Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

  Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.

  Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал, 166 мянган тонн төмс, 107 мянган тонн хүнсний ногоо хураан авна гэж төлөвлөж байна. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангах боломжтой гэж үзжээ.

14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримал, 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхлэхээр бэлтгэлээ хангаж байна. 

Товч мэдээ

-  Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг,  дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, "УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 

-  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.

-  Ирэх онд баригдаж эхлэх Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр /Үндэсний урлагийн их театр/, Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төсөл гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

 

-  Бүгд Найрамдах Грек Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улстай байгуулах Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх