Итгэлийн гал асаасан “Амьдралын амт”


"Хүчирхэг эмэгтэй” гэж хэнийг хэлэх бэ. Гадаадад их, дээд сургууль төгссөн, том албан тушаалтай, эсвэл хувийн бизнес нь амжилттай яваа эмэгтэйг хэлнэ гэж үү. Магадгүй олон хүн үүнтэй санал нэгдэх байх. Харин миний хувьд өөрийнхөө амьдралыг зөв авч явдаг, эргэн тойрныхоо хүмүүст зөвөөр үлгэрлэж, тусалж дэмнэн, үр хүүхэд, аав ээж, ах дүүсдээ халамжтай, зовж жаргасны алинд нь ч бай хувь заяаны дэнсээ алддаггүй тэр л эмэгтэйг хүчирхэг эмэгтэй гэнэ. Яг ийм эмэгтэйтэй уулзаж ярилцангаа "Үнэхээр л хүчирхэг эмэгтэй юм даа” гэсэн бодол хүчтэй төрж, бахархах сэтгэл төрсөн. Учир нь "Өвчнийг ялан дийлнэ гэдэг сэтгэлийн тэнхээ шүү дээ. Өвдөхгүй байна гэдэг миний хувьд хамгийн том аз жаргал” хэмээх тэрбээр хэлэх бөгөөд энэ л үгээр өөрийгөө зоригжуулж, хурцалдаг. Түүнийг Б.Анхзаяа гэдэг бөгөөд тавдугаар ангид байхаас нь нуруу нь муруйж эхэлжээ. Тухайн үедээ бусад хүүхдүүдээс ичсэндээ булан тохой бүрт нуугдаж, эрүүл болох юмсан хэмээн сүсэглэн залбиран хагалгаа хийлгэхээр яардаг байсан гэдэг. Гэвч хагалгаа хийлгэсэн ч бүрэн эрүүл болох магадлал 50 хувь бөгөөд бүр суумгай болох эрсдэлтэй гэдгийг эмч хэлжээ. Ээжийн амин эрдэнэ болж төрөн, өвөөгийнхөө энгэр дээр эрхэлж өссөн балчир охинд ийм мэдээ хүнд санагдах нь аргагүй. Өөрт хэцүү санагдсан ч ээжийгээ, өвөөгөө бодон наашаа харж инээн, цааш харж уйлсаар өнөөдөртэй золгожээ.


МИНИЙ ОХИН ОНЦ СУР. ТЭГВЭЛ ЧАМАЙГ ХЭН Ч ДЭЭРЭЛХЭХГҮЙ

Хагалгаанд ороогүй ч толгой гудайж, шаналж суусангүй. Үеийнхнээсээ ичиж зовох бүрт нь "Миний охин онц суралцаж, ангийнхныхаа манлайлагч нь бай. Тэгвэл чамайг хэн ч дээрэлхэж чадахгүй” гэж ээж нь үргэлж захидаг байжээ. Б.Анхзаяа энэ талаараа "Яг л ээжийн хэлснээр болсон доо. Би суралцсан сургууль бүрийнхээ хамгийн онц сурлагтан нь байсан. Энэ утгаар миний хүрээлэл их өргөн байлаа” гээд өнгөрсөн рүүгээ нэг өнгийн харсан юм. Түүний дурсамжинд уйтгар гунигтай зүйл олон байсан байх. Гэхдээ "Хүчтэй эмэгтэй болох ёстой” гэж өдөр бүр ээж нь зоригжуулсны эцэст тэр бүх юм ээжийнх нь хэлснээр л болж.

Тэрбээр сургууль бүрийнхээ гэж онцолсон учир нь ээж нь хилийн цэрэгт ажилладаг байсан учир дунд сургуулиа зургаан сургууль дамжин суралцжээ. "Хилчний амьдрал яг л нүүдлийн шувуутай адил. Миний хамгийн удаан суралцсан сургууль бол Дорноговь аймгийн Эрдэнэ сумын сургууль. Би тэнд гурван жил суралцсан. Тухайн үед "Залуу аялагчдын Эрдэнэ клуб”-ыг удирддаг байлаа. Клубтээ газар зүй, англи хэлний чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдтэй нийлж ажилласан юм. Ер нь нийгмийн идэвхтэй хүүхэд байсан даа. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд "Шилдэг сурагч” цол хүртэж байлаа. Мөн эссэ бичлэгийн уралдаанд байнга оролцдог байсан. Оролцох бүртээ хоосон үлдэнэ гэж байхгүй. Энэ чинээгээрээ өөртөө итгэх итгэл минь улам нэмэгддэг юм билээ” гэсэн юм.

Тэрбээр "Хаан банк”-инд 2014 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2017 онд тухайн тооцооныхоо төвийн "Шилдэг ажилтан”, 2018 онд Хаан банкны "Шилдэг ажилтан”-аар шалгарч байжээ. "Хаан банк”-ны олон мянган ажилтнаас дөрөвхөн жилийн дотор "Шилдэг”-ээр шалгарсан нь аливаад шанатарч бууж өгдөггүй тэмцэгч байсны үр дүн биз ээ.

Банкинд ажиллах болсон түүх нь их сонин гэсэн. Б.Анхзаяа уг нь газар зүйн чиглэлд дуртай ч биеийн байдлаасаа болж банк, санхүүгийн хосолмол мэргэжлийг сонгожээ. Мөн "Хаан банк”-наас жил бүр зарладаг тэтгэлгийг дөрвөн жил хүртэж, банкнаас зарласан үйл ажиллагаанд идэвтэй оролцож тодорхой ойлголттой болж авчээ. Түүнчлэн их сургуулийнхаа онц сурлагтан нь байсан тул багш нь нэгэн компанид нягтлан бодогчоор ажиллах санал тавьжээ. Боломжийн санал байсан учир хичээлийнхээ хажуугаар ажилласаар их сургуулиа дүүргэх үедээ тайлан гаргаад сурчихсан байж гэнэ. Энэ талаараа "Их сургуулиа төгсөөд хамгийн анх дөрөвхөн ажилтантай компанид ажиллаж байсан. Захирал нь өөрөө ороод шүү дээ. Тэр үед би үргэлж ажил дээрээ уйтгарлан суудаг байсан. Хоол идэх болсон ч би ганцаараа. Бусад нь гараад явчихдаг. Энэ утгаараа энэ ажилд нэг сар орчим л тэссэн. Дараа нь "Энэ газар миний ажиллах газар биш” гэдгийг ойлгосон. Ингээд олон нийттэй харьцдаг ажилтай болохоор шийдэж, банкуудад анкет бөглөж эхэлсэн. Үүнд өмнө нь банкны талаар тодорхой ойлголттой байсан нь нөлөөлсөн байх. "Хэд хэдэн газар анкет өгсөн ч тэнцээгүй. Харин "Хаан банк”-наас "Та тэнцлээ. Гэхдээ сул орон тоо гарах хүртэл хүлээгээрэй” гэсэн хариу ирсэн. Ингэж л тэрбээр "Хаан банк”-инд ажилд оржээ.

ЭЭЖ БИД ХОЁР БИЕ БИЕДЭЭ ГАНЦ

Тэрбээр чөлөөт цагаараа бясалгал хийж, ном уншиж, гадаад хэл суралдаг. Мөн амралтын нэг өдрийг найз нартайгаа өнгөрөөж, ярилцаж, зөвлөлддөг. Ер нь л чөлөөт цагаа зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд л зарцуулдаг аж.

Бясалгал хийдэг нь түүнд амьдралыг гэрэл гэгээтэй харж, бэрхшээл саадыг даван туулахад ихээхэн нөлөөлдаг аж. "Хүмүүстэй харилцах дуртай ч хүн бүрийн ааш араншин өөр учраас тэвчээр их шаарддаг. Тиймээс бясалгал хийдэгтээ их баярладаг юм. Амьдралын утга учир нь өөрийгөө таних шүү дээ. Ээж бид хоёр бие биедээ ганц. Хүн бүрийн эцсийн зорилго сайхан амьдралын төлөө. Ижийгээ илүү жаргалтай байгаасай гэж хүсдэг. Төсөөлөөд үз дээ. Хэрэв миний охин өвдөж байвал би нэг өдөр ч тайван сууж чадахгүй байх. Тиймээс ээжийгээ их өрөвддөг. Болж л өгвөл баярлуулахыг хичээдэг” гэв.

Тэрбээр эрүүл болж чадна гэдэгтээ бат итгэдэг. "Би тун удахгүй бусад хүмүүс шиг эрүүл болчихоод ажлаа гялалзуулаад сууна даа” гэж ярих нь түүний дотор ямар их хүсэл тэмүүлэл, бас хүч чадал байгааг илтгэнэ. Хагалгаандаа орсны дараа эмнэлэгт хэд хоног хэвтэх байх. Тэр хоорондоо ч гадаад хэлээ судлана. Хэлийг байнга ашиглаж, давтахгүй бол хөндийрчих гээд байдаг юм билээ гээд инээнэ. Түүний ойрын зорилго бол гадаадад суралцаж, мэргэжил дээшлүүлэх. Харин алс хэтийн зорилго нь банк санхүүгийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож, удирдах албан тушаал эрхлэх.

Тэрбээр эл зорилгоош биелүүлэхэд ганцхан алхам л үлдсэн. Энэ нь хагалгаа хийлгэх. Б.Анхзаяагийн зорилго зөвхөн мөрөөдөл төдий үлдэх үү, эсвэл түүнийхээ төлөө тэмцэх үү гэдэг хоёр л зам бий. Учир нь нурууны муруйлтаас болж түүний нэг хөл доголох болсон байна. Зүрхэндээ хэт их ачаалал өгдгөөс тэр шүү дээ. Нурууны муруйлтаас болж нөгөө талдаа хэт их ачаалал өгч, удаан суувал их өвддөг болжээ. Нуруу нь муруйсантай холбогдуулан зүрх, уушги шахагдаж, улмаар хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах эрсдэл тун ойрхон байгааг эмч нар дуулгасан аж. Тиймээс л яаралтай хагалгаанд орохгүй бол насан туршдаа суумгай болох эрсдэл тулаад буй.

"Хэрэв энэ хагалгаг хийлгэвэл энэ бүх өвдөлт үгүй болно. Намайг төрөх үед хүчээр татсан гэсэн. Үүнээс болж гэмтсэн юм болов уу гэж боддог. Хүүхэд байхад мэдэгддэггүй байсан л даа. Тавдугаар ангид нурууны яс гарч ирсэн. Эсрэг талдаа их ачаалал өгдөг учраас их өвддөг” гэсэн юм.

ИТГЭЛИЙН ГАЛ АСААСАН "АМЬДРАЛЫН АМТ” 

Ингээд тэрбээр хагалгаа хийлгэхийг эрс шулуудаж олон байгууллагад ханджээ. Өмнө нь хагалгаа хийлгэвэл суумгай болох эрсдэлтэй, найдваргүй гэж хэлдэг байсан нь амжилттай болно гэдэг үгээр солигдох мөч хэмжээлэшгүй их хүч тэнхээг хайрласан байна. Одоо тэр эрүүл болохоор улам яарч байгаа нь дамжиггүй.

Тэрбээр яг ижил өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа охинтой утсаар холбогдож, мэдээлэл цуглуулж чаджээ. Мөн сээр, нурууны өвчтэй хүмүүсийн цахим хуудсаар дамжуулан энэ чиглэрээр мэргэшсэн Турк Улсын эмч нар Монголд тун удахгүй ирэх сургийг гаргажээ. Өнгөрсөн есдүгээр сарын 13-нд Монголд ирсэн эмч нарт олон хүн үзүүлжээ. Эмч Б.Анхзаяаг үзээд "Хагалгаа хийлгэвэл 90-ээс дээш хувийн магадлалтай байна. Хамгийн гол нь яаралтай хагалгаанд ирж ороорой” гэж хэлжээ.

Тиймээс хагалгаа хийлгэхээр шийдэж өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд "ЗАЯАДАА ТУСАЛЦГААЯ”пэйж хуудас нээж, хандивын аян эхлүүлсэн байна. Одоогоор түүнд ойр дотнын хүмүүс, ажлын хамт олон, гэр бүл, найз нөхөд хандив өргөж нийт 24 сая төгрөг цуглуулжээ. Харин хагалгааны зардал 29.380 ам.доллар буюу 80 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн.

Хагалгаагаар далны муруйсан ясыг нь авах бөгөөд муруйсан ясыг төмрөөр бэхэлж, тэгшлэх учраас сэтгэлзүйн бэртгэл маш чухал юм байна.

Түүнд мөрөөдөл бий. Ижийгээ жаргаах гэсэн чин хүсэл, амьдралын амт руу шунан тэмүүсэн хүсэл эрмэлзэл бий. Б.Анхзаяа өдгөө 27-хон настай, "Хүчтэй эмэгтэй”. Түүний зорилгод нь жигүүр болж, итгэлийг нь асааж хүч хайрлая. Түүнд амьдралын сайхныг мэдрүүлж, хамтдаа тусалцгаая. Тэр бол зовлонгийн өмнө сөхрөөгүй хүчтэй эмэгтэй.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх