УИХ-ын гишүүнийг ямар шалгуураар сонгох вэ?

УИХ-ын гишүүнийг ямар шалгуураар сонгох вэ?Рэгжийбуугийн НЯМДОРЖ (МҮБХ-ны тэргүүн)

Аливаа хүнд хувийн эрх ашиг, орон нутгийн эрх ашиг, улсын эрх ашиг гэсэн гурван эрх ашиг байна. Энэ бол жирийн иргэнд ч байна, төрд алба хааж байгаа эрх мэдэлтэй хүмүүст ч байна. Иргэн хүн бол өөрийн эрх мэдлийн хувьд энгийн байдаг учраас орон нутгийн юм уу, улсын эрх ашгийг хангахад хүчтэй нөлөө үзүүлэх боломж багатай. Тэгэхдээ жирийн иргэн хүн зөвхөн хувийн эрх ашгаа (амин хувиа) бодохоос гадна ах дүүсээ сайн сайхан явуулах, өөрийн хэр хэмжээгээрээ нутаг усандаа тус болох сэтгэлтэй байх ёстой.

Харин эрх мэдэлтнүүдийн тухайд энэ гурван эрх ашиг их өөрөөр яригдана. Жишээ нь: УИХ-ын зарим гишүүн хувийн эрх ашгаа нэгд тавьчихаад, улс орны баялгийг хувьдаа авч өөрснөө хязгааргүй баяжаад, тэрнээс нь ард түмэн, хувь хүнд оногдохгүй байгаа нь асар их шүүмжлэлд өртөж байна. Өөр хэсэг гишүүн бол хувийн эрх ашгаа ч хичээж, өөрийнхөө сонгогдсон тойрогт хүний сэтгэл татах ажлуудыг хөөцөлдөж бүтээхийг ч эрмэлзэж байна. Энэ бол нэг талаас хувийн эрх ашгаа боддог хүнтэй харьцуулбал илүү дээд шатанд бусдын төлөө явж байгаа сайн үйлс. Гэхдээ орон нутагтаа өөрийнхөө мөнгөөр биш, төсвийн мөнгөөр юм хийсэн гэж ярих нь тийм ч зохимжтой зүйл биш.

Гурав дахь хэсэг нь улсын эрх ашиг, нийт ард түмний эрх ашгийг бодож ажиллаж байна. Тэр бол тойрогтоо хийсэн зүйлээ яриад байхгүй, тэдэн төгрөгийн юм өгсөн гээд байхгүй, гагцхүү улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө санаа тавьж ажилладаг хүмүүс юм. Ийм гишүүд ихэнхдээ хувийн эрх ашгийг орхисон, зарим талаар орон нутгийн эрх ашгийг орхисон байдаг. Энэ гурван эрх ашиг дотроос мэдээжээр улсын эрх ашиг дээд эрэмбийн эрх ашиг юм.

Ийм болохоор улсын эрх ашгийг бодож ажиллаж байгаа хүмүүс нь сайн хүн, зөв хүн мөн гэж үнэлэгдэнэ. УИХ-ын шинэ гишүүдийг сонгохдоо тухайн хүн хувиа боддог хүн үү, улсаа бодож байна уу гэдгийг шалгуур болгох нь сонгогчийн гол үзэл баримтлал, чиг баримжаа байх учиртай. Тухайн хүний явуулж ирсэн үйл ажиллагаа, баримталсан байр суурь нь, ярьж хэлсэн зүйл, хайр энэрлийн үг нь түүнийг хэн бэ гэдгийг ялгаж ойлгоход хангалттай баримт юм.

Хоёрдугаарт хүний өөрийн хөгжил төлөвшил гэж чухал зүйл байна. Хүнд гурван чиглэлийн хөгжил бий. Нэгд биеийн, хоёрт оюун ухааны, гуравт сэтгэл зүрхний.

Биеийн хөгжлийн тухайд зөв сайн бие бялдартай эрүүл чийрэг байх нь зайлшгүй чухал. Амжилт гаргахад, амьдрахад, бусдын төлөө сайн үйлс бүтээхэд хэрэгтэй. "Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин дээр” гэдэг нь ийм учиртай үг юм. Хүн биеийн хөгжилдөө анхаарч, эрүүл байх гэж дасгал хийгээд, биеийнхээ боловсролыг хангаад байж чаддаг. Энэ бол нэгэнт хэвшил болсон хүний авууштай сайн чанар нь билээ. Үүнээс гадна хүнд оюун ухааны хөгжил боловсол хэрэгтэй гэдгийг хүмүүс бас сайн мэддэг. Оюун ухааны боловсрол гэдэг нь мэдлэг олох, бодох, сэтгэх, эргэцүүлэх, харьцуулах, юмны учрыг олох, шийдвэр гаргах, дүгнэлт хийх гэх мэт чадвар юм. Үр хүүхдүүдээ их дээд сургуульд сургах гэж зүтгээд байгаа нь оюун санааны хувьд тэр хүнийг өөд нь татах учиртай гэдгийг ойлгож байгаагийнх юм. Энэ бол сайн хэрэг бөгөөд оюун ухааны боловсролтой болохыг энэ цаг үед хүн бүр эрмэлзэх болсон байна.

Хүний гурав дахь хамгийн чухал хөгжил бол сэтгэл зүрхний боловсрол юм. Сэтгэл зүрхний боловсрол гэдэг нь муу зүйл хийж, үйлдэж чадахгүй байх сэтгэлийн чанар юм. Энэ цаг үед сэтгэл зүрхний боловсролын талаар тоож ярихгүй, үүнд ач холбогдол өгөхгүй байгаа нь хамгийн үнэ цэнтэй зүйлээ авдрынхаа ёроолд мартчихсантай адил болж байна. Үүний муу улбаа ч их гарч байна. Гурван дээд сургууль төгссөн хэрнээ хулгай луйвар хийдэг хүн байна. Тэр хүн сургуулиас олсон мэдлэг, авсан мэдээллээрээ бусдаас илүү болохоор оюун ухааны хувьд чадвартай хүнд тооцогдоно. Тийм атал хулгай луйвар хийгээд байгаа нь ямар учиртай вэ. Түүний учир нь сэтгэл зүрх нь боловсроогүй байгаад оршино.

Монголд хүний юу ярьж байгаагаар нь, хэр өндөр албан тушаалтайгаар нь УИХ-д сонгодог сайнгүй жишиг тогтсон. Харин энэ удаа сонгогчид хүнийг нь харж сонгоно гэж ярьж байна. Энэ нь сэтгэл зүрхний боловсролыг нь харна гэсэн үг.

Хахууль өгөхөд дахиад нэмж өг гэдэг хүн өнөөдөр УИХ-д байна гэсэн шүүмжлэл байна. Сэтгэл зүрхний боловсрол бол хахууль өгч чадахгүй, хахууль авч чадахгүй, муу юм хий гэхэд хийж чадахгүй тийм боловсрол юм. Ял шийтгэлээс айж байгаадаа биш сэтгэл зүрх нь тийм зүйлийг хийлгэхээргүй боловсорсон байна гэсэн үг. Сэтгэл зүрхний боловсрол ихэнхдээ төрөлхийн шинжтэй боловч оюун ухааны хөгжлийг дагаад сайжирч болдог аж. Үүнийг Дорно дахинд их эртнээс сургаж ирсэн нь арвин. Ийм болохоор сэтгэл зүрхний боловсролыг нь харж сонголтоо хийх нь чухал байна. Энэ бол хоёр дахь шалгуур.

Аливаа зүйлийг айл гэрээр жишин ойлгоход юмны учир тодрох нь их байдаг. Аав нь хулгай хийдэг бол хүүхдүүд нь хэн болох вэ? Хэдий хоосон ядуу байвч зөв шударга явдалтай эцэг эхтэй бол ямар хүн болж өсөх вэ? Энэрэнгүй сэтгэлтэй хүн ядуу хүний хоолыг булааж идэх үү? Бусдын төлөө гэх халуун сэтгэлтэй хүн ганцаараа баяжихыг зорилго болгох уу?

Энэ мэтийг үндэс болговол "Хүнийг нь харж сонгох” гэж байгаа сонгогч Танд хэчнээн өндөр боловсролтой байгаад ч сэтгэл зүрх нь боловсроогүй бол тэр хүнийг бүү сонгоорой гэж захъя.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх