Түүхийн том алдаанууд одоо ч давтагдсаар

Түүхийн том алдаанууд одоо ч давтагдсаар

Б.ЭНЭРЭЛ

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Монголын ардчиллыг өлгийдөн авсан хүний нэг Жамбын Батмөнх агсны ажил амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Бүү март” түүхэн кино нээлтээ хийгээд удаагүй байна.

Монгол Улсын түүхэнд нэртэй мөртэй явсан улстөрч, нийгмийн зүтгэлтний тухай намтарчилсан киноны зохиолыг гурван удаа өөрчилж дөрөвдэх хувилбараар нь дэлгэцнээ амилуулсан гэсэн. Эхнийх нь "Цагаан морин жил”, дараагийнх нь "Сүүлчийн удирдагч” гэж нэртэйгээр бичиж байжээ. Гэхдээ 1990-ээд оны үйл явдлыг хувь хүний амьдралтай холбон харуулах тэр дундаа Монголын нийгмийн шилжилтийг тайван замаар, ойлголцол, эв нэгдлийн хүчээр давахад монгол улстөрчийн уужуу тайван, холч ухаан ямар их хэрэг болсныг харуулахаар шийдсэн гэж байсан. Киноны зохиолыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, зохиолч, яруу найрагч Ж.Мөнхбат бичиж, найруулагчаар нь "Долоон бурхан харвадаггүй”, "Саятан болох дамжаа” зэрэг киног найруулсан "Хүмүүн фильм” продакшны А.Мөнхсүх ажилласан. Уран бүтээлчдийн багт АНУ, ОХУ, БНХАУ-ын киночид хамтарсан бөгөөд киноны 30 хувийг компьютер графикийн аргаар бүтээсэн гэнэ. Монголд төдийгүй ОХУ-д зургийг нь авсан "Бүү март” уран сайхны кино 1990-ээд он буюу нийгмийн шилжилтийг харуулж, МАХН-ын Улс төрийн товчоог огцрохыг шаардан хэдэн өдөр жагсаал цуглаан зохион байгуулж буйгаар өрнөдөг. Улс төрийн өлсгөлөн зарласан залуус нэг ч буун дуу гаргалгүй тайван замаар ардчилсан нийгэмд шилжиж чадсан нь "Монголын төр ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” гэсэн Ж.Батмөнх агсны зоригтой, шийдвэртэй холбоотой байв. Үүний хариуд Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн шийдвэрээр Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, ардчилсан хувьсгалын үе эхэлсэн юм. Киноны зохиол хоёр шугамтай. Нэг нь залуучуудын хайр сэтгэлийн тухай. Нөгөө нь төр засгийн удирдлагууд буюу тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд ямар хүмүүс, яаж ажиллаж байсан, ямар зам туулсныг Ж.Батмөнх агснаар төлөөлүүлж гаргасан байна. Ж.Батмөнх гуайг Сайд нарын Зөвлөлийн дарга болсон 1974 оноос 1990 онд огцрох хүртэлх цаг үеийн үйл явдал өрнөнө. Гэхдээ 1996 он буюу Ж.Батмөнх гуайн амьдралын сүүлийн үеийг ч харуулсан хэсэгтэй.

Найруулагч А.Мөнхсүх шинэ бүтээл нь хэрхэн бүтсэн тухай ярихдаа "Бид монгол хүнийг дэлхийд сурталчлах зан чанарын талаар нэлээд судалгаа хийсэн. Япон хүн маш хичээнгүй, гайхалтай ёс суртахуунтай гэж бид ярьдаг. Германчуудыг цаг маш сайн баримталдаг нямбай, хятадуудыг багаар ажиллах чадвартай л гэдэг. Эдгээр зан чанараараа энэ хүмүүс дэлхийд танигдчихсан. Гэтэл монгол хүний хамгийн мундаг зан чанар нь юу вэ гээд ярихаар тоймтой хэлчихээр зүйл байдаггүй. Тиймээс монгол хүний давуу зан чанарын талаар судалж, нэлээд эрэл хайгуул хийсний эцэст монгол хүн бол уужуухан, сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, тайван хүмүүс юм байна. Энэ хүмүүсийн мөн чанар энгийн үед илэрдэггүй. Хамгийн хүнд үе тохиолдоход монгол хүний мөн чанар гарч ирдэг юм байна. 1990 оны ардчилсан хөдөлгөөний үед яг тийм зүйл тохиолдсон. Эх орны төлөө чухал шийдвэр гаргах үед уужим сэтгэл, саруул ухаанаар хандаж чадсан. Тэгж бидний төлөө гайхашигтай зүйл хийсэн хүмүүсийг бид мартчихаад байна. Бид түүхээсээ суралцдаггүй ард түмэн. Бид яагаад түүхээсээ суралцах ёстой вэ гэхээр түүх давтагддаг. Тиймээс энэ бүгдийг "Бүү март” кинонд харуулахыг зорьсон. Киноны зохиолч ч анхнаасаа түүхээсээ суралцах хэрэгтэй талаар хэлэхийг хүссэн. Түүхийн том алдаанууд одоо ч гэсэн давтагдаад явж байна. Тиймээс бид өнгөрсөн түүхээсээ суралцаж, судлах хэрэгтэй. Улстөрчдөд хувь тавилангийн ээдрээ тохиолдож байсан. Энэ талаар зөв, буруу түм буман ойлголт нийгэмд байна. Кино маань залуу хойч үедээ түүхэнд болсон ээдрээт цаг үед хүмүүс эх орныхоо төлөө ямар шийдвэр гаргаж байсныг битгий мартаасай, тэднээс суралцаасай гэсэн үүднээс "Бүү март” киног хийлээ” хэмээн ярьж байсныг киног үзсэн хэн бүхэн ойлгож авсан байх.

 

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх