“Харшийн сүлд модны наадам” боллоо

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын хүүхдийн "Найрамдал” төв хамтран жил бүр уламжлал болгон шинэ жилийн баярыг тохиолдуулан асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдэд ОУ-ын хүүхдийн "Найрамдал” төвийн харшийн сүлд модны наадмыг үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвийн 800 гаруй хүүхдэд харшийн сүлд модны наадмыг үзүүлж, Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг ирсэн бүх хүүхдүүдэд гардуулан, нэг өдрийг хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн өнгөрүүллээ.

Харшийн сүлд модны наадамд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, ОУ-ын хүүхдийн "Найрамдал” төвийн Ерөнхий захирал н.Одончимэг болон бусад холбогдох албаны хүмүүс, хүүхэд багачууд оролцов.

Олон улсын хүүхдийн "Найрамдал” төвийн Ерөнхий захирал н.Одончимэг "Жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийг Харшийн шинэ жилийн наадамд оролцуулдаг. Бидний анхаарал халамж хэрэгтэй байдаг тэр хүүхдүүдийг уламжлал болгон уг наадамд оролцуулж байгаа нь маш талархууштай үйл явдал юм. Хамтран ажилладаг та бүхэнд ажлын амжилт хүсье. Бяцхан хүүхдүүддээ сурлага, урлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна” хэмээлээ.

Харшийн сүлд модны наадмын зохиолыг МУСТА Б.Отгонбат бичиж, найруулсан бөгөөд энэ удаа "Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр хүүхэд, багачуудад ардын аман зохиолоор дамжуулан эцэг, эхээ ачлах, эрдэм ном сурахын ач холбогдлыг ухааруулсан сургааль хайрласан наадмыг үзүүлэв.

1981 оноос өнөөг хүртэл 38 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх