Германд төгсөгчдийн чуулга уулзалт

Б.ЭНЭРЭЛ

Герман-Монголын боловсролын хамтын ажиллагааны 90 жилийн ойд зориулан Германы Эрдмийн солилцооны алба (DAAD)-наас эрхлэн дөрөвдүгээр сарын 27-нд ШУТИС дээр чуулга уулзалт зохион байгуулж байна.

Түүх сөхвөл, Монгол оюутан, сурагчид анх 1926-1930 онд Герман улсад суралцаж байсан билээ. Бүрэн дунд сургууль, техник мэргэжлийн сургууль, техникумд суралцаж байсан монгол сурагчдын дундаас хожим манай улсын тэргүүлэх сэхээтнүүд олноор төрөн гарсан байдаг юм. Тухайлбал, их зохиолч Д.Нацагдорж, төрийн хошой шагналт зохиолч Д.Намдаг, зохиолч Н.Наваан-Юндэн, ардын зураач Л.Намхайцэрэн, ардын багш Г.Батсүх, төрийн шагналт, академич Т.Аюурзана, геологийн ухааны доктор Ж.Дүгэрсүрэн нарын зэрэг олон хүн салбар салбартаа анхдагч болж байсан түүхтэй.

Тэр үеэс өнөөг хүртэл нийт 2700 монгол хүн Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны тэтгэлэгт хамрагдан Германд боловсрол эзэмшжээ.

Герман-Монголын боловсролын хамтын ажиллагааны явцад өргөн хүрээтэй, урт хугацааны хамтарсан төслүүд ялангуяа археологи, биологи, уул уурхай, хүрээлэн буй орчин гэх мэт салбарт хэрэгжиж үр дүнгээ өгчээ.

Түүнчлэн МУБИС, Хүмүүнлэгийн Их сургууль, МУИС дахь Германы Эрдмийн Солилцооны Алба(DAAD)-ны суурин төлөөлөгчдөөр дамжуулан хэл шинжлэлийн судалгаа, их дээд сургуулийн герман хэлний сургалтыг олон жилийн хугацаанд дэмжиж ирсэн аж.

Мөн 2013 онд Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль байгуулагдсан билээ.

Уг чуулга уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэн хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэх шинэ санаа дэвшүүлэх, санал бодлоо солилцох ажээ.

Ойн хүрээнд Германы Эрдмийн солилцооны алба (DAAD), Архивын ерөнхий газартай хамтран "Алс газар сурахаар одогсод” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн ХБНГУ-ын Элчин сайдын яаман дээр нээжээ.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх