“Өвлийн илч”-д 3300 өрхийг хамруулжээ

Монгол Улсад 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан 13 дахь жилдээ авьяас билиг эрч хүчээр өвлийг давъя уриатай "Өвлийн илч” сайн санааны арга хэмжээгээ өнгөрсөн бямба гаригт "UB palace” төвд зохион байгууллаа.

 

Тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй зорилтот өрхийн бага насны хүүхдүүдэд эрүүл саруул өсч бойжих, сургууль завсардахгүй суралцуулж боловсролыг дэмжих, өрхийн гишүүдийг чадавхижуулах, амьдралын нөхцөлийг сайжруулах зорилготой тус сан өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийтдээ 21 мянга гаруй хүүхэд багачуудад сайн санаат тайвань хүмүүсийн тусламж дэмжлэгийг хүргэжээ.

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан 65 жилийн хугацаанд бүс нутгийнхаа хүүхэд багачуудын боловсрол авах эрхийг хамгаалах, амин дэм хоол тэжээлийн, эрүүл ахуйн, сайн дурын, яаралтай тусламж болон эмчилгээний үйлчилгээ зэрэг нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байна.

 

Манай улсад 2004 оноос үйл ажиллагаа явуулж "Хязгаар нутгийн инээмсэглэл”, "Авьяаслаг хүүхдийг дэмжих”, "Ундны усан хангамж сайжруулах”, "Хичээлийн хэрэгслээр хангах” зэрэг 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь "Өвлийн илч” арга хэмжээ бөгөөд энэ жилийн хувьд нийтдээ 3300 гаруй өрхөд тусламж дэмжлэг үзүүлж буй юм байна.

Энэ сарын эхний долоо хоногт нийслэлийн Багануур, Налайх, Багахангай дүүргээс гадна Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Батсүмбэр, Жаргалант, Борнуур сумдын нийт 916 өрхийг "Өвлийн илч”-ийн тусламжид хамруулжээ.

 

"Өвлийн илч” хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд тусламж гардуулах арга хэмжээний үеэр тус сангийн "Авьяаслаг хүүхдийг дэмжих” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн нэгдсэн тоглолт зохион байгуулж, "Нар арт” галлерейн сургалтад хамрагдаж буй зураач хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн. Тоглолтод Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэргэдэх Морин хуурын дугуйлангийн сурагчид, "Мүүн дансе” болон Бүжгийн спортын холбооны "Гуа-Үжин”, "Классик балет” клубийн сургалтад хамрагдсан бүжигчд, уран нугараач охид, жүдогийн үзүүлбэрийн авьяаслаг сурагчид гээд тус сангийн дэмжлэгээр авьяас, ур чадвараа хөгжүүлж буй хүүхдүүд оролцсон юм.

 

Сангийнхны хувьд хүүхдүүдийг хүсэл сонирхлыг дэмжин, авьяасыг нь хөгжүүлэхэд тэдний өгч буй тусламж нэмэр болж буйд тун баяртай байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд улсын төдийгүй олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгааг бахархан ярьж байлаа.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх