Дуучин Нара: Амьдарч буй нийгмийнхээ төлөө сэтгэл зовинохгүй байх эрх бидэнд бий бил үү

Б. Энэрэл

 

"Их хотын иргэн” булангийн энэ удаагийн зочин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхтөрийн Нарантуяа. Хүмүүс түүнийг дуучин Нара л гэдэг. Урлагт бие сэтгэлээ зориулан зүтгэж явсан бүсгүй улстөрч болохоор шийдсэн. Тэр шийдвэрээ олон нийтийн сүлжээгээр анхлан цацсанаас хойш сайн муу үг чамлахааргүй олныг дуулж яваа ч зорьж зүтгэсэн үйл хэргээсээ буцаж няцаагүй. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр шийдсэн М.Нарантуяатай ярилцлаа.

Дуучин Нара: Амьдарч буй нийгмийнхээ төлөө сэтгэл зовинохгүй байх эрх бидэнд бий бил үү

Тэр үед гуравдугаар хороололд амьдардгаараа хүмүүс бахархдаг байсан юм шүү

-Нара хотын охин уу?

-Жинхэнэ хотын унаган хүүхэд. Хоёрдугаар төрөхөд мэндэлсэн. Төрсөн цагаасаа өнөөг хүртэл Баянгол дүүргийн 13 дугаар хороонд амьдарч байна.

-Төрснөөсөө хойш амьдарч байгаа дүүрэг тань бусдаас юугаараа илүү санагддаг вэ?

-Баянгол дүүрэг биднийг бага байхад хотын хамгийн гоё, хамгийн хөгжилтэй газар байсан. Өнөдөр барилгуудтай, худалдаа үйлчилгээний төвтэй байхгүй юмгүй л байсан даа. Амьдардаг хүмүүс нь голдуу сэхээтнүүд байсан санагддаг. Хүүхдүүд олонтой. Орой үдэш хорооллын замаар залуус зугаалаад л хэчнээн сайхан байв. Тэр үед гуравдугаар хороололд амьдардгаараа хүмүүс бахархдаг байсан юм шүү. Харин одоо бол хамаг төлөвлөлтийг нь эвдээд хөгжил нь гуйвсан газар л болсон доо.

-Сэтгэл дундуур байгаа юм аа даа?

-Хүн ам, байшин барилга нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ би энэ дүүргийн иргэнийхээ хувьд нөхцөл байдлыг нь сайн мэднэ. Буруу хэлбэрээр хөгжиж байгаа болохоос биш дүүргийн иргэн бүхэн жаргалтай байгаад, иргэн бүхэн эрүүл саруул аюулгүй орчинд ажиллаж амьдраад байгаа дүр төрх ховор. Манай дүүрэгт хүүхдийн тоглоомын талбай, хөгшид нарлах газар байхгүй болсон. Баар, цэнгээний газар, худалдаа үйлчилгээний төвүүдээр дүүрсэн. Явган хүний зам, машины зогсоол байхгүй. Боломжтой газар бүгдийг бүтээн байгуулалт нэрийн дор зарчихсан. Хуучны сайхан юмнууд алга болсонд сэтгэл гонсгор л байдаг.

-Таны УИХ-д нэр дэвшихээр шийдсэн шалтгаан энэ бүхэнтэй холбоотой юу?

-Ганц дүүргийн хэмжээнд харж гаргасан шийдвэр биш л дээ. Улсаа өөрчилье гэж бодсон. Бусдыг хөгжүүлэхийг хүлээж суух биш, өөрөө чадах чинээгээрээ туслахаар шийдсэн. Олны танил хүний хувьд ард иргэдийн төлөөлөл болж өөрчилж чадах бүхнээ хийхийг хүссэн юм.

-Сонгогдвол өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

-Одоохондоо ажлын амлалт өгөх боломжгүй байна. Сурталчилгааны хугацаа эхлээгүй учраас Сонгуулийн хуульд харшилна. Гэхдээ улс эх орны хөгжилд бодитоор нөлөөлөх шинэ санаанууд байгаа.

 

Дуучин Нара: Амьдарч буй нийгмийнхээ төлөө сэтгэл зовинохгүй байх эрх бидэнд бий бил үү

 

 

-Бие дааж биш аль нэг намын нэрийн өмнөөс нэр дэвшсэн бол дээр байгаагүй юу?

-Надад намуудаас санал ирсэн. Гэхдээ би хүлээж аваагүй. Учир нь миний бодсон, хийхийг төлөвлөсөн зүйл өөр. Олон жилийн турш улс орныг удирдсан намуудад тодорхой нэг үзэл баримтлал, чиг хандлага байдаг байх. Би тэр бүгдэд баригдаж, намын дуу хоолой болсноос бие дааж нэр дэвших нь илүү гэж үзсэн.


-Гэхдээ сонгуульд нэр дэвших санаа танд хэр эрт төрсөн юм бэ?

-Миний хувьд сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон. Энэ үед сэтгэл эмзэглэмээр зүйлтэй их учирсан. Гуравхан сая хүнийг ийм ядуу тарчиг амьдруулж байх гэж хэмээн халаглах бүр энүүхэнд. Гутармаар байгаа юм чинь. Амьдралын сайн сайхныг мэдрэхгүй амьдрах тэр хөөрхийлөлтэй хүмүүс намайг маш том тэсрэхэд шалтгаан болж өгсөн.

 

Хөгжмийн сургуульд дуулаачаар сурсан, боловсролын хувьд урлагийн бакалавр

-Та ер нь төрийн албанд ажиллаж үзсэн үү?

-Би төрийн албанд ажиллаж байгаагүй.

-Таны үндсэн мэргэжил юу юм бэ?

-Би дуучин хүн. Японд сурч боловсрол эзэмшсэн. Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийг 2003 онд төгсөөд Кюүшүгийн бизнесийн сургуульд япон хэл үзсэн. Дараа нь Токиогийн Хөгжмийн сургуульд дуулаачаар сурсан, боловсролын хувьд урлагийн бакалавр.

-Таны өрсөлдөгчид төрд олон жил ажилласан, хууль тогтоох байгууллагын талаар мэдлэг туршлага арвинтай, хөрөнгө чинээ ч чамгүй зузаан нөхөд байна байх даа.

-Туршлагын тухайд бол мэдээж дутуу дулимаг нь тодорхой. Гэхдээ ер нь туршлагатай байгаад өөрчлөлт шинэчлэлийг авчирна гэхээс илүү асуудлын гол нь чадахын төлөө чин сэтгэлээсээ зорьж байгаа маань миний хамгийн чухал тодорхойлолт юм болов уу. Аливааг чаддаг байх нэг хэрэг, чадахыг хүсэх нь бас нэг хэрэг. Ингээд бодохоор ер нь хүн хүсч тэмүүлж зорьж зүтгэж чадвал хүний оюун ухаан зүрх сэтгэл чадахгүй зүйл гэж байдаггүй юм биш үү.

-Таны нэр дэвшихээр шийдсэн Баянгол дүүрэгт гэр хороолол бага биш хувийг эзэлдэг. Гэр хорооллын амьдралыг та хэр сайн мэднэ гэж бодож байна?

-Би сайн мэднэ. Миний танилууд, найзууд , хамаатан садан гээд олон хүн гэр хороололд амьдардаг болохоор мэдэлгүй яах вэ. Тэгээд ч монголчуудын амьдралыг хотын төвийнхний амьдрал, хотын төвөөр явж байгаа хүмүүсээр төсөөлж болохгүй. Гэр хорооллын амьдрал ямар хэцүүг би мэднэ. Хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад манай нийслэлийн захын зарим дүүрэгт хүмүүс лааны гэрэлд амьдарч байна шүү дээ.\

 

Монголд тэргэнцэртэй хүн замаар эсвэл үйлчилгээний төвүүдээр ганцаараа явах боломж байхгүй

-Таныхаар хотын хамгийн том тулгамдсан асуудал юу вэ?

-Агаарын бохирдол. Өвөл, хавар утаагаар, зун, намар нь утаанаас үлдсэн хөрсний бохирдлоор нь бид амьсгалж байна. Улаанбаатарын агаарын бохирдол бол хамгийн том тулгамдсан асуудал.

-Шийдэх гарц гаргалгааг олсон уу?

-Эхлээд Азийн орнуудад агаарын бохирдлыг арилгасан үр дүнтэй аргуудыг турших хэрэгтэй. Утаанаасаа салчихсан улс орнууд байна шүү дээ. Манайд хэрэгжүүлэхэд боломжтой олон арга байна. Гагцхүү сэтгэл дутаад дорвитой алхам хийж чадахгүй байгаа л гэж би үздэг. Мөн сэтгэлгээний өндөр чадамжаараа дэлхийд гайхагдаж байгаа монгол залуусынхаа дунд Улаанбаатарыг утаанаас салгах төслийн санааны уралдаан зарлах хэрэгтэй. Тэднээс ямар нэг сайхан санаа заавал гарна. Тэр бүгдээс сонголт хийгээд хамгийн хурдан хугацаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлж болох санааг сонгож болно шүү дээ. Утааны эсрэг ямар нэгэн дорвитой алхам хийхгүй зуух яндан төдийхнөөр ярьсаар суугаа нь төрийн эрх мэдэл атгаж байгаа хүмүүст ашигтай болоод л тэр байх гэсэн хардлага төрүүлэх юм.

-Утаанаас өөр таныг бухимдуулж байгаа асуудал байна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдгүй юм шиг байдаг орон бол дэлхий дээр ганц манайх байх шүү. Япон, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн бүтээн байгуулалт хийдэг. Жишээ нь, зам, автобус, үйлчилгээний газрууд хаа л бол хаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан дэд бүтэц, үйлчилгээтэй байдаг. Гэтэл манайд хаа нэгхэн газар харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан замаас өөр юу ч байхгүй. Нэг үгээр тэднийг нийгмээс тусгаарладаг. Энэ нь олон улсын түвшинд хамгийн шившигтэй байдал. Монголд тэргэнцэртэй хүн замаар эсвэл үйлчилгээний төвүүдээр ганцаараа явж байхыг хараагүй. Боломж ч байхгүй.

 

Дуучин Нара: Амьдарч буй нийгмийнхээ төлөө сэтгэл зовинохгүй байх эрх бидэнд бий бил үү

 

 

 

Надтай адилхан хүмүүс олон байгааг мэдэрсэн

 

-Та сошиал ертөнцийн нэлээд идэвхтэй гишүүний нэг. Ганц бие ээжүүдийн фэйсбүүк дэх 2000 гишүүнтэй группыг та удирддаг. Нийгмийн асуудлаар бичиж байгааг тань олон хүн дэмждэг юм билээ. Энэ нь таны улс төрд орох алхмынхаа төлөө хийж байгаа ажил уу, эсвэл та төрөлхийн ийм нийгмийн идэвхтэй хүн үү?

-Амьдарч буй нийгмийнхээ төлөө сэтгэл зовинохгүй байх эрх бидэнд бий бил үү. Тэгээд ч би багаасаа л нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Дараа нь Японд сурсан минь надад хүнээ гэсэн нийгэм ямар байх ёстойг сайн ойлгуулсан гэж боддог. Олон нийтийн сүлжээнд бичих тал дээр өөрөө өөртэйгөө ярилцаж бас бодож байж хамгийн гол нь чин зүрхнээсээ асуудалд хандаж илэрхийлдэг учраас хүмүүст таалагддаг байх. Гоё сайхан бичье, хүмүүст таалагдая гэхээсээ асуудлыг чин сэтгэлээрээ мэдэрч, илэрхийлэхийг хүсдэг минь ч нөлөөлдөг биз. Ганц бие 2000 гаруй ээжийг нэгтгэдэг фэйсбүүкийн группт маань зарим үед сэтгэл өвдөж, хоолой бачуурам зүйлс яригддаг л юм. Мэдээж өрх толгойлсон ээжүүдийн хамгийн том асуудал бол сэтгэл санааны гомдол, түүний дараа санхүүгийн асуудал. Дийлэнх нь хоёр ба түүнээс олон хүүхэдтэй. Хүүхдээ өсгөх, хайрлах халамжлах, эрүүл мэнд боловсролд нь анхаарах, мөн өртөг өндөртэй өнөөгийн нийгэмд энэ бүгдийг амьжиргаатай хослуулан авч явах гэж хичээнэ гэдэг бол ганц хүнд ахадсан л ачаа. Манай группт таван хүүхэдтэй ээж нэлээн хэд байдаг. Тэднийг харахаар заримдаа өөрийн эрхгүй яаж энэ олон хүүхдийг ганцаараа өсгөнө дөө гэж зүрх шимширдэг.

- Таныг ганц бие ээжүүдийн эмзэг сэдэв дээр дөрөөлөн сурталчилгаа хийж байна гэсэн шүүмжлэл байсан?

-Би огтхон ч сурталчилгаа хийгээгүй. Сонгуулийн сурталчилгаа гэж үнэнийг хэлэхэд юу байдаг талаар сайн мэдэхгүй явахдаа би өөрөө ганц бие ээж болж зүрх сэтгэл, амьдралаараа тэдэнтэй нэгдсэн хэрэг шүү дээ.

-Ганц бие ээж болсноо олон нийтийн сүлжээгээр зарлах шаардлага байсан юм уу?

-Би ганц бие ээж болохыг хүсээгүй. Гэхдээ миний хүсээгүй, бодоогүй, мөрөөдөөгүй зүйл амьдралд минь гэнэт тохиолдсон. Ганц бие ээж болсноор би ийм ээжүүдийг илүү их ойлгодог болсон. Бас надтай адилхан хүмүүс олон байгааг мэдэрсэн. Тэр утгаараа би аль болох эерэг сайн сайхан зүйлд уриалж үзэл бодлоо илэрхийлэхийг л хичээдэг. Олон нийтийн сүлжээгээр зарласан нь ч учиртай. Миний хүүхдийн эцэг хэн юм гэдэг нь олны анхаарлын төвд байсан. Зарим үед хүмүүс мөрдөж олны танил эрхмүүд дундаас хүүгийн минь аавыг хайж хардаж сэрдэж эхэлсэн. Энэ нь надад дарамттай байсан учраас би энэ алхмыг хийсэн. Тэгээд ч би тэр хүнээс юу ч гуйхгүй хүүхдээ өсгөж, хоёр хүний үүрэх ёстой хариуцлагыг ганцаараа авч яваа эмэгтэй хүн.

-Ээж болоод танд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хувь хүн талаасаа бол өөрчлөлт гараагүй. Нара ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Харин ертөнцийг үзэх үзэл минь илүү өргөн хүрээг хамарч, бусдыг ойлгох сэтгэл минь улам л томорсон байх.

 

Сайн аав, сайн эр нөхөр олон бий

 

-Та гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аянуудад оролцож,"Үтрээний хүүрнэл” жүжигт тоглосон. Энэ нь хувийн амьдрал гэхээсээ бусдыг илүү мэдэрч ойлгодог болсонтой тань холбоотой биз. Магадгүй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг та бодсон байх?

-Зөвхөн нийгмийн сүлжээн дэх найз нөхдийн хүрээнд биш ер нь л монгол эмэгтэйчүүдийн амьдралд гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл бодитоор байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэднэ. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг би юу хийж чадах вэ гэдгээ хамгийн түрүүнд бодсон. Юуны түрүүнд олон нийтэд хандсан аянуудад оролцож, уран бүтээлчийнхээ хувьд дуу хоолойгоо нэгтгэхи үүднээс жүжигт тоглосон юм. Гэр бүлийн хүчирхийллийг үгүй болгохын тулд эхлээд хүн бүрийг нийгмийн, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарладаг болгох нь зөв санагддаг. Саяхан хоёр эхнэртэй болохыг хуульчлах гэж байна хэмээн баахан шуугьсан. Үнэхээр тийм юм болсон бол аавуудыг хоёр дахин хариуцлагатай болгох тухай ярих ёстой юм. Гэтэл үүнийхээ оронд хоёр эхнэртэй болоход санаархсан нь эмгэнэлтэй санагдсан. Гэхдээ би бүх аав хариуцлагагүй гэж хэлэхгүй. Сайн аав, сайн эр нөхөр олон бий. Гэвч сайнуудын дунд саар олон байгаад л хамаг учир оршиж буй юм.

-Нийгмийн иймэрхүү асуудлыг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд шийдэж чаддаг гэдэг. Монголын эмэгтэй улстөрчид энэ тал дээр ахицтай байж чадаж байна уу?

-Улстөрч эмэгтэйчүүд олны хайр хүндэтгэлийг хүлээхээр сайн сайхан зүйл хийж чадахгүй байна. Цөөхүүлээ болохоор дэмжлэг нь багаддаг. Магадгүй зориг зүрх сэтгэл дутдаг байх. Эмэгтэй хүн ахуйн асуудал тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Улсын хэмжээнд хаягдаж буй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хотын орчин зэрэг асуудлууд дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Эмэгтэйчүүд нэгдэж чадвал бүхнээс хүчтэй эв эеийг бий болгож чадах төдийгүй санаанд багтамгүй сайн зүйлийг ч бүтээж чадна. Гэхдээ өнөөгийн улс орны хямралт байдлын үед зөвхөн эмэгтэйчүүд гэж туйлшрахаас илүүтэйгээр эр эм гэлтгүй хүн бүр нэгдэн нийлж нэг санаа зорилгоор эх орноо сайн сайхан болгох тал дээр хатуу зогсох ёстой байх гэж бодож байна.

-Монголын хүн амын тэн хагасаас илүү нь эмэгтэйчүүд хэрнээ нэгнийгээ дэмждэггүй гэдэг. Түүнээс болоод эмэгтэй улстөрчид олноор гарч ирж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Магадгүй энэ танд ч гэсэн нөлөөлөх байх даа?

-Нэгэн үе эмэгтэйчүүд бие биедээ атаархдаг гэдэг сэтгэхүйтэй нийгэм байсан бол одоо харин ч эсрэгээрээ эмэгтэй хүний амжилт бусад эмэгтэйчүүдийнх нь амжилтанд эерэгээр нөлөөлдөг тийм нийгмийг цогцлоох хэрэгтэй. Учир нь бидэнд хэн хэн нь амжилттайгаар зэрэгцэн оршиж чадах хангалттай орон зай байгаа, бие биетэйгээ орон зай булаалдах биш харин бие биенээ дэмжиж хамтдаа амжилттай сайхан амьдрах тийм нийгэмрүү эмэгтэйчүүд дуу нэг зорих ёстой цаг үе гэж бодож байна.

 

Би ч мөн адил тэр бүгдийг

ялан дийлээд гарна гэж бодож байна

 

-Ер нь таныхаар улстөрч гэж хэнийг хэлдэг юм бэ?

-Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, нийгмийн сайн сайхны төлөө шударга ажилладаг хүнийг хэлнэ.

-Улстөрч эмэгтэйчүүдийн түүх, туршлагыг судалж үзэв үү?

-Дэлхийн хэмжээний улстөрч эмэгтэйчүүдийн түүхийг уншиж байгаа. Зөвхөн удирдагч эмэгтэйчүүд ч биш аливаа нийгэмд, аль ч цаг үед өөрчилж, шинэчлэх гэж зорьсон ялангуяа эмэгтэй хүн бол бүх төрлийн бэрхшээлтэй учирдаг. Маш олон хүнд давааг давдаг юм билээ. Би ч мөн адил тэр бүгдийг ялан дийлээд гарна гэж бодож байна.

-Сонгуульд оролцоно, улстөрч болно гэдэг олны танил байх төдийхнөөр бүтчих амархан ажил биш байх. Хамгийн наад зах нь бага биш мөнгө хэрэгтэй болно. Сонгуулийн сурталчилгаагаа хийхийн тулд зардал мөнгө гаргах шаардлага тулгарна. Энэ бүгдийг яаж зохицуулах вэ?

-Амар ажил биш гэдгийг би мэднэ. Мэдэрч ч байна. Гэхдээ зорьсондоо хүрэхийн төлөө шантрахгүй зүтгэнэ. Хөрөнгө мөнгөний хувьд надад бусадтай адил май гээд өгчих бэлэн юм алга. Сонгуулийн зардалдаа олон нийтээс хандив гуйна л гэж бодож байгаа. Одоогийн байдлаар хамгийн ойр дотны найдуудынхаа оффисыг хэрэглэх зэргээр дэм тус авч байгаа. Түүнээс биш зарим нэгний хардаад байгаачлан санхүүгээр дэм үзүүлж дэмжиж байгаа хүн огт байхгүй учраас сонгуулийн зардалд санаа зовж байгаагаа нуух юу байх вэ.

-Магадгүй хэн нэг бизнесмэн, эсвэл аль нэг чадалтай компани таны сонгуулийн зардлыг даая гэвэл зөвшөөрөх үү?

-Хэн нэгэн компаниас, мөнгөтэй хүнээс санхүүжилт авчихаар эргээд тэр хүнийхээ төлөө зүтгэдэг, тэдэнд ээлтэй хууль батлуулдаг, эрх ашигт нь үйлчилдэг байдлыг халж олон нийтийн төлөө гэсэн байдлыг гаргаж ирэхийг зорьж байгаа болохоор би лав зөвшөөрөхгүй.

 

-Та бид хоёрын яриа хотын иргэнээс эхэлсэн. Эргээд энэ сэдэв рүүгээ орвол татгалзахгүй биз дээ?

-Хаанаас татгалзах вэ. Би хотын унаган хүүхэд. Хот минь сайхан байвал миний амьдрал сайхан байна л гэсэн үг.

-Та ганц бие байхдаа хотын хаана очих дуртай вэ гэхэд Зайсан гэж байсан. Одоо харин хүүтэйгээ хаагуур голдуу зугаалж байна?

-Одоо ч гэсэн Зайсанд очих дуртай. Хүүгээ аваад Зайсан орчмоор зугаалдаг. Агаар нь сайхан, бас тэр хавьд Тэр орчимд найз нар минь олон бий. Тэд нарынхаараа зочилно. Түүнээс ч болдог уу намайг Зайсанд амьдардаг гэж хүмүүс боддог юм шиг байна билээ.

-Найзуудтайгаа уулздаг газар тань өөрчлөгдсөн үү?

-Өмнө нь найзуудтайгаа уулзаж наргиж цэнгэж явдаг үе байсан. Одоо бол уулзах зав гарахгүй юм. Хааяа уулзахаараа хотын төвөөр уулздаг.

-Ажлын уулзалт товлохдоо та хаана ордог вэ?

-Нэг үеэ бодвол нийслэлд орж суугаад хүнтэй уулзах, ажил хэргийн яриа өрнүүлэх тухтай газар олон болжээ. Миний хувьд сүүлийн үед "Шангрила”, "Сэнтрал таур”-аар үйлчлүүлдэг болсон.

-Таны хүүгийн амьдрах Улаанбаатар хот 20 жилийн дараа ямар болсон байх бол гэж төсөөлдөг үү?

-Миний бодсон, зорьж зүтгэж байгаа зүйл биелэх юм бол сайн сайхан гэрэлт ирээдүйтэй амгалан тайван цэвэрхэн хот байх болов уу гэж бодож байна.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод гарсан хамгийн том өөрчлөлт таны бодлоор юу вэ?

-АСЕМ болохтой холбогдуулан Улаанбаатарын хэсэгчилсэн бүсүүдээр арай аятайхан болоод байна. Гадныханд харуулах гэж тэр л дээ. Гэтэл бид яагаад жилийн 365 хоног цэвэрхэн орчинд аюулгүй тайван амьдарч болдоггүй юм бэ. Яагаад заавал АСЕМ-ийн буянаар ийм сайхан орчинтой болох ёстой юм бэ гэж бодогдох ч нөгөө талаар монголчууд сэтгэл зүтгэл нийлвэл бүтээн байгуулалт хийж чаддаг гэдгийг АСЕМ харуулж байна. Гэхдээ хүний сайн сайханд зориулагдсан зүйлс хийх ёстой болохоос биш АСЕМ-д зориулж богино настай бүтээн байгуулалт хийж болохгүй.

Нийслэлд хийгдсэн том бүтээн байгуулалтад би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нэрлэнэ. Хотын бусад дүүрэгт ногоон орчинг бүрдүүлж захын дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн олныг байгуулах шаардлагатай.

 

Хүн хүндээ ээлтэй ханддаг

нийгэм байгаасай л гэж боддог

 

-Хэрвээ та хотын дарга болвол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх бол?

-Явган хүний зам, дугуйн зам дээр анхаарна.

-Яагаад?

-Яг одоо манайд явган хүний зам ямар байгаа билээ. Машины замтай тулгаад байшин барьчихдаг боллоо шүү дээ. Дугуйн замын хувьд түгжрэл багасахаас гадна хүмүүсийн эрүүл мэндэд хэрэгтэй юм. Зөвхөн хотын төвийн зам биш бүх дүүрэг, хорооллыг дугуйн замтай болговол эдийн засагт ч эерэгээр нөлөөлнө гэж боддог.

-Хотын соёл гэж байх ёстой. Хөдөөнийхөн олноор нүүж ирээд хотын соёл гэж байхгүй болсон гэж шүүмжилдэг. Таны бодлоор хотын хүнд чухам ямар соёлыг нэн түрүүнд хэвшүүлэх ёстой вэ?

-Цэвэр цэмцгэр байх, сайхан харилцаатай байх наад зах нь халаасандаа байгаа хогийг гудамжинд хаядаггүй байх гээд олон зүйл байна л даа. Гэхдээ миний боддог нэг зүйл бий. Хэн нэгэн хаа нэгтээ юмаа мартсан, гээсэн тохиолдолд олсон хүн нь үнэнч шударгаар буцаагаад өгөх хэрэгтэй. Эсвэл цагдаад өгөөд эзнийг нь олж өгөөрэй гэдэг болоосой гэж боддог. Үүнийг хэвшүүлж чадвал хотын бас нэгэн соёл болно доо. Хүн хүндээ ээлтэй ханддаг нийгэм байгаасай л гэж боддог. Гадны хотуудад тийм байдаг биз дээ.

-Японыг жишээ болгож байна уу?

-Уран бүтээлчийнхээ хувьд гадагшаа олон явсан. Англи, Герман, Япон, Солонгос, Хонконг, Сингапур, Швейцарь гээд тоолбол нэлээд хэдэн орноор явжээ. Энэ дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Япон бас Англи. Миний амьдралд хамгийн олон дурсамж үлдээсэн, бас намайг олон сайхан зүйлд сургасан нь Япон улс. Анх Японд очоод энэ том гүрний, энэ нийгмийн учир начрыг яаж олно доо гэж бодож байсан. Бага ч байж. Дөнгөж 19 настай охин шүү дээ. Ер нь би Японд урлаг судалж, япон хэл сурахаас гадна хамгийн гол нь япончуудаас нийгэмд биеэ авч явах өндөр соёлд нь суралцсан. Японы хэдэн мянган жилийн түүхтэй өв соёл, ёс суртахуун болоод маш том нийгмийн харилцаанд суралцсан гэж боддог.

-Танд хоттой холбоотой уран бүтээл бий юу?

-"Хотын хэмнэл” гэж дуу бий.

-Өөрөө дуулаагүй ч сэтгэлд ойр байдаг хотын тухай дуу байдаг уу?

-"Миний хотын гудамж” гоё.

Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд

Хотын гудамжаар алхална.

Бидний Монголын тайван амьдрал

Хотын гудамжаар өрнөсөөр... гээд

Улаанбаатарын тухай ярихаар энэ дуу өөрийн эрхгүй эгшиглэдэг. Хэдийгээр хот минь энэ дуунд гардаг шиг биш ч би сонсох дуртай.

-Нара яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ?

-Ээж маань Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан болоод ч тэрүү би багадаа театрт их очдог байлаа. Урлагийн хүн болох замыг сонгоход иймэрхүү нөхцөл байдал нөлөөлсөн байх. Бага ангиасаа эхлээд сургуулийнхаа урлаг соёлын бүхий л арга хэмжээнд оролцож, нийслэл, дүүрэгт сургуулийнхаа нэрийг их гаргасан даа.

-Гэхдээ дуучин биш байсан бол олны танил болохгүй, бас сонгуульд өрсөлдөх гэж зориглохгүй ч байсан юм болов уу?

-Зөвхөн олны танил болох гээд дуучин болсон юм биш. Угаасаа л урлаг уран сайхан, дуучин болох хүсэл мөрөөдөл багаас минь миний зүрхэнд цохилдог байсан. Ээж, аав маань урлагийн хүмүүс учраас миний зүрх сэтгэлд урлагийн тухай ойлголт төрөхөөс аваад л байсан гэж хэлж болно.

Дуучин Нара: Амьдарч буй нийгмийнхээ төлөө сэтгэл зовинохгүй байх эрх бидэнд бий бил үү

 

 

-Гэхдээ олны танил байх зовлонтой санагддаг уу?

-Олны танил болсон хүмүүс гоё сайхан хувцаслаж, үнэтэй машин унаж байгаагаар бусдад харагддаг байх. Гэтэл үнэн хэрэгтээ хүний амьдралын хөшигний ард олон проблем үүсч байдаг. Ихэнх алдартнууд энэ асуудлаа нуудаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг байж, уйлж байсан ч инээж байдаг. Надад илэн далангүй байсан нь амар байдаг. Хүн болгон уулзаад л чи ямар хүнтэй суусан юм, ямар үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм гэдэг асуултад хариулах ядаргаатай байна. Түүний оронд нөхөргүй, ганц бие ээж гэдгээрээ л баймаар байна. Түүнд чинь бусдаас айгаад эмээгээд байх зүйл байхгүй. Миний амьдралын цаанаасаа өгөгдсөн зүйл нь ийм л байх ёстой байсан биз. Энэ маань өөрсдийнхөө амьдралын баяр баясгаланг олж харж чадахгүй хаяад явсан хүний араас гомдоод туниад, өөрсдийгөө гундаагаад яваа маш олон хүмүүст дэм болсон байх. Надад ч хэдэн мянган эмэгтэйчүүдийн сэтгэгдэл ирсэн. Зүгээр л би өөрийнхөөрөө байсны төлөө маш олон хүмүүст урам зориг өгсөн байна. Өөрөө ч бас урам авч байсан.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх