Г.Анузаяа: Би багаасаа л амьтанд хайртай байсан маань малын их эмчийн мэргэжлээр суралцахад хүчтэй нөлөөлсөн

Япон улсын Окаяамагийн Шинжлэх ухааны их сургуулиас зохион байгуулагддаг япон хэлний илтгэлийн тэмцээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 2-р курсын оюутан Г.Анузаяа түрүүлжээ. Ес дэх удаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээн анх удаа Монголд болсон төдийгүй дараа жил ч мөн Монголд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.

Би багаасаа амьтанд хайртай өссөн

Түүнийг Г.Анузаяа гэдэг. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлзүйн ангийн 2-р курсын оюутан. Багаасаа л амьтанд маш их хайртай байсан Г.Анузаяа дунд ангид байхдаа сошиал ертөнцөөс амьтад ямар нөхцөл байдалд, заримдаа ямар хэцүү амьдардгийг мэдсэн гэсэн. Тэгээд л малын эмч болж амьтдыг хамгаалья, эмчилье гэж шийдэн МЭС-д элссэн.

"Олимпын үр дүн”  сэдвээр илтгэл тавьсан

Монголын ЕБС болон их, дээд сургуулийн оюутан сурагчдыг хамарсан Окаяамагийн шинжлэх ухааны их сургуулиас зохион байгуулсан илтгэлийн тэмцээний нэгдүгээр шат нь сургууль дээрээ болсон. Шалгарсан хүүхдүүд нь дараагийн шатанд буюу Монгол улсын хэмжээнд илтгэлээ тавьсан.  

МУБИС-д болсон энэ уралдаанд "Олимпийн үр дүн”  сэдвээр илтгэл тавьсан. 2020 оны Токиогийн олимпийн "Eco friendly” буюу "Байгальд ээлтэй” байх гэсэн зорилгыг нь илтгэлдээ тусгаж өгсөн. Бид байгальд ээлтэй байснаар манай дэлхий илүү удаан мөнх орших юм. Тэр нь жинхэнэ үр дагавар нь юм шүү гэдэг санааг илэрхийлэх гэж оролдсон. 11-р сард болох тэмцээндээ ч мөн энэ сэдвээрээ оролцоно.

Хэл сурахад ичих шаардлага огт байхгүй

Хэл бүр өөр өөрийн онцлогтой. Япон хэлний хувьд хирагана, катагана, ханз гэсэн 3 төрлийн үсэгтэй. Хирагана, катагана бол цээжлэх л юм бол амархан. Уншиж, нүдэлж, сурахад хялбар. Харин ханзны хувьд бол бичиж, цээжилж, хэд хэдэн хуудсаар нь бичиж байж сурдаг гэж боддог. Хэл сурахад тухайн орчин их чухал. Хамт сурж байгаа хүүхдүүдтэйгээ, багштайгаа байнга японоор ярьж байж л сурна. Тэрнээс хичээлээ японоор үзчихээд  бусад цагтаа монголоор яриад байвал илүү л удаан сурах байх гэж бодож байна.

Харин англи хэлний хувьд 12 цагийн дүрэмд нухлуулахгүйгээр кино үзэх, дуу сонсох, англи хэлтэй хүнтэй эсвэл унаган англи хэлтэнтэй ярилцах зэргээр сурвал амар байдаг юм байна лээ. Ер нь ямар ч хэлийг сурсан чөлөөтэй, ичиж зовохгүйгээр ярьж байж л өөрийн болгоно гэж боддог.

Залуус өөрсдийгөө жаахан хүчлэхэд л ирээдүй өмнө нь нээлттэй байна шүү дээ.

Одоогийн нийгмийг анзаараад байхад Монгол улсаа хөгжүүлье гэж бодож байгаа бол гадаадад ямар нэгэн хэмжээгээр боловсрол эзэмших ёстой юм шиг санагддаг. Нэг талаар мэдлэгийн хүрээгээ тэлэх, нөгөөтэйгүүр соёлжиж хүмүүжиж байгаа хэрэг. Гадаадад суралцаж, амьдрахад гадаад хэлний ахисан түвшний анхан шатны мэдлэг юуны өмнө зайлшгүй хэрэгтэй болдог. Тиймээс англи хэлээ сайн сураарай гэж хэлмээр байна.

Мөн надад анзаарагдсан нэг зүйл нь манай сургуулийн оюутнууд чөлөөт цаг ихтэй. Тэр цагаараа өөрсдийгөө хөгжүүлэхгүй нэг хэвийн урсгалаараа яваад байдаг. Манай оюутнууд уг нь маш их чадварлаг. Өөрийгөө дайчлаад хөгжүүлэхэд л ирээдүй өмнө нь нээлттэй байна шүү дээ.

Би сурч буй мэргэжилдээ хайртай

Монголд ХАА-н салбар уламжлалт байдлаараа буюу урсгалаараа хөгжиж орчин цагийн техник, технологи төдийлөн нэвтрээгүй ч ирээдүйд монголыг авч явах салбар. Даанч хүүхдүүд, эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй байгаа нь надад харамсалтай санагддаг.  Намайг малын их эмчээр сурч байгаа гэхэд зарим залуус арай ч дээ. Юун сонин мэргэжил сонгосон юм бэ МУИС, ШУТИС-д орохгүй дээ гэх мэтээр хэлж байгаа сонсогддог. Би бол сурч буй мэргэжилдээ хайртай. Ирээдүйд мундаг малын эмч болно.  Гадаадад энэ салбар бол шаардлага өндөртэй ч тэрнийхээ хэрээр хэрэгтэй чухал  мэргэжил гэж үздэг. Оюутнууд маань мэргэжлийнхээ үнэ цэнийг сайн мэдрээд, сураад, сайн мэргэжилтэн болоосой гэж хүсэж байна.

11-р сарын 27-ноос  12-р сарын 1-ний хооронд Японы Окаяамагийн их сургууль дээр 2-р шатны тэмцээн явагдана. Тэнд есөн орны 12 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөх юм. Ялагч нь Окаяамагийн шинжлэх ухааны их сургуульд суралцах эрхийн бичгээр шагнуулах юм байна.  Г.Анузаяадаа амжилт хүсье!


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх