С.Лавров сайд Улаанбаатарт 5 цаг саатахын учир юунд байв?

 

 

Б.БААСАНСҮРЭН

Монгол Улс хоёрхон хөрштэй. Тэрхүү хоёр хөрш маань дэлхийн улс төр, геополитикийн бодлогыг тодорхойлолцож байгаа их гүрнүүд. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван аваргын хоёр нь энэ хоёр. Тиймээс ч завсар нь хавчуулагдан байгаа МУ-ын орон зай дахь энэ хоёр улсын эрх ашиг манайд хамгийн нөлөөтэй. Энэ хоёрын эрх ашиг хөндөгдөх глобаль асуудлаар сүүлийн үед манай эрх баригчдын гаргаж буй санал, хэлж ярьж байгаа үгс хөршүүдийн анхаарлыг татав бололтой.

С.Лавров сайд Улаанбаатарт 5 цаг саатахын учир юунд байв?ОХУ-аас МУ-д олон жил элчин сайдаар ажилласан В.Самойленко 2015 оны сүүлчээр Төвийг сахих Монголын саналтай холбогдуулан бичихдээ, "Дэлхийн болон бүс нутагт нөхцөл өөрчлөгдөж, Монголд нэн таатай стратегийн тогтвортой байдлыг хангахуйц, Ази дахь интеграцийн үйл явц яагаад УБ-д эргэлзээ төрүүлэв? Улаанбаатар ямар шинэ аюул, дуудлага харав, хэн хэний хооронд төвийг сахин хамгаалах гэж байгаа юм бэ? Хоёр хөрштэйгөө итгэлцлийн түвшнийг бууруулах тухай яриа биш л болов уу?. Эсвэл магад, төвийг сахих нь "гуравдагч хөрш”-ийн бодлогынх нь үр ашиг сулын нотолгоо юу?. Эн мэтчлэн цөөнгүй асуултууд гарч байна. Одоогоор хариултууд олдохгүй байна. Үүнтэй холбоотойгоор, Монгол Улсын төвийг сахих бодлого гаргах санаачилга нь гадаад бодлоготой холбоотой тодорхой зорилтуудыг шийдвэрлэх бус харин илүү өөрийн улс руу олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг өөртөө татах гэсэн түүний удирдлагын эрмэлзэлтэй илүү холбоотойгоор урган гарч байгаа юм болов уу. Эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийгэм дэх шүүмжлэлтэй хандлага, дотоод улс төрийн хурц зөрчлийн улмаас Улаанбаатар эдгээр асуудлаас гарахын тулд идэвхтэй гадаад бодлогоо золиосолж байна уу. (Пока на них ответа найти не удалось. В этой связи представляется, что идея объявления постоянного нейтралитета Монголией больше связана с желанием ее руководства привлечь внимание международного сообщества к своей стране, нежели с решением каких-то конкретных, практических задач ее внешней политики. Сталкиваясь с весьма сложной экономической ситуацией, ростом критических настроений в обществе, острой внутриполитической борьбой, Улан-Батор пытается искать выход из накопившихся проблем за счет более энергичной внешней политики.) гэж шордсон өнгөөр бичиж, ОХУ-ын байр суурийг тойруугаар илэрхийлсэн юм.УИХ-ын гишүүн Г.Уянгын нотолсоноор, Оросын Думын удирдлага 2015 оны сүүлээр айлчлалаар очсон УИХ-ын даргад илүү хатуу үгээр байр сууриа илэрхийлсэн байдаг.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Улаанбаатар руу мордохынхоо өмнөхөн энэ сарын 12-нд Москвад хэвлэлийнхэнтэй уулзахдаа "Монгол, Орос улсуудын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ?” гэсэн асуултанд хариулж, ”Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэг явдалд оролцох гэсэн гадны явууллагаас өмгөөлөн хамгаалахын тулд хоёр том хөрш нь- ОХУ, БНХАУ (хятад нөхдийгөө төлөөлөн өмнөөс нь үүнийг хэлэхээс эмээхгүй байна) бүхнийг хийх болно” ("Российская Федерация и Китай, не побоюсь сказать за наших китайских друзей, как два ваших великих соседа будут делать все, чтобы оградить нашу дружественную Монголию от попыток вмешательства в процессы вашего внутреннего развития”) гэж хэлсэн байна. Өнгөцхөн харвал, өрөөл бусдад хандсан өнгө аястай ч, ОХУ өөрийн болон Хятадын өмнөөс ийнхүү Улаанбаатарт сануулах нэг л асуудал байлаа.

Юу гэвэл, ОХУ-аас 1995 онд зай барьж, холдохдоо Туркмений хийсэн "байнга төвийг сахих” алхамыг нэр хаягаар нь манайхан 20 жилийн дараа буюу 2015 оны намраас үг үсэгчлэн хуулбарлан авч, өөрийн болгон НҮБ-ын чуулган дээр дэвшүүлсэн явдал юм. Дэлхий дээр, тэр тусмаа ОХУ-ын хил залгаа орнуудаас нь хэн ч ингэж аяглаж зүрхлэхгүй байхад найрсаг агаад өвчүүхэн жижиг Монгол нь гэнэт ийм алхам хийж, туйлбартай зүтгэх болсонд хөршүүд эргэлзсэн бололтой.

Туркмены тухайн үеийн байдал манай одоогийн нөхцөлөөс огт өөр, хүнд байв. Оросын цэрэг нутагт нь байрлаж байсан бөгөөд үргэлжлүүлэн байлгавал хил залгаа Афганы фанатуудын заналт дайсан болж урдаасаа балбуулахаас гадна, лалын харгисуудын дэмжлэгт тулгуурлан хил залгаа Тажикийг түйвээж байсан сөрөг хүчин ид хүчээ авч, баруун талаас нь Ашбахад руу хутга шаахад ойрхон байв. Олон дайсны хүрээлэлд орж бүслэгдэхээс амь зулбах арга нь Оросын цэргийг гаргаж эргэн тойрныхонтойгоо хэл амаа ололцож амсхийх явдал байж. Олон талаар ОХУ-аас хараат хэвээр байсан учир хойд их хөрштэйгээ хэт их муудалцахгүйгээр түүнээс хөндийрэх, чухамхүү "тугалыг нь тураахгүй, эцгийг нь эцээхгүй”, аль алины жин банг тааруулах арга зам бол тэдний дунд Төвийг сахих бодлого байж. НҮБ буюу олон улсын тавцан дээр тунхаглан, эл бодлогодоо байнга тууштай байх үүрэг хүлээсэн. Ингэсээр Афганы муджихед болон түүний ард ямар нэг хэмжээгээр байсан АНУ... өрнөдийхөн хийгээд, Тажикийн хууль ёсны болон сөрөг хүчинтэй эв зүйгээ ололцож амгалан энхийн замд орсон түүхтэй. Цэргийг нь гаргаж улс төр,эдийн засаг дахь нөлөөлийг нь бууруулж ирсэн төдийгүй ТУХН-ийн орнуудын Хамтаар аюулгүй байдлаа хангах байгууллага (ОДКБ)-д элсэлгүй сугарч үлдэж, ШХАБ-аас хөндий байж АНУ, Өрнөдтэй илүү ойртох зорилгодоо ч хүрч ирсэнд ОХУ 20 жил хэдий өнгөрсөн хэдий ч өнөө хүртэл чивүүрхэж, Туркменд таагүй хандаж ирлээ. Яагаад гэвэл өөрийнх нь геополитикийн бүс –Төв Азид нэмэгдэж буй ОХУ-ын нөлөөлийг нь төвийг сахисан Туркмен хязгаарлах хүчин зүйлийн нэг болсонтой холбоотой.

Туркмен бол байгалийн хийн их баялагаа олон оронд экспортлож, эдийн засаг, амжиргаагаараа Төв Азийн орнууд дотроо дээгүүр ордог, манийг бодохноо под хийгээд явчихсан потенциалтай,бие даасан улс..Герман, Франц,АНУ г.м. Өрнөдийн олон орны хөрөнгө оруулалтыг татаж чадсан, тэдний ашиг сонирхолыг манийг бодохноо өнгөрсөн 20 жилд нутагтаа цогцлоож чадсан сүрхий улс.

Элчин сайд Ж.Энхсайхны бичснээр бүр "1997 онд АНУ, Англи, Франц нь Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болох бодлогоос нь татгалзуулж, оронд нь улс орноо Туркменистаны адил байнга төвийг сахисан улс болгохыг санал болгож” байжээ. Гуравдахь хөршүүд энэ санаагаа дахин бидэнд өгүүлэлгүй,мартаж орхисон байсан ч хөршүүдээсээ илт зай барих санаа агуулсан Туркмений саналыг нэр хаягаар нь хүртэл шууд хуулбарлан тунхаглахаар хойд урьдууд маань таатай биш байгаа нь илт байна.

Монгол Улс хоёр хөршөөсөө түлш шатахуун, худалдаа, банк санхүү-өр зээл, зам тээвэр,цахилгаан эрчим хүч г.м эдийн засгийн бүрэн хараат төдийгүй гадаад улс төрийн хувьд нөлөөлийн бүсэд нь оршдогоо мартаж хэт шуурсан бололтой юм. Ялангуяа нэг талаас АНУ тэрүүтэй Өрнөд, нөгөө талын Хятад, ОХУ-тай ил сөргөлдөн, ашиг сонирхолын бүсээ булаалдах нь нэмэгдэж байгаа одоогийн цаг мөчид нейтраль байх манай дуу хоолой бүр ч цагаа олоогүй бололтой.

Манай төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар маань хэрээрээ л, төвийг сахих саналаа С.Лавровт тайлбарлаж дэмжлэг хүссэн байж таараа. Тэгэх л гэж түүнийг авсан байх. Гэтэл түүний амнаас энэ тухай ганц ч үг унасангүй. Харин ч "төвийг сахих” гэдэг үг урд нь оруулаагүй болохоос биш, "Айх аюулгүй, амар жаргалын буюу бурхан бумбын орон байгуулна("Создать "оазисы безопасности" не получится")гэвэл бүтэшгүй зүйл” хэмээн Монголын дипломатчид, улстөрчдөд уншсан лекцдээ С.Лавров шордоод авсныгhttp://asiarussia.ru/news/11984/мэт Оросын цахим ертөнцгарчиг тэргүүнээ болгон цохон өгүүлж байгаа нь анхаарал татаж байна.

Монгол Улсын ерөнхийлөгч 2015 оны намар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын удирдлагуудад төвийг сахих үзэл бодлоо хэр чадлаараа ихэд тайлбарласан хэдий ч айлчлалын дүнд гаргасан Тунхаглалд хятадын зүгээс Монголын энэ саналыг дэмжсэн ганц үг өгүүлбэр ч байсангүй нь санамсаргүй хэрэг биш болой. Түүгээр ч барахгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур, хяналт хатуу хятадын ялангуяа цэргийнхэний нь цахим ертөнцөөр \junshi.xilu.com\"Хятад, Орос бодит хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно. Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон барууныхны их тоглоом дунд Монголыг бас л Өмнөд Солонгос, Өмнөд Америк, Украин Оросын мөргөлдөөний дараах шиг нэг "шинэ тулааны талбар” болгох санаатай улсууд бий. Орос-Хятад-Монгол гурван тал гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй болж, энэ үр дүнг эсэргүүцэх аргагүй болно. Хятад, Орос хоёр талаас нь Монголыг сугавчлаад явчихад нэг их сонин гайхаад байх зүйл биш юм”. гэж сүүлийн жилүүдэд бичих болсон. Энэ нь С.Лавровын Улаанбаатарт ярьж хэлж байгаатай агаар нэг байгаа санамсаргүй зүйл биш гэлтэй.

Сүүлийн жилүүдэд Орос, Хятад, Монголын удирдагч нарын гурван талт уулзалт хийдэг механизм бүрэлдээд байгаагийн ач холбогдолыг С.Лавров сайд манийг хошигруулан байж өндөр үнэлэнгээ, Оросын хийгээд Хятадын үзэл бодлын өнцөгөөс гаргалгаа хийв үү гэлтэй. Учир юу вэ гэвэл, Улаанбаатар энэ саналыг анхлан гаргасанаараа Орос, Хятад хоёр Монголын асуудлаар нүүр тулж ярьж зөвлөлдөх, улмаар байр сууриа нэгтгэхэд сайхан олз, боломж олгосон гэдэг.

Хоёр их хөрш урьд нь Улаанбаатарын дээгүүр харайж Монголын хувь заяаны асуудлаар нүүр туулан аминчлан ярилцах хичнээн их эрмэлзэлтэй байсан ч үүнийг хэрхэн яаж эхлэхээс аль аль нь зүрхлэлгүй явж, арга эвээ олж ядан байтал ашгүй Улаанбаатараас санал гаргаж. Түүнийг нь шүүрэн авч өөр өөрийн язгуур зорилгодоо ийнхүү ашиглах болсон гэдэг дам мэдээ тархсан байсан нь үнэний ортой бололтой. Чингээд "Орос-Хятад-Монголын тэргүүн нарын уулзалт” гэсэн монголчууд бидэнд таатай хэдий ч, хөршүүдэд илүү өгөөжтэй механизмыг бүрдүүлж өгсөн юм байна. Гурван талын уулзалтыг монголчууд бид 2014 онд санаачлаагүй бол Орос,Хятад хоёр ингэж биеэ биеэ төлөөлөн УБ-т ирж, өнөөдөр бидэнд зааж зөвлөж чадах эсэх нь эргэлзээтэй дэг ээ.

Мэдээж соц үеийнх шиг "Москва найтаахад Улаанбаатар ханиадаг" цаг өнгөрсөн. Гэхдээ Түркмений замаар орж "байнга төвийг сахих” арга барилыг нь шууд хуулбарлахад өнөөдөртөө бидэнд үнэхээр ахаджээ. Гео-стратегийн буюу газар зүйн байрлалын хувьд Хятад, Оросын нөлөөлийн орон зай, бүс дотор нь оршдог Монголчууд бид хөршүүддээ таагүй сэтгэгдэл төрүүлэхээр алхамыг санаатай, санамсаргүй хийх чадал тэнхээ бүрдээгүй бөгөөд ойрын ирээдүйд хэзээ бүрдэх нь бүдэг балархай байна. "Монголын эдийн засаг-2016” чуулганыг нээж Ерөнхий сайд маань саяхан үг хэлэхдээ "Монголтой холбоотой асуудал Бээжин, Москвад шийдэгддэг цаг өнгөрөөд...” хэмээн үгээ эхэлж байсан. Ерөнхийлөгч маань НҮБ гэх мэт олон улсын том тавцан дээр төвийг байнга сахина хэмээн чанга дуугарсаны хариуг өгөхөөр Оросын сайд Улаанбаатарт хэдэн цаг саатав уу ч гэмээр.

Гэхдээ С.Лавров сайд БНХАУ-Монгол-ОХУ-ын гурван талын тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан "Евро-Азийн эдийн засгийн эдийн засгийн геополитикийн бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болох Хятадын "Торгоны зам”, Монголын "Талын зам” төслүүдийг харилцан уялдуулж, БНХАУ-Монгол-ОХУ-ыг дамнасан эдийн засаг-тээврийн коридор байгуулах” төслөө ургашлуулахад Монголын тал анхаарлаа төвлөрүүлэх нь аль алинд нь өлзийтэй болохыг сануулсан. Чингэснээр "тээвэр болоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, гурван улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэж зөвлөсөн байна. Түүгээр ч барахгүй, Монголын өр шир хэцүүдэж байгааг ойлгон, олон жил ОХУ-аас зээл хүсэж ирснийг маань нааштайгаар харж үзэх тухай дуугарав.

Нээрээ, төвийг сахина гэж хөөрцөглөж байж эзгүй их талдаа өнчин цагаан гэртэйгээ дэлхийн хөгжлөөс таслагдан үлдвэл яана. Монголчууд биднээс гадна тэднээс Монголыг хувь заяа их хэмжээгээр хамаарч байгаа нь яалтгүй үнэн юм чинь.

Аливаа үндэстэн бусдаас тасран салснаар хөгжин дэвждэггүй, харин ч ойрхонтойноо түлхүү харилцаж байж хөл дээрээ зогсоё. Дараа энэ хоёроор дамжин гарч цаадуултай нь хожмын өдөр харилцъя. Бид өнөөдөр "байнга төвийг сахих” нэрийн дор өөрийгөө түгжин хаах /хөршүүдийн анхааруулга саналуудыг болгоож/ зам руу явах бус, "Талын замыг” амилуулах асар илүү чадавхитай хоёр хөршөө түшиж, хүчин чадлыг бүрэн ашиглах арга замыг хайвал дээр байгаа.

Эх сурвалж: " Улаанбаатарын сонин” 2016.04.21

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх