Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байна

Б.ЭНЭРЭЛ

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Д.Баатарсүрэнтэй уулзлаа.

Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байнаТэрбээр БНХАУ-д уран зураг судлалын чиглэлээр сурдаг бөгөөд зуны амралтаараа нутагтаа ирээд удаагүй байгаа гэнэ. Д.Баатарсүрэн Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2009 онд Б.Төмөрбаатар багшийн удирдлаганд Монументал уран зургийн ангийг төгсөөд 2010-2015 онд БНХАУ-д Шандуны их сургуульд дорно дахины урлаг судлалаар мастер хамгаалсан. Одоо дорно дахины урлагийн гоо зүйгээр докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа юм. Зураач залуу сурч, эрдэм судлалын ажил хийхийн зэрэгцээ Хятадад болсон хэд хэдэн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцоод амжсан уран бүтээлч. Тэрбээр саяхан Ордост болсон үзэсгэлэнд оролцоод иржээ.

-Амралт сайхан уу?

-Гэртээ, нутагтаа ирээд сайхан байна.

-Гэхдээ уран бүтээлч хүнд амралт гэж бараг л гардаггүй байх. Санаа орж ирвэл бийрээ шүүрэхэд бэлэн байдаг байх гэж санагддаг?

-Тэгэлгүй яах вэ. Заримдаа нойргүй сууж байгаад ч хамаагүй эхэлснээ дуусгачихдаг. Гэтэл бийр барихгүй хэчнээн хонох тохиолдол ч бий. Гэхдээ би залуу уран бүтээлч. Сурч судлах, өсч дэвжих хэрэгтэй учраас цагийг дэмий үрэхгүйг хичээдэг.

 

Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байна

 

-Таны бүтээлүүд дунд Цагаан уул, Вансэмбэрүү, Наран цэцэг гэх мэт цэцэг олон байх юм?

-Тийм ээ, оюутан байхаасаа л цэцэг навч их зурдаг байлаа. Цэцэг зурах нь маш нарийн ажиллагаатай. Цаг их ордог л доо. Байгаль дэлхийгээ хайрлах, ховордож буй ургамлыг бүтээлдээ тусгахыг оролдож байна. Миний зурах арга барил, онцлог бол бүхэл зүйлийг нарийвчлах. Ер нь ерөнхийлсөн байдлаас татгалзсан гэж болно.

-Та зургийн санаагаа хаанаас олдог вэ?

-"Уран зураач хүн байгалийг сайн хуул” гэсэн үг байдаг. Зургийн санаагаа ер нь байгалиас л олно. Харин хэрхэн яаж зохиомжлох нь зураачийн мэдрэмж, ур чадвартай холбоотой болов уу.

-Тэгвэл таны цаашдын зорилго юу бэ?

-Мэдээж олон шинэ санаа, зорилго байна. Уламжлалт арга барилыг орчин үетэй холбон шинэлэг зүйл хийхийг хичээж байна. Миний зургийг хараад Д.Баатарсүрэн зураачийнх байна гэж шууд танигдахаар бүтээлүүд хийхийг зорьж байна. Үүний тулд маш их судалгаа, эрэл хайгуул хийх хэрэгтэй юм.

-Өөрийнхөө бусдаас ялгарах онцлогийг тодорхойлохгүй юу?

-Би ийм онцлогтой зураач гэж өөрийгөө тодорхойлж чадахгүй. Эрт байна. Нас залуу учраас хийх зүйл, шинэ санаа их байна.

-Та урлаг уран зураг судлалын чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Монголын уран зургийн хөгжлийн түвшин бусадтай харьцуулбал хэр байдаг бол?

-Манай уран бүтээлчид судалгаатай, сайн сайн уран бүтээл хийж байна. Олон улсын үзэсгэлэн, уралдаанд байнга оролцож, уригдаж байна. Энэ нь уран зургийн хөгжил өндөр түвшинд байгааг харуулж буй юм. Ганцхан бодлого дутагдаж байна. Түүнээс шалтгаалан их, дээд сургуулийн оюутан залуус суурь үндсээ сайн тавиагүй байж орчин үеийн урлаг ярьж төөрөлдөх тал анзаарагддаг.

-Таны сурч буй Хятад улсад дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага нь аль тал руугаа илүү давамгай байна вэ. Орчин үе, уламжлал хоёрын аль нь давамгай байна?

-Дэлхий нийт дорнын урлагийг илүү сонирхож эхэллээ. Үүнийгээ дагаад дорнын урлаг үсрэнгүй хөгжиж байна. Дорно дахины урлагийн онцлог нь арга ажиллагааны хувьд төстэй боловч тухайн үндэстний сэтгэлгээ, ахуй, ертөнцийг үзэх үзлээс шалтгаалан өөр өөр хэв маягтай байдаг юм шиг. Тухайлбал, Хятадын дүрслэх урлаг илүү их уламжлал руугаа хандаж байна. Энэ нь хөгжлийн маш зөв хандлага гэж ойлгогдож байгаа. Дүрслэх урлаг төдийгүй урлагийн бүх салбар уламжлал дээрээ тулгуурлан орчин үе рүүгээ хандаж байна. Соёл урлагийн бодлого нь ч тийм. Тэгэхээр тэрийгээ дагаад хөгжиж байна. Мөн гадны зүйлүүдийг маш сайн хүлээн авч суралцаж байна.

 

Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байна

 

-Хятадад зураачдаа сургах онцлог гэж байдаг биз. Танд тухайлбал юу нь илүү таалагддаг вэ?

-Хятадын нэг ийм үг байдаг юм. Мод зурахын тулд түүнийг нэг жил ажигла гэж. Нэг үгээр маш удаан бодож судалж байж нэг зүйл хийдэг. Би Хятадад нэлээн хэдэн үзэсгэлэнд оролцож байсан. Миний зурсан наранцэцгийг их сонирхдог юм. Хятадын зураачид аж ахуйн шинжтэй зураг их зурдаг. Энгийн байдлыг бага зэрэг донж оруулан зурж байна. Тэр нь хятад хүний онцлох шинж. Бидний хувьд ч гэсэн нүүдэлчдийн сэтгэлгээ өөр хүмүүст содон байдаг шүү дээ.

-Манай сонин зочноосоо заавал асуудаг нэг асуулт байдаг юм. Нийслэлийн иргэний хувьд төрөлх хотоо ямар байгаасай гэж хүсч байна?

- Мэдээж Азийн бусад өндөр хөгжилтэй хотуудтай адил хурдан хөгжөөсэй гэж хүсэлгүй яахав. Улс бүрт урлагийн гудамж гэж байдаг юм. Энэ нь тухайн улсынхаа нүүр царай төдийгүй урлагийн хөгжлийн түвшинг нь харуулдаг. Миний бодлоор Улаанбаатарт тийм тусгайлсан гудамж талбай хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ нь хүүхэд залуучуудын урлагийн боловсрол олгоход хэрэгтэй төдийгүй нийслэлд шинэ өнгө нэмнэ.

Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байна

 

Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байна

 

Д.Баатарсүрэн: Улаанбаатарт урлагийн гудамжтай болмоор байна

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

 


 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх