“Корпорэйт”-д санаатай гал тавьсан уу?

"Корпорэйт Конвеншн центр”-т тавдугаар сарын 16-нд 13 цагийн орчимд гал гарч, гал унтраах ангийнхан шуурхай ажилласны эцэст галыг гадагш тархаалгүй унтрааж чадсан билээ. "Хан-Уул дүүргийн 15 дугара хороонд орших "Corporate convention center”-ийн өргөтгөлийн долоон давхрын барилгад гал гарч байна гэх дуудлага 13:52 минутад Нийслэлийн удирдлагын шуурхай албанд ирсэн байна. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар хэлэхдээ, "гал унтраах анги 14:15 цагт ирсэн бөгөөд гуравдугаар давхраас дээш цахилгааны шугамын утсыг дагасан, утаа ихтэй гал байсан. Гал унтраах ангийнхан шуурхай ажилласны үр дүнд гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Галыг гадагш тархуулалгүй унтрааж чадлаа. Гал унтраах албаныханыг ирэх үед хоёр хүн угаартсан байдалтайгаар байсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн” гэж мэдээлж байсан. Гэнэт гал гарсантай холбоотойгоор "Корпорэйт”-ын үүсгэн байгуулагч Т.Ганболд хэвлэлд тодруулга өгөхдөө нэлээд ноцтой байж болох зүйлийг ярьжээ. Т.Ганболд захирал "Корпорэйт Конвеншн центр”-т гарсан галыг гаднын нөлөөтэй байж магадгүй гэж хардаж байгаагаа нуухгүй байна. Тэрээр хэлэхдээ, "Манай инженерүүд гадны нөлөөтэй байх гэж дүгнэж байна! Надтай "гангстэр" болж тоглох гэж байгаа бол нэгд, би айхгүй!. Хоёрт, би хууль хяналтын байгууллагаар шалгуулж нарийн мэргэжлийн дүгнэлтийг харна” гэлээ.

 

Т.Ганболдтой хэн нэгэн "гангстэр" болж тоглох гэсэн үү, эсвэл техникийн учир шалтгаантай байсан уу гэдэг албан ёсны дүгнэлт гарах үед тодорхой болно. Гэхдээ галын дүгнэлт гэдэг тийм ч амархан хурдан гардаггүй гэдгийг мартаж болохгүй. "Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс бараа зардаг хэсэгт гуравдугаар сарын эхээр гал гарч, чухам юунаас болсон бэ гэдэг одоо болтол тодорхойгүй байгаа билээ. "Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу санаатай гал тавьсан гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан билээ. "Нарантуул”-д гарсан галынхохирлыг мөнгөн дүнгээр тооцвол 10-40 тэрбумаар яригдаж байгаа, тэдний хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх