Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна02 сарын 10 хэмээх энэ өдөр Монголын утга зохиолын сор болсон 2 гайхалтай уран бүтээлч мэндэлж байжээ.

Эдүгээ бидний дунд байхгүй ч хийж бүтээсэн зүйл, туурвисан уран бүтээлүүдээрээ ард түмний сэтгэлд үлдсэн Монгол улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойном /1936-1979/, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар /1957-1999/ агсан хоёр  энэ өдөр мэндэлжээ. 

1795645_764464750305495_7542761714145640971_n707434072015-02-10-11-20[www.urlag.mn]
Энэхүү монголын алдартай хоёр яруу найрагч 21 жилийн зайтай нэг өдөр мэндэлсэн гэж бэлэгшээдэг билээ.

Ринчиний Чойном /1936-1979/ 

downloadХэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр Ринчиний хүү болон төржээ. Эцэг эхээс Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдий ч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан байна.

Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байдаг.

Хэдий тийм боловч өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийн хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн.

1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, "Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны "Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөжээ.

1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд "Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, "Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ.

Тэр ийн ажиллахын сацуу 1961 онд "Залуу нас” найраглал, 1964 онд "Хүн” шүлэглэсэн роман бичээд ном болгон хэвлүүлжээ. Энэ хоёр зохиол нь Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн "Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-нд өндөр үнэлэгдсэн гэдэг.

"Хүн” шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдсэн ба Өвөрмонголд "Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхлэн нийтлэгдэж байсан.

Р.Чойном 1967 онд бие нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй ажээ. Түүнийг 1969 онд БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж барлан тараасан гэх нэрийдлээр баривчлан шийтгэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4 жил хорих ял эдлүүлжээ.

Р. Чойномыг баривчлах болсон шалтгаан нь түүний найз агсан Бямбын Очирхуягийн дэвтэртээ хуулж авсан улс төрийн шүлгүүдээс үүдэлтэй гэдэг.

1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн "Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа "1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн.

Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсан” гэжээ.

1969 оны өвөл "Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсан Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ.

Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад "Өөрөө бичсэн”, "гудамжнаас олсон” гэж зүтгээд байж. Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд 1969 оны зун Чойном баривчлагджээ.

1969 онд баривчлагдаж 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 насандаа өвчнөөр нас баржээ. 1990 онд Төрийн шагнал нэхэн олгосон юм.

Р.Чойном : "Гэрээслэл” 
Yнэн шvv битгий гайхаарай 
Yхэл гуай нэгэн цагт 
Yvд тогшино тэгэхэд би 
Yлдэх хvмvvст ингэж гэрээслэнэ.
-Өндєр жааны эрэмбэ хойно 
Өөрийн минь хойноос бvv уйлаарай 
Биеийг минь авсанд тааруулалгvй 
Биед минь авсыг тааруулаарай.
Суусан бол суусан чигтээ 
Суниасан бол суниасан чигтээ 
Yvрд би оршихыг хvснэ ээ 
Yvнд минь нөхөр авс захирагдвал зохино.
Хөгжим жагсаал хэрэггvй 
Хөлтэй цуглаан ч хэрэггvй 
Хөдөөний ард намайг 
Хөдөөний зангаар л 
Хөдөөлvvлээрэй
Хойлогийн найр гэж архи дарс 
Хоосон гашуудлаар юу хийнэ 
Хоорондоо агсарцгаавал яс булаалдах 
Хотны ноходоос юуны өөр.
Харин хөдөө булшин дээр минь 
Харахад сvр бараа багатай 
Эмтэлж засаагvй чулуу босгож 
Элгэн талд нь ингэж бичээрэй.
Дуусан амьдарч чадаагvй 
Дуучин Чойном энд нойрслоо. 
Төдөөс төдөн он. Цэг 
Төлөвхөн даруухан байг.
Унаган биед минь бурхан багш 
Уянгат дуучны хоолой хайрлаагvй 
Учир иймс амьддаан би 
Улсын өмнө дуулж яваагvй.
Тэгэвч би сэтгэлээрээ 
Энэ зууныхаа дуучин явлаа 
Тив бvхэнд Поль Робсонтой 
Эсвэл Робертинотой цуг дуулж явлаа.
Багад нутгийн ах нарыг минь авч одсон 
Балагт дайныг бvv гараасай гэж 
Эгнэгт би хvсэж явсан хvн 
Энэ л хvслийг минь Поль Робсон дуулсан юм.
Зvдэг амьдралд vсэн бууралтавч 
Зvрх сэтгэл минь балчирхан хэвээр 
Эрх чөлөөгөөр дуурсаж явлаа 
Энэ л өнгөөр минь Робертино дуулсан юм.
Мах цусанд минь хувьсгалын 
Марш ритм шуугьж явсан юм. 
Магнаг vсэгтэй туг болгон 
Манай партизан цэрэг дуулсан юм.
Идэр насны минь гуниг 
Ихэнх амьдралд нь цуг явлаа. 
Ичинхорлоо гуай Гоолингоо гэж 
Ийм л гунигийг дуулсан юм.
Ухаан бодол минь хvсэл минь 
Уурга шиг шулуун, тал шиг уужим байлаа. 
Уртын дуугаар Норовбанзад 
Уянгалуулж vvнийг минь дуулсан юм.
Найраг шvлэг минь цагтаа 
Наран саран хэлбэлзтэл жороолж байлаа. 
Нарт хорвоод миний шvлгийг 
Нансалмаа морь болгож дуулсан юм.
Өнөөдрийн амьдралын аар саарыг 
Өөрөө би өөртөө дуулсан 
Амрагийн болоод хувийн шогоо 
Архины ширээнд согтуу дуулсан.
Дуу надгvйгээр төрсөн гэвч 
Дуугvйгээр би төрөхгvй байлаа 
Дуучин Чойном энд нойрслоо гэж 
Дурсаж яваг миний ард тvмэн.

Очирбатын Дашбалбар /1957-1999/ 

b717c96978be0785originalМонголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ.

О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, "Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.

О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. О.Дашбалбар "Оддын аялгуу”, "Гол ус намуухан урсана”, "Гэрэлт хайр”, "Зүүдний мөнгөн шувуу”, "Бурханы мэлмий”, "Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм. О.Дашбалбарын уран бүтээлийн 5 боть ном 2004 онд хэвлэгджээ. О.Дашбалбар бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. 2007 онд "Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн. Мөн түүний "Гол ус намуухан урсана”, "Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, "Оюуны санааны яруу найраг” номуудыг нь Английн монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн.

Тэрбээр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. О.Дашбалбар 1999 онд зуурдаар нас барсан юм.

Унчигч та бүхэндээ О.Дашбалбар агсны амьдралынхаа тэн хагасыг амтлаад байсан 23-хан насандаа бичсэн монголчуудын хэдэн үе цээжиндээ унших "Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг хүргэж байна.

О.Дашбалбар: " Амьддаа бие биеэ хайрла”

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! 
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг! 
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна. 
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

И.Тилеген

Ugluu-logo20

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх