Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулав

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16 квт/цаг-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын тухай хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ ажлын хүрээнд халаалтын зуухны судалгааг эцэслэн гаргасан, нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад дүгнэлт гаргасан, зөрчил гаргасан халаалтын зуухны газрын үйл ажиллагааг зогсоосон, дамжин тээвэрлэлтийг зогсоосон, агаарын чанарын бүсэд мөрдөх журам баталсан зэрэг томоохон ажлуудынхаа талаар зөвлөлийн гишүүдэд товч танилцуулав. Мөн тэрбээр танилцуулгадаа "Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 40 халаалтын зуухыг тусгай зөвшөөрөл эзэмшигч ХИХУГ-т шилжүүлэн, үүнээс 2 цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, 18 цэцэрлэгийг цахилгаан халаалтад шилжүүлэх тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, уг асуудлыг дэмжин шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран цахилгаан халаалтад шилжүүлэх 16 цэцэрлэгт техникийн нөхцөл гарган, ажлын даалгавар боловсруулан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь оюуны өмчийн эрхтэй цахилгаан бойлер суурилуулах "Бест Энержи Сэйвинг” ХХК-тай шууд гэрээ байгуулан ажиллаж байна. 16кВт-100кВт хүртэлх хүчин чадалтай 2209 зуухаас 7 дугаар сард 50 зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлсэн. Мөн дэд станц, шугам тоноглол өргөтгөхгүйгээр шууд холбох боломжтой 469 нам даралтын зуухнаас 8 дугаар сард 104 зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлж, үлдсэн 315 иргэн ААН-ийн цахилгаан халаагуурт шилжихийг хүссэн материалыг дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан техникийн нөхцөлийн гаргуулах ажлыг зохион байгуулж байна. Цахилгаан халаагуурт холбогдохоос татгалзсан 50 иргэн байна” хэмээлээ.

Түүнчлэн халаалтын зуухны хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шийдэлийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. "Хийн шийдэл” төслийг хэрэгжүүлэгч "Газком” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зарласан тендерт шалгаран 5 сургууль, цэцэрлэгийн нам даралтын халаалтын зуухыг хийн түлшээр ажиллах RINNAI брэндийн зуухаар солих ажлыг есдүгээр сарын 10-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

Хотын дарга хийж хэрэгжүүлж буй ажлуудыг өөрийн биеэр очиж шалгана гэдгээ хэлээд бүх шатны байгууллагууд энэ асуудалд хариуцлагатай хандахыг санууллаа.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх