Хар цай

Эмээ!Бид гурав явлаа шүү, халгаа түгжээрэй гэж бэрийн хэлэхэд Дүндгээ босч үүдээ цоожиллоо.

-Дээр дооргүй хоёр хоёр эргүүлнэ шүү гэх бэрийн дуу тодхон сонсогдов.

Дүндгээ долоо хоног ийм үгийг сонсож байгаа болохоор эхлээд эгдүүцмээр байснаа сүүлдээ чих дасчээ. "Хот гэдэг хөдөөтэй адилгүй. Хаалга хэнд ч битгий тайлж өгөөрэй. Бидний нэр бариад юу ч гэж явж мэднэ. Зарим нь гэнэдүүлж орж ирээд амыг чинь бариад, гэрий маань үүрээд явчихна гэж мэдээрэй! ” гэсэн бэрийн үг санаанаас ер гарсангүй. Гэхдээ үл бүтэх хэн нэгэн орж ирээд тийм айхтар юм болгоно гэж айснаасаа биш харин "Хэцс хэзээ бид гэгээн цагаан өдрөөр гэртээ түгжээтэй суулаа” гэж бодсоноосоо болоод энэ үг санаанаас гарсангүй.

Сэвлэгий нь үргэлж үнэрлэж өсгөсөн хүүгийндээ биш хаа хамаагүй хэр элгийн айлд байгаа юм шиг түүнд бодогдсоор өнөөдрийг хүрчээ.......

Дүндгээ эднийд шууд л хөл тавьж, өөрийн санаснаар "унаад өгөх юм” бодсон чинь хаа байх билээ. Анх ирээд үүдний хонхыг дарахад " Хэн бэ?” гэж эмэгтэй хүн шалгааж эхлэв. "Охин минь ээж нь байна” гэж Дүндгээ хэлэв. "Юу яасны ээж! Надад ээж байхгүй. Сэргийлэх дуудлаа шүү! гэх бэрийнхээ дууг сонсоод Дүндгээ муу ер гэж эгдүүцэв.

Нөхрийнхөө дууг сонсоод бэр нь сая үүдээ нээж өглөө.

Дүндгээд урьд нэг удаа уулзсан бэр маань мөн үү гэсэн бодол төржээ. Сайн ажвал амралтаар очоод буцахдаа жаал жуул нарийн юмыг нь сонирхон, гурван цэнгийн алтан бөгж, оюу шигтгээтэй мөнгөн бугуйвчийг нь гуйх нь холгүй аваад явсан яриа хөөрөөтэй, эелдэг ааштай өнөө охин яах аргагүй мөн л байлаа.

Гял цал болсон хүүгийнхээ гэрт оруут "За даа, би чэднийд нэг их олон хонохгүй ээ” гэсэн бодол ээжид нь гэнэт төржээ. Хүү бэр хоёрт бодсон санаснаа ний нуугүй яръя гэвч тэд нэг л хөндий цэрвүү байв.

Гурван жилийн өмнө нэг нь хоёр ойноос өнгөрч, нөгөө нь дөнгөж мөлхөж байсан хоёр ач нь оройхон хэрд дуу шуутайхан орж ирэв. Дүндгээ одоо л нэг чимээ шуугиантай, хөгжил хөөртэй болох нь гэж баярлав.

Ач нар нь үнсүүлээд эргэхдээ хацраа арчиж харагдлаа. Эмээ нь үүнд юм санасангүй, харин ч өхөөрдөлтэй, улам цаашлуулмаар бодогджээ. Том ач нь ээжээсээ,

-Энэ танихгүй эмээг хэн гэдэг юм бэ гэхийг Дүндгээ сонсов. "Моньд чинь энэ танихгүй эмээг хэн гэдэг юм бэ, гэнэ үү!” гэж бодохоос урам хугаран хөл нь өөрийн эрхгүй бохисхийх шиг болов. Гэвч ач нартаа тэр гомдсонгүй. Эмэг эх чинь гэж ийм хүн байдаг юм гээд энэ хоёр маань хэлж ярьж, ядаж зургийг минь үзүүлж харуулж байсан бол хаанаас ийм юм болох вэ хэмээн халаглав. Дүндгээ хоёр ачаасаа,

-Та хоёр эмэг ээжтэй юу гэж асуув.

-Эмээ юу? Байсан, одоо байхгүй,үхчихсэн.

- Муу ер, тэгдэггүй юм. Эмээ чинь байна.

Та хоёр яахаараа намайг танидаггүй билээ.

-Та өөрөө манайд ирдэггүй шүү дээ.

-Харин та нар чинь яахаараа манайд очдоггүй билээ?

-Бид хоёр танайхыг мэдэхгүй шүү дээ.

-Тэр чинь харин үнэн үг. Эмээгийн нь муугийнх гэж өгүүлэхэд Болд, Чимгээ хоёр инээгээд өнгөрөв. Дараа нь орондоо орохын өмнө Дүндгээ,

-Ээжийн чинь зураг танайд алга уу? Тэр жил авахуулсан зургаас нэг нь чамд бий дээ, бий гэж хүүдээ уцаарлав. Энэ үгний учрыг сайн ойлгоогүй Чимгээ,

-Аа одоо саналаа. Булан нь урагдаж халтар болсон нэг юм яваад байсан,тэр байх нь гэв...

Энэ мэт эхний өдрийн элдэв юм түүнд санагдаад болсонгүй. Өнөөдөр сайхан өдөр болмоор янзтай. Дүндгээ тагт дээр гарлаа. Тэнд зогсож байснаа "Энүүхэн хооронд яав л гэж” хэмээн өөртөө итгэлтэй өгүүлэв.

Дүндгээ үүд хаалгаа сайн түгжээд зургаа хоног цонхоор харж байхдаа хэд алхаад хүрэхийг хүртэл тооцсон өнөөх хоёр давхар ягаан байшингийн зүг хөл тавьлаа. Явах замдаа "Яг л энэ газраараа ирэх юм шүү! Эс тэгвэл будилж мэднэ” гэж бодож явав. Үнэхээр тэнд дэлгүүр байлаа. Тэр ирсэн өдрөөс эхлэн хүүгийнхээ байрны цонхоор харж байхдаа ийм л газар гэдгийг мэдсэн аж.

Дүндгээ санаснаас гэрээ амархан олж ирэв. Тэр ганц аяганы л наймаа хийжээ. Авмаар юм захаас аван байсан ч урьд нь орж үзээгүй их хөлийн газар ганцаардаад "Хурдан эндээс гарч амьсгаа авах минь” гэж санагджээ.

Дүндгээ авчирсан дунд гарын шаазангаа гал тогооны өрөөний ширээн дээрх дөрвөн аяганы дунд тавьж "За ингээд өөрийн гэсэн аягатай болов” хэмээн сэтгэл хангалуун бодлоо. Энэ ч бас учиртай байж. Хүүгийнх ам бүлийн тоогоор аягатай. Түнийг ирсэн цагаас өглөө оройн хоол цайны үеэр хэн нэгэн аягагүй хоцорно. Дүндгээд нэгийгээ харуулж байгаад хооллох ундлах нь тун эвгүй. Гял цал болсон хүрэн модтой, шилэн нүүртэй шүүгээн доторх аяга тавганаас хэрэглэж болдоггүй юм болов уу гэж нэг удаа бодсоноо хэлсэнд "болохгүй” гэсэн хариуг бэрээсээ сонсчээ. Тэгээд гаръя газар мэдэхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн аж. Хүүгийнхээ дөрвөн аяганы дундаас саяны авчирсан аяга нь ялгарна. Энэ ялгааг арилгах гэж хэдий хэрийн хугацаа зарснаа ээж нь мэдсэнгүй. Нгэ мэдвэл аягануудын харласан дотор цэвэр болж, хөөрхий Дүндгээ хэрдээ ядарчээ. Тэр хөлсөө арчих мөртөө "Буруу хойшоо энүүхний төлөө ингэх гэж. Би ч больжээ. Хар багаасаа өдийн хүртэл халуун хүйтэнд борвь бохисхийхгүй юу эсийг үзлээ. Гэтэл байж байгаа царай нь энэ” гэж өөрийгөө зэмлэн бухимдав. Толгой нь ангалзах шиг. Гэтэл өнөөдөр хар цайгаа уудаг өдөр нь санагдав. "Энэ муу толгой хүртэл сүүтэй цайгаа нэхсэн байна шүү. Чи малынхаа буянд мөн ч их сүү хүртсэн дээ. Гэтэл долоо хоногт өнжөөд нэг бор цай уухад сүүгээ үгүйлж байдаг, таарваа” гэж бодлоо. Хүүгийнх нь дандаа хар цай уудаг ажээ. Харин ээжийгээ ирлээ гэж гурвалжин ууттай хэдэн сүү авч энэ айлын цахилгаан гал дээр өнжөөд нэг удаа сүүтэй цай буцлах болсон билээ.

Дүндгээ хүүгийнхээ хөргөх саванд анх удаа гар хүрч нээв. Тэр сав багахан дэлгүүр шиг санагджээ. Өнөөх гурвалжин эрээн цаасан ууттай сүү ч хэд хэд харагдлаа. Гэвч тэр цахилгаан зуухыг нь "асааж” мэдэх биш. Хаалгыг нь урамгүй хааж дэрэгдэх сандалд сууж хөл хориогүй, бие бариагүй хөдөө нутагт, гэр орноо саналаа. Энэхэн зуур унд холдсноо мартах шиг болов. "Ээ буянаа дэлгэр!” гэж шүүрс алдлаа.

Хүү нь өдөр ирж энэ гэрт хэд хоног эхнэрийнхээ тогтоогоод байгаа "журмыг” эвдэж сүүтэй цай чанаж хоол хийлээ. Тэгж байтал бэр ч ирэв. Чимгээ ширээнд суунгаа "Өглөө би цай чанасан биш бил үү” гэж эргэлзэн хөргөгчөө нээж үзээд,

-Хэн сүүтэй цай чанав гэж уцаарлангуй дуугарав. Болд,

-Ээж маань ядраад байх шиг санагдахаар нв би чанасан юмаа хө. Ээжийн далимд хэд хоног цөмөөрөө сүүтэй цай ууя л даа гэлээ.

-Чи тэгээд өөрөө сүүгээ олж ирж байгаарай! гэж Чимгээ ширэв татлаа. Ингэж хэлэхдээ Дүндгээг дэргэдээ байгаа чинээ санасангүй. Эх нь чимээгүй суулаа. Ер нь чимээ гаргана гээд яах билээ. Чимгээ бас нэгийг ажиглаад авлаа.

-Үгүй энэ чинь манай хэдэн хар дотортой аяга яасан сайхан болчихоо вэ гэхэд гэхэд Дүндгээ "Аргагүй л хүүхдээрээ байна даа, энүүхний төлөө баярлаж байна, хараач” гэж бодоод,

-Ээж нь арчсан юмаа гэв.

-Би цэвэрлэх гээд чадаагүй юм гэж Чимгээ өгүүллээ.

-Аливаа зүйлд арга эв хэрэгтэй! Аяганы доторхи харыг арилгах амархан, харин...гэснээ Дүндгээ чимээгүй болж " Амархан гэнэ шүү! Буруу хойшоо, чи түрүүхэн ядарсан биш үү, хүүхдийн сэтгэлд юм бодуулахаар үг хэлэх шахлаа” гэж бодлоо.

-Үгүй энэ чинь! Хэмээн Чимгээ дахиад гайхав. Тэгснээ энэ удаа Болдод шууд " Чи өглөөхөн хоол идэх мөнгөгүй гээд байсан. Юун мөнгөөрөө нэг аяга авчирсан юм бэ?” гэж тулгахад Болд гайхав. Дүндгээ,

-Охин минь урд дэлгүүрээс би авчирсан юм гэхэд Чимгээгийн царай хувьсхийхийг ажиглажээ. Дүндгээ дэмий юм хийснээ ойлгоод өөрт зааж өгсөн өрөөнд орохоор явлаа.

-Нэг ам нэмснээ нотлох гэсэн юм шиг бас аяга авчирч гэнэ. Их юм болж дээ. Чиний ээж биднийг ганц аяга авчих мөнгөгүй гэж бодсон юм уу? Мөн гайхуулав аа! гэх бэрийн дуу сонсогдлоо. Хүү нь харин,

-Боль доо, Чимгээ. Ээжийн зөв. Ер нь ч тэгээд хэд гурван аяга таваг, халбага сэрээ айлд баймаар юм байна шүү гэв.

-Аа тэгнэ дээ, илүү дутуу юм бэлтгэж хаа хамаагүй амьтан хүн цуглуулж идэж уулгамаар байна уу? Тэр мөнгө төгрөг, хоол унд чинь хаана байна! Хэрээ мэдээрэй! Чи юутай ирлээ дээ гэх сонсогдлоо.

"Хөдөөний бид хоол цай буцалж байхад ирсэн хүнийг морьтой явна гэдэгсэн. Гэтэл хүүхдүүд минь юу болох нь энэ вэ!? Аяга шаазанг хзртэл хүний тоогоор, хоол ундаа аяганы хэмжээгээр хийдэг болоо юу? Эд чинь байтлаа найз нөхдөө ирэхэд аяганы амсар зуулгахаас түвэгшээдэг байх нь ээ...” гэж харамсан бодлогоширно. Энэ хэд хоногт хэн ч тэднийд орж ирсэнгүй. Хажууд нь гурван хаалга байлаа. Тэндээс гарч орох хүн харагдсангүй. Гэвч дотроо хүн амьтан хүүхэд, шуухад байгаа нь мэдэгдэхээс цаашгүй. "Яахаараа бие биенийдээ шагайддаггүй юм бэ? Ер нь явахаасаа өмнө эднийг чинь танилцуулдаг хэрэг. Хүнд хүний дэмээс өөр хэрэгтэй юу байх билээ. Адаглаад давс, цайгүй болбол нэгнийдээ ороод гуйдаг байгаа даа. Бид ингэсээр ч өдийн хүрсэн улс” гэж бодоод тайвширлаа.

Хийх юмгүй, явах газаргүй байх хөдөө гадаа байж сурсан хөгшинд таатай санагдсангүй. Энд хийх юм үнэндээ үгүй, түүж цэвэрлэх хог шороо ч үл үзэгдэнэ. Ач нарын зарим нэг хувцас хунарт гар хүрмээр санагдавч утас зүү, хайчнаас эхлээд хаана юу байдгийг мэдэхгүй.

Дүндгээ орой хүүхдүүдээ орж ирэхийг ажиглана. Хүү бэр хоёрын дуу хоолой хөндий байлаа.

-Болд оо, чи хөөцөлдөөд зөвшөөрүүлсэн утсыг тавиулчихгүй хэдэн сар болов? Ийм тийм амьтан ах дүүстэй яримаар байх юм гэж Чимгээ хэлж үг хэлэв. "Ийм яриа ч байлгүй яахав” гэж Дүндгээ бодлоо. Болд эцгийгээ дуурайгаад хэзээний тайван нь дэндсэн юм уу гэж эхэд санагджээ. Энэ үгэнд хариу өгөөгүйд дургуйцсэн үү, яасан бэ бүү мэд. Чимгээгийн дуу чанга болоод ирэв.

-Чи дуугараад өгөөч. Чамтай долоо хоног юм ярьж болсонгүй, бэлбэсэн эм шиг явлаа. Яасан хэцүү юм бэ? Ээж чинь авчирсан жаахан махаа хувааж идээд дууслаа. Ойрдоо цай хоол нь дийлдэхгүй, өнөө цахилгаан нь урсаад талийлаа гэж Чимгээ Дүндгээд дуулгах гэсэн мэт хэлэв. Хүү нь хар цагаан үг алга.

"Хөгшин надаас болж үр хүүхэд минь эвдрэлцэх нь. Наашаа зүтгээд байсан нь ийм үг сонсох гээд байж. Миний сонсох ч яамай. Эд маань эвлээсэй билээ. Эс тэгвэл энэ муу хоёр ач л хэцүүднэ. Ердөө л маргааш явах минь” гэж Дүндгээ гэнэт шийдлээ...

Найм дахь хоногийнхоо орой Дүндгээ гуай нар тоссон хөдөө нутагтаа хөл тавьж сая нэг чөлөөтэй амьсгалахдаа " Бүү үзэгд...” хэмээн санаа алджээ.

1989 он
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх