“Улаанбаатар эдийн засаг форум” энэ баасан гаригт болно

"Улаанбаатар эдийн засаг форум” энэ баасан гарагт буюу зургадугаар сарын 28-нд "Блю Скай” зочид буудалд болно.

Уг форум 2015 оноос хойш жил бүр "Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж иржээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, "Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах зорилгоор илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан "Залуусын хот”, "Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, "Хотын хэрэглээ”, "Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэн зохион байгуулах аж. Тус форумд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцоно.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх