Ичдэггүй улс төрөө зогсоож, эмнэлэг сувиллын газрыг баталгаажуулаач Н.Батцэрэг сайд аа?

-Эмнэлгийн газраа баталгаажуулахын төлөө эмч сувилагч нар Н.Батцэрэгийн тойрог дээр нь очиж суулт хийх л үлдэж-

Ичдэггүй улс төрөө зогсоож, эмнэлэг сувиллын газрыг баталгаажуулаач Н.Батцэрэг сайд аа?

 Зайсан дахь Богд уул сувиллын газрын эмч, сувилагч нь Н.Батцэрэг сайдтай уулзах гэж БОНХАЖ-ын яаман дээр очиж суугаад даруй долоо хоног өнгөрчээ. Эрхэм сайдтан яамаараа тун цөөхөн үзэгддэг бөгөөд голдуу Төрийн ордонд ажиллаж байгаа гэх бөгөөд түүний өмнөөс хоёр зөвлөх нь бас ТХГНЗахиргааны дарга Батсансар нарыг уулзуулсан талаар эмч нарын төлөөлөл ярьж байна. Эмч сувилагч нар ингэж яамны үүдэнд сайдыг хүлээж суухад хүргэсэн энэ нөхцөл байдал нь яамны зүгээс олгосон хууль бус газар олголттой холбоотой аж. Тодруулбал, Зайсан дахь Богд уул сувиллын эзэмшил газарт Байгаль орчны сайд компани иргэдэд газар олгох зөвшөөрөл олгожээ. Хууль бус ийм шийдвэр гаргасаны эсрэг Богд уул сувилал шүүхэд нэхэмжлэл гаргаж, асуудал анхан шатнаас эхлээд дээд Улсын дээд шүүх хүртэл үргэлжилжээ. Анхан шатнаас эхлээд Дээд шүүх хүртэлх шүүхийн бүх шийдвэр нь "Эмнэлэг сувиллын хашаанд газар олгосон нь хууль зөрчсөн байна” гэж гарчээ. Монгол Улсад дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэр үг дуугүй л хэрэгжих ёстой уг нь. Гэтэл Байгаль орчны яамны сайд, дарга нар гэж өөрсдийгөө шүүхээс, хуулиас давсан гэж үзсэн улс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй зургаан жил болжээ. Зургаан жилийн хугацаанд эмнэлгийн эзэмшил газрын гэрчилгээг элдэв арга саам хэлж, асуудал шүүхээр яюж байгаа гэх мэтээр булзааруулан бултуулж, сунгалгүй явж иржээ.Яамныхан өөрсдийнхөө энэ хариуцлагагүй үйлдлийн бурууг ТХГНЗахиргааны дарга Батсансар эмнэлэг сувиллын газрынханд тохож "Танай Сувилалын газар Гэрчилгээгээ сунгуулаагүй байгаа учраас хүчингүй” гэж ярьж, буруутгаж байгаад эмч, сувилагч нар ихэд эгдүүцэж дургүйцэж байна. Тэд зүгээр ч нэг бухимдаад зогсохгүй газраа шүүхийн шийдвэрийг биелүүлэх болон "Богд уул” сувиллын эзэмшил газраа баталгаажуулах хүсэлт өгсөн 20 гаруй удаагийн албан тоотуудаа үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, ганцхан гарын үсгээрээ Богд уулын газрыг хааш нь хэнд өгөхөө мэддэг Батсансар гэдэг дарга үнэнд гүйцэгдэж байна гэсэн үг.

"Богд уул” эмнэлэг сувиллын газраас явуулсан албан бичгийн дагуу асуудлыг шийддэггүй мөртлөө нөгөө талаасаа эмнэлгийн хашаанд хууль бусаар газар авсан хөрөнгө мөнгөтэй компаниудын талд асуудлыг шийдлээ гэдэг бичиг тоотыг яамнаас ийш тийш нь харамгүй явуулсан байдаг аж.

Тусгай хамгаалалттай газар нутгийн газрыг нийслэл шийддэггүй, Байгаль орчны асуудал хариуцсан яам шийддэг. Гэтэл ТХГНЗахиргааны дарга Батсансар эмнэлэг сувиллынхантай уулзахдаа "Танай байгууллага Нийслэлийн харьяа газар юм байна. Тиймээс Нийслэлийн газрын алба, Бат-Үүл даргатай ярьж байгаад танай газрын асуудлыг шийдвэрлүүлж өгнө” гэж хүртэл хууль бус асуудал ярьж байгаа нь юу гэж ойлгох вэ. Товчхондоо бол, "Бид яасан ч хууль биелүүлэхгүй” гэж байгаатай агаар нэг сонсогдож байгааг уншигч та анзаарч буй байх.

Яаманд, сайдад, өөрт нь хаягласан тэр олон албан бичигт хариу өгөхгүй явж ирсэн нь эргээд өнгөрсөн жилүүдэд хууль биелүүлээгүй, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж байсан гэдгийг баталгаа биш гэж үү хэмээн өнөөдөр сувиллын эмч, сувилагч нар асууж байна. Харамсалтай нь энэ асуултын хариуг өгөх ёстой сайд нь уулздаггүй, уулзахаараа "Судлая” гэдэг жижүүрийн хариулт өгсөн байна.

 

Богд Уул сувиллын газрын ажилтнуудаас Байгаль Н.Батцэрэг сайдад хаягласан шаардлага ч хүргүүлсэн байна билээ. Уг шаардлагадаа, нэгт, тус яамнаас 2008, 2009, 2013 онуудад гаргасан /№2 №3 №4 дугаартай "Газрын гэрчилгээг сунгах тухай” албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус тушаал гаргасан байна гэж хүчингүй болгуулах.

Хоёрт, Захиргааны хэргийн анхан шатнаас авахуулаад Улсын дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, манай сувиллын газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг сунгаж өгөхийг шаардаж байна гэсэн байна.

Эмч нарыг яамныхаа жижүүр шиг суулгаж, эмнэлгийн газар руу хүрз, жоотуу барьсан бөхчүүд дайруулж суух нь лав хууль хэрэгжүүлж байгаа арга биш. Яамны үүдэнд суугаад Н.Батцэрэг сайдыг олж уулзаж чадахгүй байгаа эмч нар сонгууль эхлэхээр баталгаатай уулзах газар гээд нэр дэвшсэн тойрог дээр нь явж очих арга л үлдэж байгаа тухай ч хэлж байна билээ. Монгол Улс төртэй, хуультай улс. Төрийн сайд хийж байгаа хүн хуулиар биелүүлж, хуулийн дагуу ажиллах учиртай. Хуулиа хэрэгжүүлэхгүй бол Зайсанд яамны нэр барьсан, бөхчүүдээр хүч түрсэн улс эмнэлэг сувиллын газрын хашаа руу хүч түрэн дайрч улмаар эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудад хүч хэрэглэсэн асуудал үүссэнийг эрхэм сайд Н.Батцэрэг эрхбиш дуулсан л баймаар. Дуулаад зогсохгүй асуудлыг шийдэх хугацаа сайдад байсан гэдгийг ч хэлэх хэрэгтэй биз ээ. Харин хэн түүний ард зогсоод Н.Батцэрэгийг хууль хэрэгжүүлэхийг нь зогсоогоод байна вэ гэдэг сонин! Ичдэггүй улс төрөө зогсоож, эмнэлэг сувиллын газрыг баталгаажуулаач Н.Батцэрэг сайд аа?

Ичдэггүй улс төрөө зогсоож, эмнэлэг сувиллын газрыг баталгаажуулаач Н.Батцэрэг сайд аа?

 


бонхаж-ЫН САЙД, УИХ-ын гишүүн

Н.БАТЦЭРЭГ ТАНАА

 

 

Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг

Хэрэгжүүлэх талаарх шаардлага

хүргүүлэх тухай

Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 1956 оноос эхлэн Эмнэлэг сувиллын газрууд байрлаж, ажиллаж байсан түүхтэй. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан манай сувиллын хашаанд 2008 онд тухайн үеийн Байгаль орчны сайд нь хууль бусаар газар олгосон. Үүнээс болж, маргаантай асуудал үүсэж, хууль хяналтын байгууллагаар хоёр жил гаруй үргэлжлэн явсаар Захиргааны хэргийн анхан шатнаас эхлээд Улсын Дээд Шүүхээр эцэслэн шийдэхдээ, Эрүүл мэндийн болон холбогдох хууль журам, стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож, Сувилалын эзэмшиж байгаа газрыг хэвээр үлдээж баталгаажуулан Газрын Гэрчилгээг сунгахаар шийдвэрлэсэн. Шүүхээс ингэж шийдвэрлэсэн байхад БОНХЯам болон түүний харьяа байгууллагууд нь одоог хүртэл Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 6 жил болж байна. Сувиллын эзэмшлийн газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг сунгахаас тодорхой бус, үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж ирсэн. БОНХЯам, түүний шууд харьяа Богд-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, харин эсрэгээрээ эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг тасалдуулах, саад учруулахуйц байдлаар асуудалд хандаж байна. Сувиллын газрын эрх ашгийг биш, хууль бусаар газар олгосон гэж шүүхээс тогтоогдож түдгэлзүүлсэн компаниудын эрх ашгийг хамгаалж, пүүс, компаниудын эрх ашигт нийцүүлэн ажиллаж байна. Төрийн албанд хуулийг дээдэлж, хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ зарчмаар бол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сувиллын эзэмшил газрыг баталгаажуулж өгөх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн албанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаагийн тод илрэл гэж үзэхээс өөр аргагүй билээ.

3 шатны шүүхээр нэгэнт Эмнэлгийн хашаанд газар олгогдсон Компаниудыг хууль бусаар газар олгогдсон болохыг тогтоож, эрхийг нь түдгэлзүүлсэн байхад Яам нь 2013 онд тэдгээр компаниудын "Газрын гэрчилгээг сунгаж” байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл болсныг тогтоож, Шүүхийн шийдвэр хангагдаагүй байна гэж үзэн Захиргааны Хэргийн Шүүхийн 130-р шийдвэр гарсан. /тушаалыг хавсаргав/

Гэтэл БОНХЯам нь Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Сувиллын газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг нь сунгахгүй өөрсдөө хууль зөрчиж байгаа үйлдэлдээ Эмнэлгийг газар нь баталгаажаагүй, Газрын гэрчилгээгээ сунгуулаагүй байгууллага гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Таны толгойлж байгаа яамны хууль зөрчигчид одоо өөрсдийн эрх мэдэлд дулдуйдан хууль зөрчин сувиллын эзэмшил газрыг баталгаагүй болгочихоод Яам болон Богд-Уулын хамгаалалтын захиргаанаас төрийн албан хаагчид тэргүүлэн 2016.05.25-ны өдөр "Дэжид” ХХК-д орц гарц гаргаж өгнө хэмээн гүйцэтгэгчид болох 50 гаруй хүний хамт Сувилалд хүч түрэн нэвтэрч, эмнэлгийн эмч ажилтан руу дайрч, доромжлон тэдгээрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байгааг улс даяраа харж, гайхан сэрдхийж байна. Хүнд машин механизм оруулж ирэх гэж дайрч байгаа 50 гаруй хүний үйлдэл нь Сувиллын цэвэр усны нөөцийн сан, бохирын байгууламж инженерийн газар дээрх болон газар доорх нэгдсэн шугам сүлжээний аюулгүй ажиллагааг алдагдуулах ихээхэн эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэчихээд байна.

Энэхүү айдас хүйдэстэй, эмх замбараагүй байдал улам газар авч, хүний амь нас эрсдэх, эмнэлгийн ажилтан албан хаагч, цаашилбал эмчлүүлэгчдийн эрх эрүүл мэнд зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нь Танай яам Шүүхийн шийдвэрийг, хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг Сайд Танд албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн Төрийн албан хаагчид Төрийн хууль тогтоомж биелүүлэхгүй, Компаниудыг хууль бус хүчирхийллийн арга зам руу хөтлөн түлхэж байгааг Танд сонордуулж байна.

Манай эмнэлэг сувиллын эмчилгээ үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байгаа эмнэлэг сувиллын байр, эмчилгээний том заал, цэвэр усны нөөцийн сан, бохирын байгууламж инженерийн газар дээрх болон газар доорх нэгдсэн шугам сүлжээ, уурын зуух, гарааж, зоорь гэх мэт обьектын талбай нь 3 орчим га газар болж байгаа бөгөөд орчны сувилгаа эмчилгээний зориулалтаар ашигладаг талбай 10 га байдаг. Энэхүү нийт 13 га улсын стандарт норм, дүрэм журмын заалтын доод хязгаарыг хангаж байгаа болно. /Улсын стандарт MNS 5232:2003/

Эрүүл мэндийн салбараа дэмжин эмнэлэг сувиллын эзэмшил 13 га газрын асуудлыг Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэж өгөхийн оронд аялал зугаалгын газар болгохоор улайран эсэргүүцэж байгаад Сувиллын цэвэр усны нөөцийн сан, бохирын байгууламж инженерийн газар дээрх болон газар доорх нэгдсэн шугам сүлжээний аюулгүй ажиллагааг алдагдуулах, улмаар сувиллын хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал түүнээс урган гарах бүх хохирлыг хуулийг хэрэгжүүлээгүй яам, түүний харьяа байгууллагууд, албан тушаалтнууд хуулийн дагуу хүлээх болно.

ЭРХЭМ САЙД ТАНаас

Нэгт, Тус яамнаас 2008, 2009, 2013 онуудад гаргасан /№2 №3 №4 дугаартай "Газрын гэрчилгээг сунгах тухай” албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус тушаал гаргасан байна гэж хүчингүй болгуулах.

Хоёрт, Захиргааны хэргийн анхан шатнаас авахуулаад Улсын дээд Шүүхээр шийдвэрлэгдсэн Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, манай сувиллын газрыг баталгаажуулж, Газрын гэрчилгээг сунгаж өгөхийг шаардаж байна.

Эрхэм сайд Та, Шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуулийг хэрэгжүүлэн сувиллын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж, ард түмнийхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэж байна.

ЭМНЭЛЭГ СУВИЛЛЫН ХАМТ ОЛОН

 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх