УИХ-ын сонгуульд бие даагчдын эргэн тойронд

Д.Баярбилэг

УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцох нь тодорхой болсон. Харин хэчнээн бие даагч өрсөлдөх вэ гэдэг нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тодорхой боллоо. Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгсөн 93 бие даагчийн нэр тодорхой боллоо. Гэхдээ энэ нь зөвхөн УИХ-ын сонгуульд бие даан хүч үзэхээр шийдсэн улс гэдгийг дахин хэлье.

 

ХҮН-ы гишүүд хоёр хувилбартай байсны ачаар

Хоёр даргатай, хоёр тамгатай болж хуваагдаад баларч, бутарсан ХҮН-ынхан эхнээсээ хоёр хувилбартайгаар буюу намаараа сонгуульд орж чадахгүй бол бие дааж оролцоно гэж алсыг харсан нь чухам өнөөдөр хэрэг болж байна. Нам нь сонгуульд бие дааж оролцохгүй нь тодорхой болсон ч бие даагчид нь өрсөлдөх боломж нь үлдлээ. Хоёр тал болж хэрэлдээд байсан улсаас лав Д.Миеэгомбо, Б.Найдалаа, Т.Доржханд, О.Алтангэрэл, С.Боргил гээд ХҮН-ы олны мэдэх гишүүдийн нэрс бие даагч 93-ын дунд байна. Тэр бүр олон нийтэд ил гараад байдаггүй гишүүд нь ч бас байгаа бөгөөд нийтдээ 20 гаруй нь тус намынхан гэх мэдээлэл байна.

 

"Улаанбаатар смарт карт”-ын дарга Дундговьд

 

"Улаанбаатар смарт карт” гэхээр уншигчид андахгүй. Автобусны цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн компани гээд. Энэ төслийг гардан ажилласан Б.Мөнхболор угтаа бол АН-ын гишүүн хүн. Хотын тээврийг ухаалаг болгосон хүнээ Нийслэлийн АН нэг их тоогоогүй юм болов уу даа. "Улаанбаатар смарт карт”-ын ТУЗ-ын дарга гэх албан тушаалтай Б.Мөнхболор төрсөн нутаг Дундговь аймагтаа бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ. Дундговь аймгаас 2012 онд "Мон-Уран” компанийн эзэн Б.Наранхүү нэр сонгогдсон. Аймгаа хувьчлаад авчихсан шахуу гишүүдийн нэг Б.Наранхүүгээ нам нь бодлогоор дэмжиж байгаа учраас АН-ын гишүүн Б.Мөнхболор бие дааж өрсөлдөхөд хүрсэн гэж ойлгогдож байна.

 

М.Наранбаатар Өвөрхангайд, Л.Наранбаатар Дарханд

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн дарга асан М.Наранбаатар улс төр рүү орохоор шийджээ. Гэхдээ улс төрийн аль нэгэн намыг бараадахгүй бие дааж өрсөлдөх нь. УИХ-ын дарга З.Энхболдод чичлүүлж ажлаа өгсөн. Ажилгүй болоод зогсохгүй АН-ын нэгдүгээр хүнийг гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагдсан нь М.Наранбаатарыг улс төр рүү түлхсэн буй заа.

Дархан-Уул аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар Эдийн засгийн форумын үеэр УИХ-ын дарга руу оймсоо шидэж, дуулиан тарьж байсан нөхөр. Оймсны асуудлаасаа болсон уу яасан тун удалгүй Дарханы намын даргын ажлаа хүлээлгээд өгчихсөн бөгөөд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө бүртгүүлжээ. Дарханы АН нь хоёр дарга, хоёр тамгатай болчихоод хэрүүлтэй маргаантай байгаа учраас Л.Наранбаатарын сонголт зөв гэх хүн ч байна.

Нара, Нора, Гантуяа гээд бүсгүйчүүд

 

Дуучин М.Нарантуяа буюу Нара Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшинэ гэдгээ хоёр сарын өмнөөс зарласан. Нарагийн хувьд өмнө нь нам энэ тэр гээд байгаагүй, нэр цэвэр бие даагчдын нэг. Бие даагч бүсгүйчүүдийн цувааг хуульч М.Ичинноров буюу Нора үргэлжлүүлж байна. Дуучин Нарагаас ялгагдах нь хуульч Нора МАН-д ч орж, МАХН-д ч элсэж, АН-тай ч ажиллаж явсан улс төрийн хуучин түүхтэй нэгэн. Тэрээр энэ удаад Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа гэж бүсгүйг Оюутолгой компанитай зарга хийж байсныг уншигчид санаж буй биз ээ. Дараахан нь "Иргүн” гэдэг ном гаргаж байсан бас иргэний нийгмийн чиглэлээр ажиллах болсон С.Гантуяа аль нэгэн намыг дагаж биш бие дааж улс төр хийхээр шийдсэн байна.

 

Доктор С.Наранмандах Чингэлтэйд

Удирдлагын академийн багш асан доктор С.Наранмандах Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ. Улс төр, орон нутгийн өөрөө удирдах ёсны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийсэн доктор энэ эмэгтэй эрдэм судлалаас гадна төрийн захиргааны ажлын туршлагатай нэгэн. Тодруулбал, 2000-2004 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, хотын дүүргийг удирдсан анхны эмэгтэй дарга. Улс төрийн карьераа цааш үргэлжлүүлээгүй шалтгааныг нь МАН буюу хуучин нэрээр МАХН засаглаж Ц.Нямдорж хүчтэй байхад түүнийг эсэргүүцсэн хүн нь академич С.Нарангэрэл байсантай холбоотой гэж намынхан нь хэлдэг. Ах нь нам дотроо "эсэргүү” нэгэн болсон нь Чингэлтэй дүүргийг сайн удирдаж аваад явж байсан С.Наранмандах дээр бууж, намынхан нь түүнийг дэмжихээс айсан гэдэг билээ.

Иргэний хөдөлгөөнийхнөөс

 

Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн аль нэг намыг гэхээсээ илүүтэйгээр бие дааж нэр дэвшихийг илүүд үзсэн бололтой. "Хүсэл зорилгоо нэгтгэе” гэдэг хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт Баянгол дүүрэгт бие даах аж. Ноён уулаа аврах хөдөлгөөн өрнүүлж байсан иргэний хөдөлгөөний зүтгэлтэн П.Шинжээравдан Чингэлтэйд хүч үзэх бол, Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасангийн нэр Баянзүрх дүүрэгт бичигдсэн байна.

 

Ховд хоёр бие даагч гарч ирэх үү?

2012 онд МАН-аас Ховдод нэр дэвших гэж бэлтгэж байсан Ширнэнбандийн Адишаа Бага хурал дээрээ унангуутаа Ховд руу гарч давхиад бие даан нэр дэвшиж байлаа. Сонгуулийн дараахан тэрээр АН-ын гишүүн болж, дөрвөн жил Ховдын тойргийг усалсан хүн. Харин одоо бие даагчдын нэрсийн жагсаалтад тууж явах юм. АН бас түүнийг нэр дэвшүүлэхгүй унагаж магадгүй гэж хаширласан бололтой. Түүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пүрэвдоржийн хүү Хангал бас Ховдод бие даахаар бүртгүүлжээ. МАН-ын гишүүн байсан 2012 онд МАХН-д орж байсан энэ залуу одоо Н.Энхбаярын намтай хамаагүй нэгэн болсон бөгөөд аавынхаа нутагт бие дааж өрсөлдөх нь. Ховд аймаг гурван мандаттай учраас аль нэгд нь бие даагч гарч ирэх магадлал өндөр гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байгааг дуулсан бололтой.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх