Б.Баярмаа: Туул голын талаар Засгийн газраас гаргасан тогтоол хэрэгжихгүй байна

Нээлттэй нийгэм хүрээлэн болон Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн дэмжлэгээр Туул голыг хамгаалах төсөл хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд "Хөвсгөл далайн эзэд” ТББ-аас сэтгүүлчид уран бүтээлчдийн дунд Хатан Туулаа хамгаалах шилдэг уран бүтээлийн уралдаан зарласан байна. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа "Уралдаанд зориулсан бүтээлийг энэ тавдугаар сарын 31 хүртэл хүлээн авна” гэлээ. Туул голын усны нөөцийн хомсдол, бохирдлын асуудалд ингэж сэтгүүлчдийн анхаарлыг хандуулах болсоны цаана үүсээд байгаа нөхцөл байдал, гарах арга замын талаар Б.Баярмаа ингэж ярьж байна.

- Бохирдлын эх үүсвэр гэхээр хэдэн зүйлийг ярьдаг. Үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Бидний яриад байдаг Нийслэл хотын цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ бол хэн нэгэн хүний буруутай үйлдэл гэхээсээ илүү шийдвэр гаргах түвшинд арга хэмжээ авч шийдвэрээ хэрэгжүүлэх нь чухал байгаа. 1964 онд байгуулагдсан Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 170 мянган шоо мерт усыг хүлээн авч 65-70 хувь цэвэршүүлж Туул голд нийлүүлдэг байна. Лагийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болохын зэрэгцээ Улаанбаатарын муухай үнэрийн гол шалтгаан болдог ажээ.

Түүнчлэн арьс шир ноос ноолуурын томоохон үйлдвэрүүд үйлдвэрлэлийн хаягдал, бохир усаа цэвэрлэх байгууламжид цэвэршүүлэхгүйгээс үүдэн Туул голоос ундаалдаг мал, амьтад саажих хээлийн хүндрэл, булчин цайх, малын үс унах, хэт давжаа төл гарах зэрэг сөрөг нөлөө гарах боллоо гэж эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Шинэ цэвэрлэх байгууламжтай болчихвол хоног болгон цутгаад байдаг 180 мянган куб бохир уснаас Туул гол ангижрах боломж бүрдэж байна. Арьс ширний үйлдвэрийг бид улиг болтлоо ярьлаа. Хаягдал бохирдол ихтэй үйлдвэрээс болж туул гол ихээр бохирдож байна. Үүн дээр хөрөнгө мөнгөний асуудал чухал болоод байна. Хотоос үйлдвэрүүд гарахад хүндрэлтэй асуудал их бий.

Өнөөдөр Туул гол бохирдлын хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна. Цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор Засгийн газраас хоёр ч удаа тогтоол гаргасан. Харамсалтай нь хэрэгждэггүй. Яагаад хэрэгждэггүй гэхээр нөгөө л санхүүгийн асуудалтай холбоотой. Одоо ярих биш хийх хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдэж өгөх л чухал болоод байна. Үүнийг яамны зүгээс, Туул голын сав газрын захиргаа тэр хөрөнгө оруулалтыг шийдэх эрх зүйн үндэс, санхүүжилт байхгүй. Тиймээс Засгийн газар үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Иргэдийн хэлээд байгаа "Туул гол болохоо байлаа”, "Бохирдлын хэмжээгээ дэлхийд зарлачихлаа” гэдгийн аюулыг засахын тулд хөрөнгийн эх үүсвэрийг Шийдлийн Засгийн газар анхааралд авах л үлдээд байна гэж ярилаа.

 

Хууль батлагдахын өмнө

 

Хог хаягдлын тухай хуулийн төсөлд "Бохирдуулагч төлөх” зарчим тусгалаа олсон

 

УИХ-аар Хог хаягдлын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хотын экологийн тулгамдсан асуудалтай холбоотой энэхүү хуулийг шинэчлэн найруулах болсон үндэслэл шалтгаан болон хэрэгжүүлэхтэй холбоотой зардал мөнгөний тооцоог хуулийн төсөл боловсруулагчид болох дараахь байдлаар гаргаж ирсэн байна.

 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хог хаягдлын зургаан төвлөрсөн цэгт жилд дунджаар 1,1 сая тонн хог хаягдлыг хүлээн авдаг бөгөөд дээрх хог хаягдлыг дарж булшлахад нийслэлийн төсвөөс 1.330 сая төгрөгийг зарцуулж байна. Түүнчлэн зориулалтын бус газарт ойролцоогоор 17 мянган тонн хог хаягдал хаягдаж түүнийг цэвэрлэхэд 200.0 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн ихээхэн хэмжээний хөрөнгө, хүчийг зарцуулж байна.

Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг дарж булшладаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна. Эдгээр цэгт жилд 1,8 сая тонн хог хаягдал цугларч, ихэнх газарт хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор хавар, намар бөөгнүүлэн шатааж, агаар орчныг бохирдуулж байна. Үүнээс гадна хууль бус 272 хогийн цэгт 73000 тонн хог жил бүр хаягдаж, 2000 га талбайг бохирдуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Орон нутагт нэг өрхөөс дунджаар сард 1000 төгрөгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж авдаг бөгөөд энэхүү хураамжаас төвлөрсөн орлогоор хог хаягдлын тээвэрлэлт, болон дарж булах үйл ажиллагааг санхүүжүүлж байна.

Манай улсад үүсч байгаа нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч энэ үйл ажиллагаа туйлын хангалтгүй явагдаж байна. Жилд 200-300 мянган тонн хаягдал төмөр, хуванцар, цаас болон бусад хоёрдогч түүхий эдийг цуглуулан, зарим хэсгийг дахин боловсруулалтад оруулж, дийлэнх хэсгийг экспортлож үүнээс жилд 3.1 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдардаг айл өрхөөс сард 2000 төгрөг, гэр хороололд амьдардаг айл өрхөөс сард 2500 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагаас сард дунджаар 20000 төгрөгийг авч байгаа бөгөөд 2015 оны байдлаар 9.6 тэрбум төгрөгийг дүүргүүдэд төсөвт төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд зарцуулдаг.

Шинэчилэн найруулуулж байгаа Хог хаягдлын хуулийн гол зорилго нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байгаа бөгөөд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл, дахивар нөөцийг цуглуулах үйл ажиллагааг өргөжүүлэх, дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнээр Улсын Их Хурлын 2016 оны "Монгол Улсын тогтвортойхөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” 19 дүгээр тогтоолд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 2020 он гэхэд 20хувь, 2025 он гэхэд 30 хувь, 2030 онд 40 хувьд хүргэх, Улсын Их Хурлын 2014 оны "Ногоон хөгжлийн бодлого батлах тухай” 43 дугаар тогтоолд үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувь бууруулах гэсэн зорилтыг хангах юм .

Хог хаягдлын төлбөр хураамжийг иргэнээр тооцон авч "Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хуулийн төсөлд тусгаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлж байгаа хүрээг нэмэгдүүлэх замаар үйлчилгээний төлбөрийн орлогыг 30 хүртэл хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Хог хаягдлыг эх үүсэр дээр бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих замаар төвлөрсөн цэгт дарж устгах хог хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа бөгөөд төвлөрсөн цэгт зарцуулагдаж байгаа төсвийн зардлыг мөн 30-40 хувь буюу жилд 300.0-400.0 сая төгрөгөөр бууруулж, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулнаар хур хог хаягдал цэвэрлэхэд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 90 хүртэл хувиар буурууна гэж тооцож байна.

Хог хаягдлын дахин боловсруулах, дахивар нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг дэмжин, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар дахин боловсруулах хог хаягдлын хэмжээг 50 хувьд хүргэх бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэн, иргэдийн орлогыг дээшлүүлнэ гэж үзэж байна.

Б.Баярмаа: Туул голын талаар Засгийн газраас гаргасан тогтоол хэрэгжихгүй байна

 

Энэ хууль батлагдсанаар аливаа төсвийн урсгал зардал нэмэгдэхгүй. Харин ч хэмнэгдэх боломжтой. Учир нь төсвийн байгууллагуудад хог хаягдлыг багасгах, дахин ашиглах төлөвлөгөөтэй болсноор, бүтээгдэхүүн, материал худалдан авалтын соёл ухамсар нь сайжрах бөгөөд, нөөцийг эргүүлэн ашиглах, хямд өртөгөөр дахин ашигласан нөөцийг авч ашиглах өргөн боломж нээгдэнэ. Урсгал зардлыг бүх талаар хэмнэсэн менежмент, бүтэц, механизмыг хуульд тусгасан.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх