Автомашингүй өдрийг тэмдэглэнэ

 

Б.Энэрэл

"Зөвхөн өнөөдөр биш өдөр бүр автомашингүй” уриан дор зохион байгуулагдах Автомашингүй өдөр энэ сарын 4-нд болно. Энэ талаар Замын цагдаагийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон бусад холбогдох байгууллага хамтран мэдээлэл хийлээ.

Манай улсад осол гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Зам тээврийн осол 1990 онд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол 2000 оноос хойш тогтмол гуравдугаар байрт орох болжээ. 2013 онд осол гэмтлийн тохиолдол 10,000 хүн амд 468,4 байсан бол 2014 онд 567,1 болж өсчээ.

Автомашингүй өдрийг зохион байгуулснаар замын ачааллыг үе шаттайгаар бууруулах, нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн гарах хор хөнөөлыг багасгах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулах, хүмүүсийг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх зэрэг ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцлов.

Мөн энэ өдөр Улаанбаатар-Марафон олон улсын гүйлтийн тэмцээн явагдах ба Чингисийн талбайд урлагийн тоглолт, цэнгээнт бүжиг, циркийн үзүүлбэр, дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа болох юм.

08:00-18:00 цагийн хооронд дараахь замуудыг хаана.

1.Их тойруугаас дотогш зам

2.Сөүлийн гудамж

3.Анкарагийн гудамж

4.Сүхбаатарын гудамж

5.Залуучуудын гудамж

6.Энхтайваны өргөн чөлөө /зүүн 4 замаас- баруун 4 зам /

7.Элчингийн гудамж

8.Чагдаржавын гудамж

9.Олимпийн гудамжнаас дотогш замууд.

Автомашингүй өдрийг тэмдэглэнэ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх