Цацрагийн хорыг ногоон цай анагаана

 

 

Ийм зөвлөгөөг Бээжингийн их сургуулийн эрдэмтэд өгч байна. Тэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах аргыг хайж олон жил судалсны эцэст биед шингэсэн хүнд элементийг шахан зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байгааг тогтоожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Учир нь ногоон цайны үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100, Е витаминаас 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлага дахь танин хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодоос шахах чадвартай. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийн хорыг ногоон цай эмчилж хүчрэхгүй. Өдөржин компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж.

Цацрагийн хороос биеийг цэвэрлэхээс гадна ногоон цай цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй уувал ихэсгэдэг. Түүнээс гадна ногоон цай нь хорт хавдрын эсрэг өндөр үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай. Мөн Р амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн нүд угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг.

Ногоон цай гоо сайханд ч сайн нөлөөтэй. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг учраас арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг ч хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдах эрсдэлтэй гэнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх