Жагсаалтгүй сонгууль, АН, МАН-д ашигтай хувилбар

-Цэцийн шийдвэрээр далимдуулан Сонгуулийн хуульд өөрчлөлт хийнэ-

Д.Баярбилэг

"Жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна”. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас ийм шийдвэр гаргачихлаа. Үүнийг эхлээд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хүлээн зөвшөөрлөө, дараа нь байнгын хороодын хурлаар ороод "Хүлээж авах нь зүйтэй” гээд олонхийн саналаараа шийдчихлээ. УИХ-д олон суудалтай хоёр намын бүлэг л "За” гээд дуугарчихсан хойно одоо УИХ-ын чуулганаас ямар шийдвэр гарч ирэх нь үндсэндээ ойлгомжтой болчихоод байна. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авсан тохиолдолд цаашаагаа Их суудлын хуралдаан энэ тэр гэх шаардлага байхгүй. Харин Сонгуулийн хуулиа өөрчлөөд явахад саад болж мэдэх хүчин зүйл нь Ерөнхийлөгчийн зүгээс ирэх хориг байх магадлалтай. Гэхдээ хориг тавьлаа ч гэсэн УИХ "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй” гээд л шийдчих эрх нь байж байгаа. Цэцийн шийдвэр хийгээд Сонгуулийн хууль тойрсон асуудал ингэж өрнөж байгаагийн цаана МАН, АН хоёр тойрог нь жижиг байх уу, үгүй юу, жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд яаж хуваарилах вэ гэдэг дээрээ тохиролцож байгаа гэдгийг улс төрийн хүрээнийнхэн бүгд мэдэж, ярьж байна. Хөдөөд мандатын тоог олноор нэмэх нь МАН-д, хотод илүү нэмэх нь АН-д ашигтай гэж үзэж байгаа бөгөөд эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд тэнцүү хуваах нь зүйтэй гэдэг дээр тохиролцох бололтой.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцээд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Одоо баталчихаад байгаа Сонгуулийн хуулийн намын нэрсийн жагсаалттай холбоотой хэсгийг өөрчлөхдөө давхар хийгдэж магадгүй өөрчлөлт нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох хугацаа. Уг нь бол тавдугаар сарын 10 гэхэд сонгуульд нэр дэвшигчид тодорсон байх ёстой. Харин үүнийг өөрчлөх сонирхол Цэцийн шийдвэрийг захиалагчдад байгаа гэнэ. Өөрчилж, нэр дэвшигчдийн нэрсийг тодруулах эцсийн хугацааг зургадугаар сарын 1-н хүртэл хойшлуулах хувилбар АН-ын дотор яригдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид тодорлоо, сонгуулийн сурталчилгаа эхэллээ, сонгууль дууслаа гэдэг "гялс, манас” зарчим өөрсдөд нь ашигтай гэж үзэж байгаа хэсэг АН-ын бүлэгт дотор байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

Сонгуулийн хуулийг эхнээсээ дархлаагүйгээр батласаныхаа хэргийг энэ мэтчилэн ашиглахаар олон янз бүрийн хувилбарыг АН, МАН-ынхан гаргацгааж байна. Ингэж улайраад байгаагаийн цаана улс орноо авч явахын төлөө өрсөлдөөн гэхээсээ илүү улс төрийн хувьд үхдэл болчихгүйн төлөөх тэмцэл явагдаж байна. Сүүлийн хоёр жилийн туршид АН-ын рейтинг уруудаж байгаа. Дотооддоо зөрчил тэмцэл ихтэй, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг харсан олон амбийц, баялгийн хуваарилалт дээр сууж байх эрх ашгийн зөрчилдөөн нь АН-ыг дотроос нь идэж байна. Түүнээс АН-д гаднаас нөлөөлөөд унагаад байгаа хүчтэй улс төрийн хүчин өнөөдөр тэртээ тэргүй байхгүй байгаа билээ. Бурхан багш "Бурхны шашныг гаднаас нь хэн нэгэн нураахгүй, харин сургааль номлолыг минь буруугаар ойлгосон бурхны шавь нар өөрсдөө дотроосоо л нураана” гэж хэлсэн гэдэг. Үүн лугаа адил ардчилал гэж хамгийн их ярьдаг, ардчиллыг намынхаа өмч гэж ойлгодог ардчилагчид өөрсдөө Ардчилсан намынхаа нэр хүндийг шавартаа хутгаж байгаа нь өнөөдрийн бодит үнэн. АН-д өнөөдөр хэдэн толгой байгааг хэлэх хэцүү.

АН, МАН хоёр хоёр ч удаа хамтран засгаа байгуулж байсан. Одоо айсуй сонгуулиар энэ хоёр нийлж засаглах магадлалыг Цэцийн шийдвэрээр өөрчлөлт орох Сонгуулийн хууль улам бататгаж өгч байна. Жагсаалт гэж байхгүй, 76 гишүүнийг тойргоос сонгох нь мөнгөтэй нэр дэвшигчтэй намд л ашигтай. Х.Баттулга гэхэд л Баянхонгорыг, "Ажнай” Д.Бат-Эрдэнэ Өмнөговийг, "Мон уран”-ы Х.Наранхүү Дундговийг, Энх-Амгалан Хөвсгөлийг гээд бараг "хувьчлаад” авчихсан улс аль аль намд нь бий. 4-12 жил тойргийнхоо сонгогчдыг мөнгөөр бэлгээр дарчихсан гишүүдтэй өөр бусад намын нэр дэвшигчид тойрогт өрсөлдөөд гарч ирнэ гэж үү. С.Ганбаатарын, Г.Уянгын нэр хүнд хэчнээн өндөр байлаа гээд нэрийг нь тогтоож амжаагүй намуудаас нь гараад ирэх улстөрч байхгүй байгаа.

Улс төрийн судалгаануудаас үзвэл намуудын нэр хүнд унасан байгаа болон аль ч намын төлөө саналаа өгөхгүй гэж бараг хоёр хүний нэг нь үзэж байгаа нөхцөлд бие даагчдад ээлтэй сонгууль болох нь гэдэг мессеж нийгэмд хүчтэй байна. Үүнийг "87 бие даагч бүртгүүлээд байна” гэсэн Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээс харж болно. Гэхдээ бие даагч ганцаараа гарч ирээд юу хийж чадах вэ гэдэг өөрөө маш том асуулт. Бие дааж гарч ирчихээд дараа нь нам бараадаад эсвэл нам байгуулаад явчихдаг жишиг жишээ Л.Гүндалайгаас эхлээд Ц.Даваасүрэн, С.Ганбаатар гээд зөндөө олон байна. Сонгуулийн өмнөх хуулиудад байсан "Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэдэг заалт үл мэдэгдэх шалтгаанаар гээгдсэн болон Цэц дөрвөн жилийн өмнөхөөсөө өөр шийдвэрийг гэнэт гаргаж ирж байгаа зэргээс харахад АН, МАН хоёр жижиг намууд хийгээд бие даагчдыг хажуугаараа гишгүүлэхгүйгээр хайрцагласан нь анзаарагдаж байна. Айсуй сонгууль ямар өнгөтэй байхыг хуулиар нь хайрцаглаад байгаа АН, МАН хоёрт сонгогчид ямар дүн тавих бол гэдгийг харах л үлдэж байна даа.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх