ХҮМҮҮС ЯАГААД КОФЕНД ДУРЛАДАГ ВЭ

ХҮМҮҮС ЯАГААД КОФЕНД ДУРЛАДАГ ВЭ

 

Энэ асуултын хариултыг хайсан хэсэг эрдэмтэн "буруутан”-ыг тогтоожээ. Тэдний тодорхойлсноор хүний бие дэх PDSS2 ген буюу амьд организмын удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгжийн энэ төрлийнх нь организмд орж ирсэн кофейныг задлах үүрэг хүлээдэг гэнэ. Үр дүнд нь кофейн биеэс тийм ч амар алга болдоггүй аж. Гэхдээ PDSS2 хүн бүхэнд байдаггүй бололтой. Эрдэмтдийн бичсэнээр энэ төрлийн ген агуулдаг хүмүүсийн биед орсон аяга кофены ид шид бусдыгбодвол илүү удаан хадгалагддаг учраас хамаагүй багыг уудаг. Үүнийгээ туршилтаар нотолсон бөгөөд тэд энхний шатанд Италийн янз бүрийн газарт амьдардаг 1183 хүнийг оролцуулжээ. Туршилтын хоёр дахь шатанд Нидерландаас 1700 хүнийг сайн дураар хамруулан судалгаа авч харьцуулахад PDSS2 гентэй холбоотой хийсэн эрдэмтдийн дүгнэлтийг баталсан байна.

Матэ, нимбэгтэй ус, ногоон цай гэхчилэн өглөөд кофены оронд хэрэглэж болох сэргээх үйлчилгээтэй ундаа чамгүй олон. Тэгээд ч жил ирэх тусам кофены мод цөөрч 2080 он гэхэд манай дэлхий дээр ийм төрлийн мод үгүй болно ч гэлцэж байгаа.Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн устаж алга болно гэдгийг Австралийн эрдэмтэд хэдийнэ нийтэд зарласан. Энэ нь өглөөд аяга кофегоор эрч хүч авдаг хүмүүсийн хувьд тун ч таагүй мэдээ. Гэхдээ эвлэрэхээс ч аргагүй энэ мэдээ кофегүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх санагдаж магадгүй хүмүүсийг яг одооноос сэргээгч ундаагаа чухам юугаар солих вэ гэдгийг бодоход хүргэж мэднэ. Уг нь кофег орлох ундаа олон л доо. Тэр ч бүү хэл кофеноос ч илүү сэргээх үйлчилгээтэй ундаа олон. Тэднээс заримыг нь танилцуулъя.

Какао

Ганц аяга халуун какаоноос та юу авч чадахаа мэдэх үү. Намрын сэрүүнд яг тохирсон ундааг нэрлэ гэвэл какао эхний гуравт лавтайяа орно. Шингэн шоколад хүйтэнд дулаацуулахын хамт сэргэлэн цовоо болгодог.Түүний найрлагад их хэмжээний триптофанаас гадна баяр хөөрийн даавар буюу тайвшруулах үйлчилгээтэй серотониныг бүрдүүлдэг амин хүчил бий. Мөн кофенд хүрэхгүй ч тодорхой хэмжээний кофейн ч агуулагддаг.

Ногоон цай

Хүний биеийг сэргээгч ундааны нэг нь ногоон цай. Ялангуяа бага зэрэг гаа, зүсэм нимбэг нэмчихэд цайны үйлчилгээ улам илүү болно. Ийм цайг өглөө, өдөр, орой аль ч үед ууж таашаалыг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой. Түүнээс гадна ногоон цайны найрлагад кофейн ч байдаг. Гэхдээ цэвэр кофейн биш л дээ.

Матэ

Матэ гэж ногоон цайг санагдуулам ундаа. Аргентин болон Өмнөд Америкийн зарим улс оронд ургадаг навчит ургамлаар бэлтгэдэг матэд кофейн болон түүнтэй адилтгах бодис их хэмжээгээр агуулагддаг учраас сэргээх үйлчилгээгээр кофег ч давж мэднэ. Мөн түүний найрлагад А, В, С, Е, РР амин дэм,калий, магни, натри, хүхэр, марганц, зэс, төмөр гэхчилэн хүний биед зайлшгүй шаардлагатай бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг. Матэ стресст орсон хүмүүст сайн нөлөөтэй. Цус болон ходоод, судасны ханыг цэвэрлэнэ. Гэхдээ үүнийг их хэмжээгээр ууж болохгүй. Зүрх судасны өвчтэй хүнд эсрэг нөлөөтэй төдийгүй зарим тохиолдолд хорт хавдрын үүсгэгч болох тал ч байдаг.

Лимонник

Лимонник гэж ургамлын навч, жимснийг хандлах замаар бэлтгэдэг энэ ундааг хятадууд өргөн хэрэглэдэг. Сэргээх үйлчилгээтэй лимонник тархи мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулна. Жимсийг нь дархлаа сайжруулах зорилгоор хүн төрөлхтөн их эртнээс хэрэглэж ирсэн. Цусны даралтыг өсгөдөг тул даралт багатай хүмүүст тустай. Гэхдээ жирэмсэн хүн хэрэглэж болохгүйг анхаарна уу.

Хүн орхоодой

Хүн орхоодойн үндсийг буцалгаад өөрийн уух дуртай цай, эсвэл усанд хийж хэрэглэж болно. Аль ч тохиолдолд сэргээх үйлчилгээ нь сулрахгүй. Уусны дараа хэн ч байсан сэргэлэн цовоо болдог. Тэгээд ч энэ ургамлыг зүгээр ч нэг амьдралын үндэс гэж нэрлээгүй нь лавтай. Азийн улс орнуудад хүн орхоодойг эмийн журмаар хэрэглэдэг. Ядарч сульдсан, мэдрэлийн ядаргаанд орсон үед хэрэглэхэд анагаах чадвар нь тэр дороо л мэдрэгдэнэ. Түүнчлэн хүн орхоодой үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Цусан дахь сахарын хэмжээг бууруулж, биеийн халуун, хүйтэнд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж чадна. Халдвараас сэргийлж, стресс, ядаргааг давах хүчийг ч өгдөг. Ийм олон чадвартай хүн орхоодойг хэрэглэхэд нойр хулжааж, эмтэй адил дасал болох вий хэмээн сэрэмжлэх шаардлагагүй.

Нимбэг, цагаан гаатай ус

Аяга усанд хэрчим нимбэг хийж уух нь хоолны дэглэм барьж буй хүмүүст тустай гэсэн зөвлөгөөг та дуулж байсан биз. Энэ нь бие организмыг сэргээхэд тустай хэмээн үздэг. Тэгвэл энэ усандаа цагаан гаа нэмчихвэл сэргээх чанар нь хэд дахин сайжирдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Гэхдээ ходоод өвддөг, шархтай гэдэг нь эмчийн оношоор тодорхой болсон хүмүүст таатай нөлөө үзүүлэхгүй. Харин өглөөд нимбэг болон өөр элдэв зүйл хийгээгүй усыг дангаар нь уухыг зөвлөж байна.

Шар сүү

Сэргээх үйлчилгээтэй ундааны төрөлд зөвхөн элдэв ургамлын ханд багтдаг юм биш. Сүүнээс гаргаж авч болдог шар сүүнд ч ийм үйлчилгээ бий. Шар сүүнд А, С болон В-гийн бүлгийн амин дэм ихээр агуулагддаг учраас дархлааг дэмжиж чадвартай. Мөн мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг магни их хэмжээгээр агуулдаг учраас шар сүүг стресс, ядаргааны үед хэрэглэхэд тустай.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх