Монголын тэшүүрийн холбоог шинэчлэх шаардлагатай гэв

 

Б.Энэрэл

Монголын тэшүүрийн холбооны гишүүд, тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл холбооны үйл ажиллагаа доголдолтой байгаа тухай мэдээлэв. Тус холбооны гишүүд, удирдлагууд 2014 оны сүүлээс ашиг сонирхлын зөрчилтэй болж хоорондоо үл ойлголцохээс эхлээд олон улсын тэмцээнд оролцох тамирчдаа ялгаварлаж хагаралдах болжээ. Энэ тухай холбооны удирдлагуудад удаа дараа сануулсан ч хариу өгөхгүй байгааг гүйцэтгэх захирал асан Ч.Дагвадорж онцлов.

Тэрээр Монголын тэшүүрийн холбооны явуулж байгаа одоогийн үйл ажиллагаа тэшүүрийн спортыг бүх нийтийн хүртээл болгох, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынхаа үндсэн бүлэг хүмүүсээр тойрон хүрээлүүлж тамирчид, дасгалжуулагчдыг ялгаварлан үзэж, тэднийг элдэв аргаар шахан гадуурхах зэрэг зүй бус үйл ажиллагаа удаа дараа гаргаж байгаа гэв. Тухайлбал, холбооны удирдах зөвлөлийн ирц бүрдэхгүйгээс хурлаа хийж чадахаа больжээ. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байдаг гол албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргыг 2014 оны арваннэгдүгээр сараас хойш дөрвөн удаа сольжээ. Үүнээс болж холбооны үйл ажиллагаа тогтворгүй, өмнөх жилүүдийн адил төлөвлөсөн ажлууд урагшилдаггүйг хурал зохион байгуулагчид ярив.

Ялангуяа тамирчдын хэвийн бэлтгэл сургуулилт хийх, гадаадад тэмцээнд оролцоход хүндрэлтэй болсон гэнэ. Жил бүр гүйлтийн тэшүүрийн залуучуудын олон улсын "Нөхөрлөл” тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байхаар Олон улсын тэшүүрийн холбооныхонтой тохиролцсон ч албан ажил болоогүй, зохиогдсон тэмцээнүүдийн мөнгөн шагнал тамирчдад очихоо больсныг тэд бас хэллээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн хоёрдугаар сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн шагналыг одоо хүртэл тамирчдад олгоогүй гэнэ. Мөн жил бүр багш нарын дунд зохиогддог сургалт семинар тасалдаж, өвлийн улиралд болдог тэмцээний тоо эрс цөөрсөн гэж байна.

Түүнчлэн "Төрийн бус байгууллагын тухай хууль, Монголын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу холбоог шинэчлэхээр удирдах зөвлөлд хэд хэдэн удаа хандсан ч бидний саналыг хүлээж аваагүй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль, журмынхаа дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах түр хороо, ажлын хэсэг байгууллаа. Монголын тэшүүрийн холбооны үйл ажиллагаа болон санхүүд шалгалт оруулах, шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэх, холбооны дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай байна” хэмээн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Дагвадорж ярилаа.

 ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх