АМЕРИКТ КОФЕ, АЗИД ЦАЙ

"Euromonitor International” компанийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд дэлхийн улс орнуудад цай болон кофены хэрэглээ ямар байдгийг тодорхойлоход хамгийн цайсаг нь Узбекстан, харин кофены хэрэглээ хамгийн өндөртэй нь Гватемал байжээ. Узбекстаны хүн амын 99,6 хувь нь кофеноос цайг илүүд үздэг гэсэн бол гватемалчуудын 0,4 хувь нь л цайг сонгодог гэжээ.

Мэргэжилтнүүд судалгаандаа үндэслэн дэлхйин улс орнуудын цай болон кофены хэрэглээний карт зохиосон байна. Ингэхдээ дэлхийн газрын зураг дээр цайнд илүү их ач холбогдол өгдөг улсуудыг тод улаанаар, харин кофегүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх ард түмнийг тод ногооноор тэмдэглэжээ.Эндээс харахад Хойд болон Латин Америкийн орныхон бараг л тэр чигээрээ ногоон бүст багтаж, Азийн олон улс оронд цай өргөн хэрэглээ тул улаан өнгө давамгайлсан байв.

БРИКС-ийн орнуудаас Бразилаас бусдад нь хүн амынх нь 70 орчим хувь кофеноос цайг түрүүлж сонгодог. Эдгээрт Орос, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк багтаж буй. Бразилын хувьд яалт ч үгүй кофены эх орон. Тэгээд ч тэр үү эндхийн хүн амын ердөө 2,6 хувь нь л цайнд дуртай хэмээсэн байна. Цай, кофены хэрэглээнд айхавтар их ялгаа байхгүй улс бол Австрали. Ногоон тивийн цайнд дурлагсдын тоо кофечдоос хол зөрүүгүй гарчээ. Америкчуудын хувьд кофенд донтогчдын тоо цайнд дуртайчуудынхаас гурав дахин олон. Хямсгар зантай англичуудын хувьд 78,4 хувь нь цайг илүүд үздэг гэснээр хамгийн цайсаг ард түмний жагсаалтын 15 дугаарт бичигдсэн гэнэ. Англичуудын өмнө Кени, Турк, Энэтхэг, Египет, Хятад, Азербайжану оржээ. Кофенд "нугасгүй”-чуудыг Гватемал тэргүүлж тэдний араас Доминикан, Бразил, Эквадор, Коста-Рика, Грек, Колумби, Филиппин, Дани, Венесуэл орсон бол цайсаг ард түмний жагсаалтын эхний аравт Узбекистан, Кени, Азербайжан, Пакистан, Хятад, Египет, Марокко, Казахстан, Нигери, Энэтхэг багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх