Дагаар орогсод хаана нэр дэвших вэ?

-Г.Батхүү Н.Батцэрэгээр, Ц.Оюунгэрэлийг Б.Эрдэнэбатаар жийлгэх үү?-

Ц.ЭРДЭМ

УИХ-ын сонгуулийн өмнө АН намын дарга байсан гишүүдээр бүл нэмж байна. Эх орон, МҮАН дангаараа сонгуульд орохгүй, ИЗНН, ХҮН тус намыг дэмжиж ажиллахаа зарласан. Гэхдээ ИЗНН, ХҮН хоёр удирдлага нь салж нийлж, тамга тэмдэгний нь учир олдохоо болиод байгаа. Ингэж АН руу хандаж байгаагаа эдгээр намын удирдлагууд үзэл баримтлал нэг чиглэлтэй, нэг угшил гаралтай, намууд нэгдэх нь улс орны эрх ашиг гэх мэтээр тайлбарлаж байна. Дагаар орохоо мэдэгдээд байгаа намууд бүгдээрээ нийлээд ч УИХ-ын сонгуульд бүлэг байгуулах хэмжээний санал авч чадахгүй нь тодорхой. Тиймээс АН-ыг дэмжиж байгаагийн цаана намын тамга өвөртөлсөн дарга нар нь гэж хэдэн хүн АН-аас нэр дэвших эрхтэй болох сонгуулийн өмнөх наймаа явагдаж байна. АН-д дагаар орсон намын тоог өнгөрсөн пүрэв гаригт буюу тавдугаар сарын 12-нд Монголын либерал нам нэмлээ. Тус намын дарга Б.Амгаланбаатар АН-д элсэн батлахаа З.Энхболдоос гардаж авчээ. Сонгуулийн үеэр нэр нь дуулддаг бусад үед таг чиг байдаг намын нэгийнх нь дарга ингэж АН-д элсээд зогсохгүй, "Монголын либерал намынхаа залуусыг ч Ардчилсан намд элсэхийг уриалж байна” гэсэн байна. Энэ хүнийг дагаад орж ирэх тийм олон гишүүн Либерал намд байгаа эсэх нь хамаагүй, хамгийн гол нь бас нэгэн нам АН-д ирж нэгдэж байгаа нь л чухал биз ээ.

Энд тэндэхийн байгаа байхгүй ь бараг мэдэгдэхгүй явсан жижиг намуудыг сонгуулийн өмнө өөр рүүгээ татаж байгаа нь сайн хэрэг боловч хариуд нь тэдэнд дэвших тойрог хуваарилах гэж нэг ажил гарч ирж байгаа юм. Угаасаа дотроо бүлэглэл фракцуудынх нь зөрчил буцалж байдаг АН-ын хувьд дэмжиж байгаа намуудын тоогоор нэг нэг тойрог гаргаж өгөх хэрэгтэй болсон нь "хэрүүлийн алим”-ных нь тоог нэмж байгаа аж.

МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрөө нэр дэвшихгүй гэдгээ зарласан ч саяхан МҮАН-аас гарч АН-д орсон М.Сономпил, Н.Батцэрэг нарт өрсөлдөх тойрог гаргаж өгөх болсон нь Өвөрхангай аймгийг АПУ компанийн салбао мэт боддог Г.Батхүүг уурлуулж байгаа сурагтай. Г.Батхүүгийн оронд Н.Батцэрэгийг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа бол М.Сономпилийн нэр Дархан-Уулд өрсөлдөх хүний жагсаалтад орж байгаа гэнэ.

"Эрэл”-ийн гэх тодотголтой "Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат АН-ыг дэмжих болсон учрыг бизнесийн хүрээнийхэн хийж хэрэгжүүлж байгаа томоохон төсөлтэй нь холбон тайлбарлаж байна. Улс төрийн үзэл бодлоо дагасан гэхээсээ илүү бизнесийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс АН-ыг түшиж байгаа гэх Б.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ардчиллыг төлөөлөн нэр дэвших магадлалтай аж. Угаасаа АН Хөвсгөл аймагт нэр дэвшчих орон нутагтаа нэр хүндтэй лидер муутай нь ч нэг талаасаа нөлөөлж байгаа бол нөгөө талаасаа зарим асуудал дээр намын удирдлагынхаа санаа бодлыг сөрж кноп дараад байсан Ц.Оюунгэрэлийг нэр дэвшүүлэхгүй үлдээх зорилго явж байгааг үгүйсгэх аргагүй.

ИЗНН-ын дарга С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ тус нам гурван даргатай. Ц.Ганхуяг нь АН-тай нэгдэхгүй, МАХН-тай нийлнэ гэх юм ярьсан учраас АН түүнд нэр дэвших тойрог өгнө гэдэг худлаа гэсэн үг. Харин МҮХАТ-ын Ерөнхийлөгч асан С.Дэмбэрэлд Хан-Уул дүүрэг хавиар нэр дэвших эрх олгож магадгүй гэнэ. ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Хүдэр-Ян Хэнтий аймагтаа нэр дэвших гээд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд чухам бие даах уу, эсвэл АН-аас уу гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.

ХҮН-ы дарга болж мандсан С.Ганбаатар угтаа бол АН-аас нэр дэвших боломжтой. Яагаад гэвэл нам нь АН-ыг дэмжинэ гэдэг бичиг сачиг өгчихсөн учраас. Гэхдээ өөрөө МАНАН-д орохгүй гэж мэдэгдээд буй. МАН, АН хоёрын аль нэгийг нь сонголоо гэхэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг мөрөөдөж буй С.Ганбаатарын мөрөөдөл замхран одно. Тэгэхээр энэ хоёрыг сонгох аргагүй нь мэдээж. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд "С.Ганбаатар, Н.Энхбаяр нар нийлж магадгүй” гэх мэдээлэл их явж байна. Хоёулаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тоосоо өргөхчих хүсэлтэй нь тодорхой улс энэ удаад нэг замаар хамт явж чадах болов уу гэдэг эргэлзээтэй билээ.

АН-ын дарга З.Энхболд ямар ч гэсэн дэмжих гэдэг сайхан үгээр халхавчилсан дагаар орогчдоо тойрогтой болгохдоо дургүй хүмүүсээ жийж, бас МАН-д өгөөш болгон хаяж байгаа дүр зураг харагдаад байх юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа Зи даргын энэ тактик эргээд хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордогийн үлгэр болохгүй гэх баталгаа байгаа болов уу?
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх