Уриалга

 

Уриалга

 

Эрхэм хүндэт Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас хүүхдийн хөдөлмөрийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн улс орнуудад жил бүрийн зургадугаар сарын 12-ныг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн яам "Хүүхдийн өдөр”-ийг угтсан аяныг орон даяар өрнүүлэх санал, санаачилгыг гаргаж байна.

"Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай ” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг өргөжүүлэх замаар 2016 онд Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгахад чиглэсэн бидний үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, урлаг, шашны байгууллага, харилцагч, түнш аж ахуйн нэгж байгууллага, эцэг эх, гэр бүл, нийт иргэдэд уриалан, хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа энд тэмдэглэе.

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2006 онд "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2016 он гэхэд устгах дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлахдаа гишүүн орнуудын Засгийн газарт хандан хугацаат хөтөлбөрийг ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоотой хамтран хэрэгжүүлэхийг уриалсан байдаг.

Орчин цагт хүүхдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөгжил хамгаалал, хүүхдийн эрх гэдэг нь тус тусдаа ойлголт биш, цогцоор нь анхаарах асуудал юм.

Тиймээс хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх хууль тогтоомж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг өргөтгөх, хүүхдийн хөдөлмөрийг багасгах, тэвчишгүй хөдөлмөрийг устгах үйл ажиллагааг зорилтот бүлэгт чиглүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд хандах олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг зөв төлөвшүүлэх, нөлөөлөх, оролцоог хангах, хяналт, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргахад энэхүү аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянд нэгдэж, салбар бүртээ санал, санаачилга гарган, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг таслан зогсооход хувь нэмрээ оруулцгаая.

 

ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ.

ЭНЭ БОЛ ХҮН БҮРТ ХАМААТАЙ!

Улсын Их Хурлын гишүүн, МонголУлсын Засгийн газрын гишүүн,

Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх