Ч.Улаан сайд улайсангүй

Монголын махны холбоо, Хүнсчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноос, ноолуурын холбооны удирдлагууд өчигдөр "Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн. Засгийн газраас таван сая амьд мал экспортлох зөвшөөрлийг олгохоор болжээ.  Ингэхдээ  зөвхөн нэг компанид давуу эрхтэйгээр олгож байгааг тэд мэдээлэв.  Мөн тус компани нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хамаарал бүхий этгээдийнх учраас АТГ-т хандан шалгуулна гэдгийг онцолж байв.  Энэ мэдээллийн дараа буюу өчигдөр үдээс хойш  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн хариу мэдэгдэл хийсэн. Талуудын байр суурийг хүргэе.

 

Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Ч.Улааныг АТГ-т шалгуулна

-Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж байна.  Тэгэхээр тэднийг АТГ-т шалгуулах хүсэлтийг өгнө. Түүнчлэн малыг амьдаар гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж, яаралтай шийдвэр гаргах тухай албан бичгийг хүргүүлж байна. Амьд мал гаргахын цаана БНХАУ өөрсдийнхөө иргэдийг малжуулах хөтөлбөр явагдаж байгаа. Мөн манай ноолуур БНХАУ-ын ноолуураас илүү чанартай. Яг энэ үед манайхаас ямаа авснаар ноолуурын салбарт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс бид амьд малын экспортыг зогсооно гэж найдаж байна.

 

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хуулийн шаардлагаа тавиад явах учраас ашиг сонирхол үүсэхгүй

-Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Ер нь бол үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна. Манай эхнэрийн дүү мал экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх "Бит Монголиа” гэх компани байгуулсан нь үнэн. Хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулсан юм билээ. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэсэн холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Түүнчлэн хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Хуулийн шаардлагаа тавиад явах учраас ашиг сонирхол үүсэхгүй байх.

Ийнхүү өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны холбооноос хийсэн мэдээллийг үгүйсгэсэнгүй.  Манай эхнэрийн дүү компани байгуулсан нь үнэн,  тэр нь мал хөлөөр нь гаргах гэж байгаа гэдгээ улайсангүй хүлээв.  Энэ асуудал дээр ашиг сонирхлын зөрчил ч үүсэхгүй гэв. Тэгвэл хамаарал бүхий этгээдийн талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой заасан.

Энэ хуулийн заалтыг эрхэм улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд нарт хэлж өгөхгүй бол "Манай эхнэр, нөхөр. Гэхдээ надад хамаагүй” гэх утгатай зүйлс их ярих болжээ. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт дараах хүмүүсийг багтаадаг. Үүнд эцэг эх, ах эгч, дүү, гэр бүлийн гишүүн,  хамтран амьдрагч,  эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах эгч, дүү,  бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий хэмээн хамаатуулжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх