Малын хээл хаялт болон бусад үржлийн эмгэгийн шалтгаан болж буй малын халдварт өвчнийг зөв, найдвартай оношлох чадавхийг бий болгох юм

Хөдөө аж ахуйн их сургуулийн Шинжлэх ухааны зөвлөлөөс зохион байгуулдаг "Шинэ үе- Хөдөө аж ахуйн  тогтвортой хөгжил” цуврал нээлтэй лекцийн 2019-2020 оны хичээлийн жилийн анхныхыг Японы Эгэл биетэн судлалын үндэсний төвийн профессор Ёошифүми Нишикава "Эгэл биетнээр үүсгэгддэг өвчинтэй тэмцэх шинэ шийдэл боловсруулан Монгол малын ашиг шимийг нэмэгдүүлэх нь” сэдвээр уншлаа.

Профессор Ёошифүми Нишикава нь Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалан, докторын дараах судалгааг АНУ-ын Елийн их сургуулийн Анагаахын сургуульд хийсэн. Одоо Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, Эгэл биетэн судлалын үндэсний төвд ажилладаг бөгөөд монгол залуу судлаачдад судалгааны нарийн арга зүй заах, урт богино хугацаагаар дадлагажуулан сургаж нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд оролцож хэд хэдэн судлаачийн докторын ажлыг удирдан хамгааллуулсан нэгэн билээ.

Түүний ажилладаг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори бүхий Японы Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй Монгол Улсын БСШУСЯ, ХААИС-ийн харьяа  Мал эмнэлгийн хүрээлэн сургалт, судалгааны өргөн хамтын ажиллагаатай ажилладаг юм.

Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуйн  их сургуулийн эрдэмтэд хамтран 2014-2019 онд САТРЕПС хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Ёошифүми Нишикава "Өмнөх жилүүдийн хийсэн тандан судалгаагаар малын хээлт хаялт болон бусад үржлийн эмгэг үүсгэдэг токсоплазм, неоспорозийн халдварлалт тархалт өндөр байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа. Малын хээл хаялт болон бусад үржлийн эмгэгийн шалтгаан болж буй малын халдварт өвчнийг зөв, найдвартай оношлох чадавхийг бий болгон энэ шалтгаанаар малын хорогдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай юм” хэмээгээд жил бүр төл мал олноороо чацга алдах шинж тэмдэгтэйгээр өвчлөх, хорогдох болон мал, сүрэгт өвөл, хаврын улиралд малын дархлаа суларсан үед тохиолддог хээл хаях ба бусад үржлийн эмгэгт өвчинтэй холбоотой мал амьтдын эрүүл мэндийн асуудлаар асуумжийг малын эмч нараас авсан асуумж судалгааны үр дүнг танилцууллаа.

Сүүлийн 10 жилийн тандан судалгаагаар токсоплазм, неоспороз, криптоспорозийн халдварлалт, тархалт  нэмэгдэж байгаа шалтгааныг тогтоох, эдгээр өвчнийг хурдан, найдвартай оношилох шинэ арга технологийг нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээ (вакцин, эмчилгээ) авах шаардлагатай байгааг ч анхааруулж буй аж.  Тэрбээр мөн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагийн лавлагаа лабораторийн танилцуулга, үйл ажиллагаа, ажиллах зарчмын талаар танилцуулсан нь тун сонирхолтой байлаа.

Ёошифүми Нишикава докторын лекцийг сонссон эрдэмтэн багш, судлаачид манай орны мал эмнэлгийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх нь малын халдварт өвчин, эрүүл ахуй, чанарын хяналтын тогтолцоог чадавхижуулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад дөхөм болж аюулгүй, ээлтэй, чанартай нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгож хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж байгаад талархлаа илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх