Засгийн газар тусгай сангуудыг цэгцэлж, долоон санг татан буулгана

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

 

Тусгай сангуудыг цэгцэлж, долоон санг татан буулгана

 

            Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав.

            Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг сайд Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.

Үйл ажиллагаа явуулдаггүй, зардлыг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хөтөлбөр, арга хэмжээ хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болов.

Мөн :

  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоодог байх

 Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх

 Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, сангийн орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг сайд нарт даалгав.

Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарт үүрэг болгов.

Төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан, санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн мэдээлэл, шалгарсан төслийн нэр, сонгон шалгаруулсан шийдвэр, зээлийн төлөв, үлдэгдэл зэргийг шилэн данс, цахим хуудсаар тогтмол мэдээлэхийг сайд нарт даалгалаа.

Мөн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэж байхаар болов. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй байх, зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байх зэргийг үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан байна. Дээрх сангуудад өнгөрсөн онд гурван их наяд гаруй төгрөгийн төсөв баталж байсан бол энэ онд 400 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа тусгай сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж тооцоолж байна.

     

Импортын бүтээгдэхүүнийг орлох 155 бүтээгдэхүүний жагсаалтыг батлав

 

Засгийн газар энэ оныг "Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласа. Үүнтэй холбогдуулан дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталлаа. Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож худалдан авах бодлогыг хэрэгжүүлэх юм.

 

Товч мэдээ

 

 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар нарт даалгав. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болгов.

 Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болов. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.  

Монгол-Солонгосын "Ногоон хэрэм” төслийн хүрээнд нэр бүхий аймгуудын нутаг дэвсгэрт 2007-2016 онд байгуулсан ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авч ойн санд бүртгэхээр болов. Төслийн хүрээнд 2826 га талбайг ойжуулсан байна.

 Цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг байхаар тогтов.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнд заасны дагуу байгуулах Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээний төслийг дэмжив. Гэрээнд сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурна.

 Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах "Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-ийн Зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. 19 сая ам.долларын зээлийн хүү 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.

Нэр бүхий 17 аймгийн 88 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 9,729.507.5 га газрыг улсын нөөцөд авлаа. Энд улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

    

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх