Ж.Даваадулам: Математик бол сэтгэлгээний эрх чөлөө, эр зоригт сургадаг шинжлэх ухаан юм

 

 

 

Ж.Даваадулам: Математик бол сэтгэлгээний эрх чөлөө, эр зоригт сургадаг шинжлэх ухаан юм

 

Жамсранжавын Даваадулам гэж эгэл даруухан эрдэмтэн бүсгүйтэй уулзаж ярилцлаа. Энэ бүсгүй онолын математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй математикч юм. "Бид монголчууд цөөхөн ч гэсэн математикчидтай байгаагаараа бахархах хэрэгтэй. Суурь шинжлэх ухаан бол нийгмийн оюун санааны дархлаа юм” тэрээр хэлсэн. Түүний ярилцлага таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

 

-Даваадулам эрдэмтэн ямар сургууль төгссөн бэ?

 

-Монгол Улсынхаа Их Сургуулийг төгссөн. Би МУИС-ийг гурван удаа төгссөн байдаг юм. 1993 онд МУИС-ийн дэргэдэх Төрөлжүүлсэн тусгай сургалттай ахлах сургууль, 1997 онд МУИС-ийн Математик-Компьютерийн Сургуулийг математикч-математикийн багш мэргэжлээр төгсч, 1999 онд мөн Математик-Компьютерийн Сургууль дээрээ математикийн ухааны магистр зэрэг хамгаалсан. 2002-2006 онуудад ОХУ-ын Москва хотын Улс Түмнүүдийн Найрамдлын Их Сургуулийн аспирантурт суралцаж 2006 оны 6 дугаар сард 01.01.01 мэргэжлийн индекстэй "Математический анализ" мэргэжлээр физик-математикийн ухааны доктор (PhD) зэрэг хамгаалсан. Онолын математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Монголын анхны эмэгтэй математикч болсон юм даа.

 

Арван жилийн сургуульд байхдаа онц сурлагатай, олимпиад болгонд оролцдог шилдэг сурагч байсан гэж найз нөхөд чинь хэлсэн, үнэн үү? Ямар ямар олимпиадад оролцож амжилт гаргаж байв?

 

Тийм шүү J Би сургуульд орохоосоо өмнө сайн уншаад сурчихсан байсан юм. Тэгээд сургуульд ороход асуудалгүй онц сурч эхэлсэн. 8 жил 40 улирал онц сурсан байдаг. 50 дугаар сургуулийн хүндэт самбарт миний зураг байнга хадаатай байдаг байлаа. Олимпиад болгонд оролцдог хүүхэд байсан. 1990 оны хотын математик, физикийн олимпиадуудад түрүүлж байлаа. 1991 онд 8 дугаар ангид байхдаа улсын физик, математикийн олимпиадуудад яг адилхан шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байв. Медалийн оосроос шүүрээд алдсан хэрэг. Хоёр олимпиадад яг адилхан амжилт үзүүлнэ гэдэг бас л сонин тохиол шүү. Тэгээд МУИС-ийн дэргэдэх төрөлжүүлсэн тусгай сургалттай сургуульд суралцах урилга авлаа. Физик, математикийн ангиас сонголт хийх болов. Аль алинаас нь урилга авчихсан байсан хэрэг. Физикийн анги 7 бандитай. Математикийн ангид нь надаас гадна нэг охин байна. Тэгээд математикийн ангийг сонгочихсон юм. Шилдгүүдийн багт ороод эхний улиралд амьдралдаа анх удаа дунд гэдэг дүнг авч үзлээ дээ. Дараагийн улиралд дунд гарвал хасна гэж байна. Хичээлээ. Хүн чинь бас нэрээ бодно шүү дээ. Тэгээд дараагийн улирлаас эхлээд онц сурч эхлээд аравдугаар ангиа онц төгссөн. 1993 онд аравдугаар ангид байхдаа улсын математикийн олимпиадад мөн л шагналт дөрөвдүгээр байранд шалгарсан.

 

-Яагаад МУИС-ийн математикийн ангийг сонгосон юм бэ, хэн нэгэн зөвлөсөн үү. Эмэгтэй математикч ховор байх тийм үү

 

-Нэгдүгээрт МУИС-ийн дэргэдэх ахлах сургуулийн математикийн ангийнханд бүгдээрэнд нь МУИС-ийн Математикийн ангид элсэн суралцах урилга өгсөн. Хоёрдугаарт Математикийн олимпиадад эхний байруудад шалгарсан хүүхдүүдэд бас урилга өгсөн. Тэгэхээр давхар урилгатай болж байгаа юм. Нөгөө талаас олон улсын математикийн олимпиадын бэлтгэл эхэлсэн байсан учраас конкурсэд оролцоход түвэгтэй байсан. Тэгээд л МУИС-ийн Математикийн ангид элсэн орсон хэрэг. Эмэгтэй математикчид байлгүй яах вэ. Одоо бүүр олон болж байгаа.

 

-Орост төгссөн сургууль, багш нарынхаа тухай товч танилцуулаач

 

-2001 онд ОХУ руу аспирантурт суралцах шалгалт өгч тэнцээд харанхуй л яваад өгсөн юм. Азаар сайн сургууль, сайн багш таарсан. Российский Университет Дружбы Народов бол ОХУ-ын шилдэг 10 сургуулийн нэг. Маш олон орны залуучууд суралцдаг. Жил бүрийн 5 сарын 1-нд найрамдлын баяр тэмдэглэдэг. Мөр зэрэгцэн суралцаж байсан найзууд маань бүгд салбар салбартаа манлайлж байгаагаар бахархдаг. Ер нь Орост төгсөгчид мундаг шүү дээ. Миний багш Михайл Львович Гольдман бол функционал огторгуйн чиглэлээр дэлхийд тэргүүлэх эрдэмтдийн нэг, сэтгэлд дулаахан, намуухан сайхан хүн байдаг юм. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдэг шүү дээ. Оросын профессорууд ер нь тийм. Аспирантурт суралцаж байхдаа ОХУ-ын ШУА-ийн Стекловын нэрэмжит Математикийн хүрээлэнд домогт эрдэмтэн Никольскийн семинарт гурван жил оролцсон нь миний хувьд математикийн онолын хамгийн том сургууль болсон. Стекловын хүрээлэн бол манай Математикийн хүрээлэн биш шүү дээ. Гадны хүн дураараа орж гарч болохгүй. Тусгай үнэмлэхээр орно. Их гүрэн суурь шинжлэх ухаанаа стратегийн түвшинд хамгаалдаг юм билээ. ЗХУ-ын сүр хүч Зөвлөлтийн эрдэмтдэд байсан гэж ярьдаг. Сансар судлалын амжилтууд, цөмийн судалгаанууд, зэвсгийн үйлдвэрлэл, энхийн бүтээн байгуулалт, үйлдвэржилт. Энэ бүхний ард математикийн шинжлэх ухааны аугаа их сүр хүч нуугдан байдгийг тэгэхэд олж мэдсэн. Би ер нь багшийн азтай. Миний бакалавр, магистын дипломын ажлыг удирдсан Цэндийн Лхамсүрэн профессор бол Москвагийн Улсын Их Сургуулийг төгсөгч, функционал анализийн чигэлээр хамгаалсан анхны монгол эрдэмтэн. Эрдэм судлалын замаар замнасан хүнд сайн багшийг олно гэдэг их аз завшаан байдаг.

 

-Хүн болгон математикт дуртай, сайн биш байдаг даа. Хүүхдүүдийг энэ хичээлд яаж дуртай болгох вэ

 

-Хэцүү асуулт байна. Үнэндээ яг нэг үгээр хэлж мэдэхгүй байна. Тухайн хүүхдийг бол бодлого бодуулаад, сэтгэн болох чадварын болон сэтгэл зүйн оношилгооны тест хийлгээд, ярилцаад, эцэг эхтэй нь ярилцаад үзвэл оношилж болох. Ер нь амьдрал дээр математикийн хичээл, ер нь хичээлд сайн хүүхэд өөрөө яагаад сайн байгаагаа мэддэггүй. Сайн чадаж байгаа юмандаа хүн дуртай ч байдаг. Тэгэхээр байгалийн өгөгдөл бас байдаг шиг. Нөгөө талаас нэг ч хүүхэд хоцроолгүй сайн сургадаг нэртэй багш нар бас байдаг. Багшийн ур чадвар бас л чухал.

 

-Мэргэжил бүхэнд давуу тал, чанар гэж бий. Математикч хүнд ийм давуу ямар тал байдаг вэ.

 

-Математик бол юуны өмнө сэтгэлгээний сахилга батад сургадаг гэж боддог. Математик бас сэтгэлгээний эрх чөлөө, эр зоригт сургадаг. Бидний амьдран буй ертөнц гурван хэмжээст, орон зай, цаг хугацааны хувьд дөрвөн хэмжээст огторгуй атал математикийн ангийн оюутнуудад бид олон хэмжээст, төгсгөлгүй олон хэмжээст, бутархай хэмжээст огторгуйнууд дээр ажиллахыг сургадаг. Бид дөрвөн хэмжээст бөмбөрцөг яаж харагддагийг төсөөлж чадахгүй ч эзлэхүүнийг нь олох боломжтой.

-Ямар хэрэгтэй юм бэ гэж асуумаар санагдаж байна, уучлаарай?

-XVII зууны математикчид долгионы тэгшитгэл бодоход ихээхэн хүч чармайлт тавьж байжээ. Тэр үед долгионы практик хэрэглээний талаар хэн ч бодоогүй байна. 1864 онд Максвелл цахилгааны үзэгдлийг дүрслэхэд долгионы тэгшитгэл хэрэглэжээ. 1888 онд Герц анх удаа радио долгионыг лабораторийн нөхцөлд барьсан байна. 1896 онд анхны радио дамжуулалт хийгдсэн. XXI зуунд бид гар утас барьж, утасгүй интернет хэрэглэж байна. Долгионы тэгшитгэлээс радио хүлээн авагч зохион бүтээх хүртэл 150 жил, Дифференциал геометрээс атомын бөмбөг хүртэл 100 жил, Матрицын онолоос эдийн засгийн хэрэглээ хүртэл 100 жил, интеграл тэгшитгэлээс квант онол хүртэл 30 жил, квант онол хэрэглээгээ олтол басхүү нэлээд хэдэн жил өнгөрсөн байна. Өнөөдрийн бидний амьдран буй энэ гайхамшигтай сайхан басхүү аймшигтай ертөнцийг цогцлооход математикийн шинжлэх ухааны оруулсан хувь нэмэр аугаа их юм. Математикийн шинжлэх ухааны хөгжил нь бусад шинжлэх ухаануудын хөгжлийг дагуулдаг. Шинжлэх ухаан технологийн хөгжил нь нийгэм эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлийн урьтал нөхцөл болдог. Бид монголчууд цөөхөн ч гэсэн математикчидтай байгаагаараа бахархах хэрэгтэй. Суурь шинжлэх ухаан бол нийгмийн оюун санааны дархлаа юм. Мэдлэгийн эдийн засгийн эрин үе хаалга тогшиж байна. "Мэдлэг бол хүч” гэж нэрт сэтгэгч Фрэнсис Бэкон хэлсэн байдаг. Одоо цагт "Мэдлэг бол баялаг” гэж хэлж болж байна.

 

-Хэр олон жил багшилж байна. Их сургуулийн багшийн дундаж цалин нууц биш бол хэд вэ. Соц нийгмийн үед их, дээд сургуулийн багш нар бараг хамгийн өндөр цалинг авдаг байсан гэж ахмадууд хэлдэг.

 

-Нууц шүү дээ J Дунджаар нэг сая гаруй.

 

-Манай улсын боловсролын салбар зөв бодлогоор явдаг гэж та боддог уу. Боловсролын бодлогыг эрдэмтэн багш та нартай зөвлөдөг үү

 

-Боловсролын салбар бодлогогүй болоод удаж байгааг бид бүгдээрээ харж байна. Эцэс төгсгөлгүй шинэчлэлийн үр дүнд яг юуг яах гээд шинэчлэх гээд байгаагаа ойлгож байгаа хүн байхаа больсон байх. Багш нарын дуу хоолой хүрдэг эсэхийг мэдэхгүй. Олон янзын ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Гэхдээ үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг яамны хамаг ажлыг цуглаад л тарах ажлын хэсгээр хийлгээд байж болохгүй байх. Ер нь боловсролын бодлогын үр дүн удаан хугацаанд гардаг. Сайн ч муу ч боловролын бодлогын үр дүн наад зах нь 20-30 жилийн дараа харагдана. Энэ утгаараа боловсролын шинэчлэлийг богино хугацаанд янз янзаар хийж үзээд байж болохгүй гэж би боддог. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Өнөөдөр бид боловсролын бодлогоороо юу тарьж байгаагаа мэдэхээ больсон учир юу хураах нь тодорхойгүй. Нөгөө талаас боловсролын бодлого боловсруулахад гадаадын нөлөөг багасгамаар байгаа юм. Мэдээж дэлхийн жишгийг дагаж, гадаадын сайн туршлагыг судлалгүй яах вэ. Гэхдээ бид хажуу айлын хүнээрээ хүүхдээ хүмүүжүүлүүлдэггүй биз дээ. Хажуу айлын хүн сайн хүн байж болох ч бидний үр хүүхэд. Монгол хүний сэтгэхүй, сэтгэл зүйн онцлог ч бас байна. Өдий хүртэл явж ирсэн уламжлал байна. Шинжлэх ухааны олон талт судалгаа хийсний үндсэн дээр маш сайн бодож боловсруулсан боловролын бодлого бол тухайн үндэстний хар хайрцагны бодлогын хэмжээнд тавигдах ёстой гэж би хувьдаа боддог.

 

-Их сургуулийн багш нар нийгэмд дуу хоолойгоо гаргаж байх ёстой биз

 

Дуу хоолойгоо гаргаж байхгүй бол болохгүй болж байна шүү дээ.

 

-Та нийгийн хэр идэвхтэй хүн бэ

 

-Сүүлийн үед их идэвхтэй болоод байгаа J Урьд нь өмнөх ажлаа сайн хийхийг л хичээдэг байлаа. Онц сурдаг охин хэвээрээ олон жил болсон байна. Одоо насан хүрэх цаг болсон бололтой.

 

-Манай нийгэмд таны сэтгэлийг зовоож байдаг ямар асуудал байна?

-Юманд шинжлэх ухаанчаар ханддаггүй. Их сайндаа шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаан дээр үндэслэн гэж ярих юм байна шүү дээ. Үндэслэлтэй төдий биш маш гүн гүнзгий, олон талт судалгаа хийж байж шийдвэр гаргаж байхгүй бол төсвийн өч төчнөөн мөнгө хөрөнгө салхинд хийсчихдэг юм байна. Эдийн засгийн форум дээр яригдаж байсан асуудал. Нөгөө хотын утаатай тэмцэх утаагүй зуухны талаар. Ердөө л техникийн буруу тооцоо /эсвэл огт тооцоогүй ч юм уу/ хэдэн тэрбумыг салхинд хийсгэчихсэн тухай. Хууль зөрчөөгүй, идэж уугаагүй. Зүгээр л буруу шийдвэр гаргаад цацчихсан. Буруу шийдвэрийнхээ төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Шийдвэр гаргагчид ч өөрсдөө буруу юм хийснээ ойлгохгүй. Мунхгийн гай ч гэмээр юм уу. Шийдвэр гаргах түвшний мунхаглал бол авилга, луйвраас дутахгүй хөнөөлтэй.

 

Энэ асуудлыг шийдэх ямар гарц байна гэж та харж байна

 

БНСУ-д Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологи ба ирээдүйн төлөвлөлтийн яам гэж байдгийг мэдсэн явдал юм. Ирээдүйн төлөвлөлт. Улс орны өмнө хүлээсэн шинжлэх ухааны ариун үүрэг бол ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨЛТ юм байна шүү дээ. Үндэсний эрдэмтэд судлаачдынхаа судалгааг хоосон цаас болгочихдоггүй байх бол үндэсний хөгжлийн том гарц гэж боддог.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН
2016.06.10 №20

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх