УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан. Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэх зорилгоор НИТХ-аас хотын захирааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөх, "Ханын материал” ХК-ийн орчимд 9.2 га талбайд "Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэхээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Халла Гонсол” ХХК-тай гэрээ байгуулан 3 жилийн өмнө барилгын шавыг тавьж байлаа. Энэ хугацаанд төслийн захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэгч болох Халла Гонсол ХХК-тай хамтран багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбайг бүрэн чөлөөлж, барилгын дизайн, төлөвлөлтийг харилцан тохиролцож, зураг төсөл, ажлын зураг, төсөв, инженер геологийн судалгааны дүгнэлтэд магадлал зэргийг хийж амжжээ. Түүчнлэн зураг төсөл гаргах, барилгын техникийн нөхцөл авах, Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас авсан байна. Гэвч манай улсын болон дэлхийн эдийн засгийн байдлаас хамааран төсөл хэрэгжүүлэгч "Халла Гонсол” ХХК гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлснээр төслийн ажил түр хугацаанд зогсонги байдалд оржээ. Харин өнөөдөр энэхүү төслийг Унгарын хөрөнгө оруулалттай "Глобал бридж консерциум” /Глобал ток ХХК/ концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж барилгын ажлаа эхлүүллээ. Хотын захиргааны шинэ цогцолбор нь газрын төвшнөөс доош 1 давхар, газрын төвшнөөс дээш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлах 20 давхар /А блок/, иргэдэд үйлчлэх төвийн 2 давхар /Б блок/, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны 6 давхар /В блок/ болон спорт залны барилга баригдахаар төлөвлөсөн. Барилгажих талбай 8.116.52 мкв ба А,Б, В блок, спорт залны барилгын нийт талбай 44.587.33 мкв ба зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байна.