Долоодугаар сарын 1 ба хариуцлага

 

Долоодугаар сарын 1 ба хариуцлага

Хэдхэн хоногийн өмнө долоодугаар сарын 1 болоод өнгөрлөө. 2008 оны энэ өдөр сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд олноор цуглаж, улмаар МАН-ын байрны үүдэнд очсон. Цуглагчдын тоо улам нэмэгдэж, МАН-ын байр орчим хөл тавих зайгүй шахам болсон. Иргэдийн сэтгэлийг хэрхэн хөөргөж, дэвэргэх хүн цөөнгүй гарч тэрхүү аймшигт өдрийн үймээн самуун дэгдсэн билээ. Үйл явдлыг монголчууд нүдээрээ харсан. 


МАН-ын байр, машин сав шатаж, жагсагчдыг цагдаагийн хүчээр тараасан. Таван халуун амь үрэгдсэн. Үйл явдлыг монголчууд бүгд нүдээрээ харцгааж халагласан юм. Жагсаал цуглаанд үг хэлж, олны сэтгэлийг дэгэлзүүлсэн хүмүүс баривчлагдан шалгагдсан. Сонгууль дуулиан шуугиан багатай, намуухан өнгөрсөн нь сайн хэрэг боловч түүхэнд аймшигт хар өдрөөр бичигдсэн долоодугаар сарын 1-ний талаар энэ удаа хэн ч ам нээж, таван халуун амины төлөө харууслаа илэрхийлсэнгүй. Ялагдалдаа түүртсэн үү аль эсвэл улс төр хийх шалтгаан болгож байсан аль нь болохыг хэлж мэдэхгүй. Долоодугаар сарын 1-н хэмээн ярьцгаадаг, одоо сөрөг хүчин болчихоод байгаа АН-ынхнаас ч дуу шуу гарсангүй. 

Монголын түүхэнд хар толбо үлдээсэн энэ хэргээс хойш найман жилийн дараа ээлжит УИХ-ын сонгуулийн дүнгээр парламентад ялалт байгуулсан МАН шинэ Засгийн газраа байгуулж байна. МАН сонгогчдын саналыг "мэргэшсэн Засгийн газар байгуулна" хэмээн татсан. Боловсон хүчний асуудал дээр энэ нам бусад улс төрийн хүчнээс тохой илүү ч найман жилийн өмнө болж өнгөрсөн долдугаар сарын 1-ний үймээний үед тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүстээ албан тушаал олговол "мордохын хазгай" гэгч болох биз ээ. Зарим зүйлийг эргүүлэн сануулахад тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр их улс төрөөс явсан. Ерөнхий сайд С.Баяр ч мөн орон зайгаа тавьсан. Цагдаагийн удирдлагууд энэ хэргийн төлөө ял эдэлсэн юм. Харин дүйвээнээр чимээгүй үлдсэн хүн бол тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга нар. Долоодугаар сарын 1-нд буудуулж амиа алдсан талийгаач Э.Доржсvрэнгийн аав Ц.Энхбаяр саяхан "Долоодугаар сарын 1-нд шуурхай штабын дарга, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нартай ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн. Хэрэг хуучирдаггүй. Энэ аймшигт хэргийг бид хэзээ ч мартахгүй. Бидний хувьд анхнаасаа л хэлсэн. 

Ерөнхий сайд байсан хүн, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар уучлалт гуйх ёстой. Хууль зүйн сайдын ажлын хариуцлагагүйгээс ийм юм болсон. Тиймээс уучлалт гуйх ёстой" хэмээн ярилцлага өгсөн байдаг. Үүнийг "үхтэл үр харам" гэдэг шиг зөвхөн нас барсан залуугийн аав Ц.Энхбаярын үг гэж бодож болохгүй байх.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ үед Хууль зүйн сайдад Ц.Мөнх-Оргилын нэр яригдаж байгаа юм. Түүнийг Хууль зүйн салбар биш юм аа гэхэд Гадаад хэргийн яамыг ч толгойлох магадлалтай хүмүүсийн нэг гэсэн яриа МАН-ынхнаас цухалзаж эхэллээ. Мөн тухайн үеийн УИХ-ын дарга байсан Д.Лүндээжанцан аль нэг яамны сайдад томилогдохоор яригдаж буй сураг дуулдана. Д.Лүндээжанцан бол долоон удаа УИХ-д сонгогдсон, туршлагатай бол туршлагатай, мэдлэгтэй бол мэдлэгтэй төрийн түшээ. 

Гэвч долоодугаар сарын 1-ний тэр хар өдөр шуурхай штабыг ахлаад сууж байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргилыг МАН дахин энэ яамны сайдын суудалд суулгах аваас Д.Лүндээжанцангийн нэр ч давхар сөхөгдөх аюултай. МАН хэрвээ шинэ Засгийн газраа байгуулахдаа эрс эсэргүүцэл, элдэв шүүмжлэлээс хол байя гэж үзвэл Ц.Мөнх-Оргилыг дан дээлтэй үлдээх нь өлзийтэй болов уу.
 
ЭХ СУРВАЛЖ: 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх