Н.Гантөмөр даргаа, цахилгаан шатгүй гүүрэн гарцаараа хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэдий болтол тохуурхах вэ?

Н.Гантөмөр даргаа, цахилгаан шатгүй гүүрэн гарцаараа хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэдий болтол тохуурхах вэ?

Ц.ЭРДЭМ 

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой гуравдугаарсарын 6-нд тохиож, ойн хүрээнд МСНЭ, НЗДТГ хамтран "Ил тод, нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум”-ыг гуравдугаар сарын 4-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан билээ. Форумын үеэр Хан-Уул дүүргийн иргэн, ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн С.Гүнсэн гүүрэн гарцтай холбоотой асуудлыг хөндөж тавьж байсан юм.

Хан-Уул дүүрэгт 2014-2015 онд хоёр ч гүүрэн гарч ашиглалтад орсон. Эхнийх нь 120-ын автобусны буудал дээр байгуулсан битүү дээвэртэй гүүрэн гарц. Автобусны буудал дээр байсан гэрлэн дохио нь автомашины хөдөлгөөний урсгалыг удаашруулж түгжрэл үүсгэдэг, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах гэдэг хоёр асуудлыг энэхүү гарцаар шийдэж байгаа хэмээн хотын албаны хүмүүс ярьж байсан. Энэ гүүрэн гарц ашиглалтад ороод хоёр жил болж байна. Гэтэл цахилгаан шатных нь сураг байхгүй өдий хүрч байна. Шатных нь өндөр нам энгийн хүнд бус сагсчин Шаравжамцад тааруулсан гэмээр өндөр. Гүйгээд дэгдээд буучих залуу улсаас бусад хүн бол өгсөж уруудахдаа болгоомжтой явахгүй бол тун эвгүй. Ялангуяа уруудахдаа эвгүй гишгэвэл үсрээд уначихмаар.

Нөгөө нэг гүүрэн гарц нь 19-ийн автобусны буудлынх. Ил задгай гарц. Тэр хавьдаа цагаан шугам байхгүй тул зам гарахад хэцүү байсныг энэ гарц шийдсэн. Шатных нь стандарт нөгөөхөө бодвол ганцхан Шаравжамцад биш, арай энгийн хүнд зориулсан. Гэхдээ цахилгаан шат байхгүй. Цахилгаан шатгүй гүүрэн гарц гэдэг нь таягтай, хөл муутай хөгшчүүл эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухайд тохуурхал. Ялангуяа ил гүүрэн гарцны хог шороог цэвэрлэж байгаа ТҮК-ийн үйлчлэгч нар тоосноос өөрсдийгөө хамгаалаад шүүрээ норгож байгаад шүүрдчихдэгээс болоод өвлийн ид хүйтнээр хөгшин байтугай залуу хүнд аюултай болчихдог байна. Замын урд талд байдаг цэцэрлэгт бага насны хүүхдээ өгдөг хүмүүсийн тухайд гишгүүр нь хөлдчихсөн шатаар өгсөж уруудна гэдэг амархан ажил биш.

Ийм аюултай нөхцөл байгааг ХУД-ын иргэн ахмад сэтгүүлч С.Гүнсэн гуай "Ил тод, нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум” дээр хөндөж, хүнд зориулаагүй дэд бүтцээс болж хөгшчүүл хохирч байгааг баримттайгаар шүүмжилсэн. Улсын арслан Сосорбурам гуай хальтирч унаад хэвтэж байгааг хэлээд гүүрэн гарцнуудынхаа цахилгаан шатыг ажиллуулаач, тэгж чадахгүй бол энэ төмрөө нураагаач гэж хэлж байсан билээ.

Ахмад сэтгүүлчийн энэ шүүмжлэлд Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр хариулахдаа "Гүүрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт дандаа шинээр хийгдсэн байгаа. Гүүрэн гарцуудыг 2012 оноос хийж эхэлсэн. Цахилгаан шатыг ажиллуулна” гэдэг амлалт өгөөд байсан. Гэтэл гуравдугаар сарын 5-наас хойш 40 хоног өнгөрч байхад Н.Гантөмөр даргын амлалт хэрэгжсэнгүй. 120-ын автобусны буудлын гүүрэн гарцны цахилгаан шат ажиллахгүй хэвээр. Дээрээс нь хогондоо дарагдсан, тоос бужигнасан энэ гүүрэн гарцныхаа хариуцах эзэн, цахилгаан шаттай хийнэ гэж мөнгийг нь авчихаад хийхгүй байгаа хариуцлагагүй эзнийг хотын дарга нар олж ажлыг нь дуустал хийлгэхэд яагаад анхаарахгүй байгаа нь сонин. Н.Гантөмөр даргын хэлснээр энэ гүүрэн гарц 2012 оноос хойш баригдсан. 2012 оноос хойш "Хотод бүтээн байгуулалтын бослого хийсэн” гэж өөрсдийгөө рекламдаад байгаа Э.Бат-Үүлийн багийнхны "бүтээнг байгуулалтын бослого”-ын нэг. Дутуу, стандартгүй хийгдсэн "бүтээн байгуулалтын бослого”-оороо хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэдий болтол тохуурхан доромжлох вэ, Н.Гантөмөр даргаа

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх