Цэвгээ захирлаа дурсахуй

Хааяа нэг цуглаж нийлэх үед Цэвгээ захирлыг дурсахгүй өнгөрнө гэж миний үеийнхэн дотор бараг л байхгүй дээ. Хаврын өглөө Бухын голын эрэг дээр түүгээр командлуулан марш алхаж байснаа, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.

Захирал маань дуу чангатай, хоолойн хүч нь мөхөсдөх үедээ үлээдэг төмөр шүгэлтэй. Одоогийн замын цагдаа нарын шүглийн дуу түүний хажууд юу ч биш. Сургуулийн дотуур байранд амьдардаг хэдийг долоо хоног болгоны Бямба гарагт усанд оруулж үйлийг нь үзнэ. Энэ үеэр "чангалж” байгаад эрчүүдийг бүгдийг нь чармай нүцэглүүлнэ, тэгснээ хэн нэгнийх нь бөгсний харыг гайхаж тачигнатал хөхрөх нь бүр зэвүүн. Даваасамба маань халуун усны ээлжтэй өдрөө айл хэсэж яваад хоцорчихоод ариун цэврийн үзлэгт "фактлахгүйн” тулд тасагтаа чармай нүцэглэн төмөр ваннд усанд орж байгаад Цэвгээ захиралд баригдаж, маргааш нь ангийнхныхаа өмнө "хар бөгст” нэрээрээ цоллуулсан гээд хэрэг зөрчил ер тасрана гэж үгүй.

Хагас сайны өглөө болгон 7.30-д улс төрийн эсвэл хичээл хүмүүжлийн сэдэвт яриа ахлах дунд ангиудын дунд явагдаж түүнийг нь захирал өөрөө голдуу удирдан явуулдаг байлаа. 1966 онд хятадад "соёлын хувьсгал” гарч Мао Це Дуны улаан хамгаалагчид улс орноо яаж түйвээж байсныг бүр манай элчингийн жолоочийг хүртэл нэвширтэл зодсон тухай яриаг захирлынхаа амнаас бид алмайран сонсоно. 1973 оны намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан санагдана, захирал биднийг хичээл дундуур бүгдийг нь сургуулийн зааланд шавдан оруулж Чилид төрийн эргэлт болж Пиночет гэх фашист эр Чилийн ард түмний удирдагч Сальвадор Альендегийн амь насыг хөнөөсөн тухай түгшүүрт мэдээг хоолой нь зангиран нүдэндээ нулимс хуруулан байж дуулгалаа. Тэгэхэд бид Чили гэж хаа байдгийг ч мэдэхгүй төрийн эргэлт гэж юу яриад байгааг ч ойлгох чадваргүй балчирхан амьтад мөртлөө харин Вьетнамын хотуудыг Америкийн онгоцууд бөмбөгдөж байсныг өдөр бүр радиогоор сонсдог учир сайн мэддэг байлаа.

Өдөр бүр гуравдугаар цагийн завсарлагаанаар бүх багш сурагчдыг сургуулийн өмнөх талбай дээр зогсоож байгаад өөрөө удирдан гимнастик хийлгэнэ. Хамгийн хүнд дасгал бол өрөөсөн хөл дээрээ сууж босох. Захирал өөрөө тавь гаруй настай, зуу хол давсан жинтэй мөртлөө өрөөсөн хөл дээрээ төвөггүй хэд л бол хэдэн удаа сууж босно. . Захирлын хэлдгээр "нялцгай биетнүүд” бидэнд бол тэр нь ёстой давахгүй даваа байлаа. Хийж дийлэхгүй, өнхөрч унаад байгаа нэгнийх нь салтаа руу өшиглөнө, бүр болохгүй бол бөгсөн дор нь наймын хувин ивэж өгч байгаад чаддаг болтол нь хийлгэнэ.

Аравдугаар ангийн нийгэм судлалын улсын шалгалтан дээр Цэвгээ захирал надаас –Фридрих Энгельсийн "Бич хүн болоход хөдөлмөрийн роль” гэдэг алдарт бүтээлийг уншсан эсэхийг лавлав. –Уншсаан гээд л туучихлаа.

–За хө хүн бичнээс үүссэн юм бол үс ноос нь яаж гуужсан юм болоо гэж байна. Тэгэхээр нь би бодож бодож -Хүмүүс махыг түүхийгээр нь идэхээ больж эхэлсэн цагаас л юм болов уу гээд залчихсан чинь хэрэг бишдэж,

–Тэсийн Гомбосүрэнгийн эхнэр гэж нэг мах огт иддэггүй авгай байдаг юм. Тэр эмэгтэй чинийхээр бол цул үс ноостой амьтан байж таарлаа гээд тачигнатал хөхрөн намайг даапаалж байж билээ.

Захирал маань монгол гутал орос бахиал хоёрт тун дургүй. Монгол гутал өмсвөл үндсэрхэг үзэл гаргалаа гэнэ, орос бахиал хана шал харлуулдаг гэж загнаад бас үзэхгүй. Наймдугаар ангид ордог жил Дорж гэдэг том биетэй шар хүүхэд Хяргас сумаас шилжиж ирлээ. Тэрээр захирлын хэлдгээр ёстой тохой урт монгол гуталтай, өвдөгнийхээ хооронд царцагтай \салтаатай\ шар торгон өмдтэй ганган эр ирлээ. Хөөрхий амьтанд одоо бодоход түүнээс нь өөр өмсөх юм огт байгаагүй бололтой, бид нар шоолж захирал загнасаар байгаад удалгүй мань хүн сургуулиа орхисон юмдаг.

Ямаа, захирал хоёр хэзээний дайснууд, яг хонь чоно хоёр л гэсэн үг. Тэдгээр "зүлэг мод сүйтгэгчдийг” сургуулийн хашаанд орж ирэнгүүт манаач Балжив гуайгаар эсвэл бид нараар бариулж аваад гарахын аргагүй гүнзгий нүхэнд хийж эзэн нь ирж олж автал хорин гэсгээдэгсэн. Зуны цагт сургуулийн ойролцоо тааралдсан болгоноо дуудан морин тэргэнд оруулж ус зөөлгөн мод услуулна, ер нь захирлыг харсан хэн боловч тэртээ холоос бултан зугтдаг байлаа.

Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг багш нар ээлжээр өглөөд ирж сэрээн өглөөний хоолонд нь оруулдаг байлаа. Захирал ээлжтэй өглөөгөө хүүхдүүдийг 05.30-д босгож, гимнастик хийлгэж, 06.00-д эхлэх Монголын радиогоор төрийн дуулал сонсгоно. "Төрийн дуулал эгшиглэж байхад орон дотроо шалхайж хэвтэх эрх та нарт байхгүй” хэмээн загнана. Дотуур байрны "давсаг султнууд” шөнө гарч морь харахдаа харанхуйгаас айдаг ч юм уу эсвэл тэртээ хашааны булан дахь жорлон хүрэхээсээ залхуурдаг ч юм уу байрныхаа ойролцоо хөнгөрч орхидгийг нь болиулах гэж сурагчдын дотуур байрыг гаднаас нь цоожлон коридорт нь юм угаадаг ванн тавьж өгснөөс болж тэрээр аймгийн боловсролын хэлтсээс донго авч байсан удаатай.

Хавар хаврын өглөө Майн нэгний жагсаалын бэлтгэл хийлгэж байгаа нь гэж бараг хоёр долоо хоног парад "гишгүүлнэ”. Захирлынхаа удирдлагаар гуулин хөгжим, бөмбөрийн дуун дор хөл нийлүүлэн алхаж сурах гэдэг бол тийм ч амар даваа биш. "Парад гишгэж буй цэрэг хүний шинелийн хормой хамар шүргэж ёстой” хэмээн захирал өөрөө алхаж үзүүлдэг байсан нь одоо бодоход мань хүний алхаа Кремлийн хүндэт харуулынхаас дутахааргүй байж. Бидэнд ямар шинель минель гэж байх биш монгол дээлийнхээ хормойнд орооцолдон захирлынхаа араас шороо манарган таваргаж өгнө өө. Энэ үеэр заримынх нь гутлын ул ханзраад унах юу ч биш. Ер нь хөглөнө дөө, хөглөнө.

Биднийг их жаргалтай цаг үед төрсөн азтай үр сад гэнэ. Захирлын үед сургуулийн хүүхдүүд дотроо бандааш турсик ч үгүй уртаашаа ганц нэхий өмдтэй байсан юм байх. Тэрнийгээ бөөстчихөөр нь өглөө тайлж хашааны толгойд өлгөчихөөд орой нь саваадахад орчмын цас тэр чигээрээ харладаг байсан гэх ч юм уу. Тэр өдөр доогуураа юу ч үгүй хичээлдээ ирчихээд босохгүй суугаад байхаар сахилгагүйчүүд "энэ яагаад ийм томоотой болчихов хэмээн хормой сөхөж үйлийг маань үздэг байсан” гэж ярин биднийг муужиртал хөхрөлдүүлдэг байсансан.

Далаад оны эхээр Анжела Девис гэх САА-н каракуль хонь шиг буржгар хар толгойтой нэгэн негр эмэгтэй Америкт хүний эрхийн төлөө яаж мятаршгүй тэмцэж байгаа тухай бас хэн ч билээ нэг нөхөр цагаан ордны гадаа өлсгөлөн зарлаад суучихсан босохгүй байгаа талаар ер нь л Америк гэж ямар аймшигтай империалист мангас биднийг залгихаар бэлтгэж буйг захирал маань зүүдэнд үзэгдтэл ярин маниусыгаа айлгана.

Сургуулийн зааланд улс төрийн товчооны долоон гишүүний зураг өлгөөтэй, хааяа ганц нэг нь "солигдох” бөгөөд тэдгээрийн нэрсийг мэдэхгүй байснаас уншиж сураагүй нь бараг дээрд тооцогддог байлаа.

Эх орны дайны тухай кино суманд хааяа ирэх юм бол сургуулийнхаа бүх багш, сурагчдад зохион байгуулалттайгаар үзүүлнэ. "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” гэдэг киног бидэнд бүр нэг дор хоёр удаа үзүүлсэн гээд л бодчих. Сталины улаан фен байсан захирал маань сүүлдээ ардчилалынханд яс махнаасаа дургүй болсон байж билээ. Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, ер нь бид САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана даа. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг.

Биднийг оюутан байхад Ташкентэд сурч байсан хүүдээ бичсэн захидлыг нь консулын ажилтан тэнд сурч байсан бүх оюутнуудад уншиж өгч байлаа. Тийм онцгой сургамжтай үгс захидалд байсан болоод тэр. Багш сурагчидгүй түүнээс айцгаана, сургууль болоод сумынхан дотроос түүнийг эсэргүүцэх зоригтон тун цөөхөн байсан юмдаг.

Манай сургуульд Цэвгээ захирлаас гадна "химийн” Чулуун, "байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. "Энэ гараар нэг алгадахад та нараас юу үлдэхэв” хэмээн Цэрэнсамбуу багшийг паривгар гарынхаа алгыг харуулахад нь бидний сүнс зайлчих дөхнө. Үнэн хэрэгтээ тэрээр биднийг алгадах нь байтугай хүчтэйхэн няслаж ч үзээгүй дөлгөөхөн хүн. Ялангуяа зэргэлдээ сумдаас ахлах ангид ирсэн дотуур байрны гүргэр "эрчүүд” Цэрэнсамбуу багшийн жижүүртэй өглөө түүнийг ирэхээс нь өөрсдөө яагаа ч үгүй эрт босчихдог мөртлөө дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн бага ангийн багш залуухан бүсгүй Пагамжавыг тоодоггүй харин ч эрчүүд нь өглөөд босохгүй нэгийнх нь хөнжлийг хуулах үед орондоо зориуд чармай нүцгэлчихсэн байж байгаад өөрийг нь ичээдэг байсан гэлцдэг. Батмөнх багш байрны жижүүртэй өглөө орондоо хоргодоод босч өгөхгүй нэгнийг хөнжлийг нь сөхөж байгаад харгана шүүрээр нүцгэн гуяыг нь үрэхэд яах ч аргагүй үсрэн босдог байсан гэдэг. Бас л хатуу тоглоом байгаа биз? Дотуур байрны хүүхдүүд үдийн хоолондоо орчихоод ирэхэд нь анги дүүрэн дарсан манжин байцааны үнэр сэнгэнэдэгсэн.

Монгол хэл, уран зохиолын "Го” багш буюу Гомбожав багшийг бид монгол дээл дэгжин щляпнаас салдаггүй болохоор нь ч тэр үү, "Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор нь ч юм уу "Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг бас ч чамгүй хатуу багш байв. Далаад оны хөдөөгийн бидний дунд нэрд гарч байсан Д.Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд” найраглалыг бүгдийг нь цээжлээгүй хүн түүнээс дүн авна гэж гонжийн жоо. Цээжлэхдээ гайгүй боловч хэл ам муу дольтроодуу, бүрэгдүү эрчүүд пүл пал хийж хамар дотроо пургих эсвэл нөгөө сүрхий баяд дөрвөд нүүрэмгий охидууд нь унших гэж уянгалуулж өгнө дөө. Ангид шивэр авир, заримдаа писхийсэн бөөн инээдэм болно, тэр үед "Го” багш бидэнд ёстой мэнчийтэл уурлаж бидний инээдэм ханиадам болох үе ч олон. .

Орос хэлний Батмөнх багш маань "Разговор” байнга цээжлүүлнэ.

-Как тебя зовут? -Меня зовут Дорж

-Сколько тебе лет? -Мне пятьнадцать лет... гэх маягаар л самбарын өмнө өөрөө өөртэйгөө дуржиганатал ярина даа. Хөдөөний сумууд дотроос Тэсээс ирсэн хүүхдүүд орос хэлэндээ Өндөрхангайнханыг бодвол арай дөмөг. Манай ангийн Нямжав мэтийг хил орчмын Тувачуудтай багаасаа "контрабанд” хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв.

Ийм л нэг хөдөөгийн бяцхан сууринд "хүн” болцгоох хувь тавилантай төрсөн ээж аав нар одоо хаа ч юм дараагийн үр удмаа бидний өссөнөөс тэс ондоо орчлонд "тээх” ачаа үүрэн тун завгүй яваа байхдаа хөөрхийс дөө гэж.

Миний орчлон ХХ зуун номноос

Ш.Пүрэвсүрэн

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх