“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” боллоо

Нийслэлийн ЗДТГ "Улаанбаатар эдийн засгийн форум-2019”-ыг өнгөрсөн бямба гаригт Blue Sky зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Хотын захирагч "Х.О.Т концепц”-оо танилцууллаа

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ "Х.О.Т концепц” буюу хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлогоо танилцуулсан юм.

Хүн төвтэй хотбодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авилга хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.

Орчин төвтэй хотбодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.

Төлөвлөлт төвтэй хотбодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно.

Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн юм.

Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманн Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой эдийн засгийн форум үргэлжилж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон тогтвортой хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавилаа. Тэрбээр "Хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй. Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих, аж үйлдвэр инноваци, дэд бүтцийг хөгжүүлэх, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах ёстой. Төр болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажилласнаар Улаанбаатар хотыг хөгжүүлж чадна гэдэгт би итгэж байна” гэлээ.

Монгол Улс залуучуудын хөгжлийн индексээрээ 170 орноос 49 дүгээрт жагсдаг

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат "Залуусын хот” сэдвээр танилцууллаа.

Тэрээр илтгэлдээ "Монгол Улс залуучуудын хөгжлийн индексээрээ 170 орноос 49 дүгээрт жагсдаг. Залуусын хөдөлмөр эрхлэлтийн хандлага нь тасралтгүй шинэ юм сурах, ажлын цагийн болон байршлын уян хатан байдлыг чухалчилдаг, шинэ сорилтуудыг туршдаг байна. Ирэх 10 жилд нийслэлд шинээр 390 мянган ажлын байрны эрэлт үүснэ. Өнөөгийн залууст боловсрол мэдлэг, хөгжих орчин, амьдрах орчин, ажлын байр, эрүүл мэнд, нийгмийн нөхцөл байдал гэсэн хэд хэдэн тулгамдсан асуудлууд байна. Мөн залуусын амьдрах орчны хүрээнд нийслэлд 392.400 орон сууцны эрэлт бий. Нийслэлээс залуусын хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэлд "Улаанбаатар инновацийн төв” болон үйлдвэр, технологийн паркууд байгуулсан” хэмээсэн юм.

Жил бүр 200 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ

 Чуулганы дараагийн илтгэлийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэв.

Тэрбээр илтгэлдээ "Нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 2018 оны байдлаар 501.934 байна. Өдөр тутам үйлчилгээнд 949 автобус үйлчилдэг. Бүртгэлтэй таксины тоо 2019 оны байдлаар 598 байна. Улаанбаатар хотын барилгажсан хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ хотын төв хэсэгт төвлөрч, хөдөлгөөний урсгалыг өөртөө татаж, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Энэ хүрээнд нийслэлийн автозамыг гурван бүсэд хувааж, бүс доторх бүх зогсоолыг хариуцах эзэнтэй, тус тусын төлбөртэй болгох, эдгээр бүсүүдэд хувийн автомашины хэрэглээг аль болох хумих бодлого хэрэгжүүлнэ. Харин нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгслийн зорчилтыг дэмжих бодлого баримтална. Мөн жил бүр 200 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ” хэмээн онцолж байлаа.

Тавигдсан илтгэлүүдийн хүрээнд хувийн хэвшил, шинжлэх ухааны академи болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөтэй ярилцлаа.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх