэлхийд улс орныхоо нэрийг дуурсгасан сайхан чуулгыг үндэслэн байгуулж чадсан гавьяатан нь ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулуун. Мэдээж ганцаараа биш, морин хуураа дээдлэн хүндэтгэдэг, дэмждэг олон арван хүн түүнтэй хамт байсан.

1992 оны аравдугаар сард Морин хуурын чуулга байгуулах Засгийн газрын тогтоол гарч, уран сайхны удирдагчаар Ц.Батчулууныг томилж, анхны тоглолтоо зохион байгуулах үүрэг өгч байж. Ингээд тэрээр 1993 оны нэгдүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургуулийн дотуур байранд нэг өрөө авч, сургуулийнхаа 8-11 дүгээр ангийн хэсэг сурагчидтайгаа хамтран гурван сарын дараа болох анхны тоглолтынхоо бэлтгэлд гарсан. Морин хуурын чуулгынхны нэг баг, хамт олон байх холбоос, эвийн цавуу нь итгэл, багш шавийн барилдлага болох нь он жил улирах тутам тодорч харагддаг. Багшийнхаа дурсгалд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг жил бүр хорвоод мэндэлсэн өдрөөр зохион байгуулна гэж хэлсэн нь бас л энэ барилдлагын нэг илэрхийлэл.

Чуулга байгуулагдсан цагаасаа тив, дэлхийг тойрон тоглож, гадаад улс орны төв театруудад тоглож, Монгол Улсынхаа нэрийн хуудас болж явдаг Батчулууны чуулга бол ардын дипломатчид юм гэж хүмүүс үнэлдэг.

Тэд ирэх намар Японы зүүн хойд нутгаар аян тоглож, ардын дипломатчийн үүргээ гүйцэтгэнэ. Тус чуулгын япон шүтэн бишрэгч, хатагтай Сато Норика захидлаас энэ бүхэн тодорхой боллоо. Тэрээр захидалдаа,

"Батчулуун багш байхгүй болсон гэхэд одоо ч итгэхгүй л байна. "Саруул тал” хэмээх энэ гайхамшигтай тоглолт бол таны шавь нарын сэтгэл зүрхнээс урган гарсан бүтээл юм. Тэднээр бахархахгүй байхын аргагүй юм шүү. Таны нэрээр овоглосон Монгол Улсын Морин хуурын энэ намар Японд тойрон аялал хийхээр төлөвлөж байна. Японы зүүн хойд бүс нутгаар тойрон аялал хийе гэсэн та бид хоёрын яриа одоо л нэг биеллээ олж байна. Их оройтож биеллээ олж байгаад уучлаарай. Таны шавь нар Японы арваад хотоор аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Концертоо амжилттай сайхан зохион байгуулахын төлөө хүчээ нэгтгэн хичээх болно. Та минь ч гэсэн тэнгэрийн орноос биднийгээ дэмжээрэй. Таныг хүндэтгэсэн Сато Норика” гэжээ

"Саруул тал” хүндэтгэлийн тоглолтын эхний хэсэгт монгол ардын дуу "Саруул тал”, "Дүүжий хуар” "Уяхан замбативийн наран” дууны аялгуу эгшиглэнэ. Батчулуун багшийнх нь залуухан хөгжимчин ахуйн бичлэг тайзнаа урсахад шавь нарынх нь сэтгэл өвдөж, багшаа дурсан санаж буй нь илт анзаарагдах ажээ. Яг л тэр үеийнх нь найруулгаар, багшийнхаа тоглож байснаар хөгжимдөж байгааг гавьяат жүжигчин Г.Равдан тодотгон хэлж байлаа.

Тоглолтын хоёрдугаар хэсэгт Э.Чойдог, Г.Алтанхуяг, Н.Жанцанноров, Ж.Чулуун, Б.Шарав нарын хөгжмийн бүтээлүүд дуугарав. Чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан тоглуулна, тайзны хоёр талын дэлгэцээр Батчулуун удирдаачийн бичлэг мөн хөвөрнө. Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимидцэеэ, гавьяат жүжигчин Э.Амартүвшин нар "Аргалд явсан ээж”, "Зүүдний говь”, "Би хаана төрөө вэ” зэрэг үе үеийнхний хит бүтээл эгшиглэв.

Хүндэтгэн биширдэг тэр хүний бие нь үгүй ч үйлс нь, санаа бодол нь ч үргэлжилж бна. Өнөөдөр харах нь ээ, түүний шавь нар бүгд БАТЧУЛУУН багш юм шиг л санагдаж Батчулууны чуулгаар, Батчулууны хүүхдүүдээр бахархан, хүндэтгэхүй дор сор бүтээлүүд сонсон жаргалаа. Ардын жүжигчин Цэндийн Батчулууны нэрэмжит Монгол Улсын Морин хуурын чуулга гэсэн тоглолтын зар сонсч, сурталчилгааны хуудас харахыг бас хүслээ.

Морин хуурын чуулгад хамтрагч уран бүтээлчдэдээ, үзэгчдэдээ, найз нөхдөдөө талархлаа илэрхийлэн хүндэтгэлийн тоглолт хийж урьдаг жишиг бий. Ардын жүжигчин Ц.Батчулуун ийм жишиг тогтоосон, энэ жишиг үргэлжилж буй нь үнэхээр таатай.

"Ц.Батчулууны санаачилгаар бий болсон Морин хуурын чуулга, түүний уран бүтээл бол Монголын түүхийн эгшиг дуун хуудас юм. Морин хуурын чуулгын урын сан бол Ц.Батчулуун өөртөө болоод түүний нөхөд түүнд зориулж босгосон хөшөө дурсгал юм” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо хэлсэн нь тод сонстох…
ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх