Ө.Цэдэндамба: Хүмүүс тэр бүр ойлгодоггүй ч, үйлчилгээг нь маш сайн мэддэг

Ө.Цэдэндамба: Хүмүүс тэр бүр ойлгодоггүй ч, үйлчилгээг нь маш сайн мэддэгНийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд

Барилга, бүтээн байгуулалтын судас, цохилох зүрх нь гэгддэг Нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ой тохиож буй энэ мөчид Барилгын хөгжлийн төвийн Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийндаргаӨ.Цэдэндамбатай салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

Нийтийн аж ахуйн салбарын ажил үйлчилгээний онцлогийгТа товчхон танилцуулаач?

-Юуны өмнө салбарын хамт олондоо 85 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Нийтийн аж ахуйн салбарын хөгжил хот суурин газрын хөгжилтэй хамтдаа л явж байдаг, гэхдээ барилгажилтаасаа түрүүлж хөгжих учиртай салбар. Хот суурин газрын хүн ам, үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг ундны усаар хангах,орон сууцыг хэрэглээний ус, дулаан,цахилгаанаар хангах, цэвэрлэгээ үйлчилгээ, бохир усыг татан зайлуулах, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хүн зөөврийн лифтний ашиглалт, хотын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээзэрэг ард иргэдийг ая тухтай ажиллаж амьдрах бүхий л нөхцөлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг.

Бид хотын хөгжил гэхээр газар дээрх барилга байгууламжаар ихэвчлэн төсөөлдөг. Тэгвэл газар доорх иж бүрэн инженерийн барилга байгууламжийн хэвийн ажиллагааг манай салбар хариуцаж байдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй ч үйлчилгээг нь маш сайн мэддэг.

Тэр тусмаа 24 цагийн турш ажил, үйлчилгээ ньтасралтгүй явагддаг онцлогтойг ч мэднэ дээ.

-Нийтийн аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага, зарим томоохон үйл явдлаас онцолбол?

-Нийтийн аж ахуй, үйлчилгээний яам 1972 онд байгуулагдсан. Салбарын хөгжил 1970-1990 онуудад оргил үе нь байсан гэж үздэг.Энэ үед бүхэлдээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн.

Монгол Улс 1990 онд зах зээлийн харилцаанд шилжих тэр мөчид яам татан буугдсан, салбарын бодлого ч тодорхой хугацаанд үндсэндээ орхигдсон. Нэг үгээр хэлбэл 1990-1996 он хүртэл салбарын хөгжил саарсан гэсэн үг. Гэхдээ яамны залгамж халаа байгууллага нь өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулсаар байсан 1996 оны сүүлээр нийтийн аж ахуйн салбарын төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллага бий болсон.

Энэ байгууллага нэгдэж нийлсээр одоо Барилгын хөгжлийн төвийн чиг үүрэгт хамааран үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд салбартхөрөнгө оруулалт нэмэгдэж, хууль эрх зүйн бүрэн зохицуулалттай, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон томоохон бодлогын баримт бичигттулгуурлан хөгжих нөхцөл бүрдсэн.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага болон хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийт 450 сая орчимам.долларын 17 томоохонбагц үе шаттай хэрэгжиж буй төслөөс 13 нь амжилттай хэрэгжсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаарсүүлийн 5 жилд 430 орчим тэрбум төгрөгийн 300 гаруй инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн төсөл арга хэмжээ хэрэгжсэн нь салбарын хөгжилд томоохон түлхэц болж байна.

1996 онд УИХ-аас Орон сууц хувьчлах тухай хууль батлагдан төрийн мэдлийн нийтийн эзэмшлийн орон сууцыг хувьчлах эрх зүйн орчин бүрдсэн.

Улсын хэмжээнд 86 орчим мянган төрийн мэдлийн нийтийн эзэмшлийн орон сууцны 99.99 хувь нь хувьчлагдсан байна. Сууц өмчлөгчдийн 1000 гаруй холбоод хот хөдөөд үйл ажиллагаа явуулж байна.

Орон сууцны Ипотекийн зээл 86 орчим мянган иргэнд олгогдоод байгаа мэдээ байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 20 мянга орчим орон сууц ашиглалтад орж байна. Зарим жил үүнээс ч олноор орж байна. Энэ бүхэн нь салбарын үйл ажиллагаа өргөжиж байгааг харуулж байна. Бидэнд хийж бүтээх зүйл улам өргөжиж байна.

-Сумын төвд хийгдэж буй шинэчлэлтийн талаар?

-Манай улс зах зээлд шилжихээс өмнө 38 сумын төвд ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системтэй байсан, одоо зарим ньажиллахгүй болсон.

Харин сүүлийн жилүүдэд "Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг 16 суманд, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр найман суманд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дөрвөн сумдад төвлөрсөн ус хангамж, дулаан хангамж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах инженерийн барилга байгууламж баригдаж үе шаттайгаар ашиглалтад орох тусам дээрхинженерийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах асуудал чухлаар тавигдаж байна.

-Нийтийн аж ахуйн салбарт тулгамдаад байгаа ямар асуудлууд байна вэ?

-Тулгамдсан асуудал цөөнгүй байна. Энэ нь салбарын үйл ажиллагаатай холбогдолтой хууль, норм дүрэм, стандарт хэрэгждэггүйгээс бохир усны цэвэрлэх байгууламж хэвийн ажиллагаа алдагдах, хот суурины ус хангамжийн эх үүсвэр бохирдож болзошгүй нөхцөл байдал үүсч байна.

Жишээ нь, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж хүчин чадал хүрэлцэхгүй, муу технологитойдоо байгаа юм биш, ирж буй үйлдвэрийн бохир усны найрлагаас үйдэлтэй шүү дээ.

Салбарын үйлчилгээний үнэ, тариф бага байгаагаас салбарын эдийн засгийн чадавхид нөлөөлж байна. Салбарын өр зээлийн асуудал бас л хүнд асуудлын нэг. Гэхдээ энэ бүхнийг засаж залруулж болно.

-Туул голын усны бохирдол гэж олон жил ярьж байгаа ч шийдлээ олоогүй асуудлын нэг хэвээр байна. Үүнийг шийдэх ямар арга зам байна вэ?

-2030 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу үйлдвэрүүдийг Эмээлт рүү төвлөрүүлэх ёстой гэж бодож байна. Гэвч энэ зорилтын хэрэгжилт удаашралтай байна л даа.

-Бохир уснаас гадна, ундны усны асуудал гэж бий. Ундны усны чанар муу, цэвэр усны нөөц хүрэлцээгүй болж байгаа гэдэг дээр эмзэглэмээр тоонууд дуулддаг. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-Хэрэглээ нэмэгдэнэ, цэвэр усны хомсдолд орлоо гэж их ярих болсон байна. Өнөөдөр 1990 онд хэрэглэж байсан хэмжээний усыг л хэрэглэж байгаа.Тухайн үед 150 мянган куб метр орчим ус хэрэглэж байсан юм. Өнөөдрийн хэрэглээ тэр төвшнөөс огцом давсан зүйл байхгүй. Хүн амын тоо өссөн ч хэрэглээ тэр хэмжээгээр огцом өсөөгүй гэсэн үг. Одоогоор 170-190 мянган куб метр ус хэрэглэж байна. Хүмүүс усыг соёлтой, зөв хэрэглэж хэвшиж байгаа учраас хэрэглээ ийм төвшинд байгаа юм. Усыг хэмжүүрээр тооцож, үрэлгэн хэрэглээ нь хязгаарлагдсан хэрэг. Тэгэхээр усны эх үүсвэр хүрэлцээтэй гэж ойлгож болно. Сүүлийн 20 жилд тодорхой хэмжээний төсөл хэрэгжсэн. Улаанбаатар хотын усны эх үүсвэр сүүлийн гурван жилд 40 гаруй куб метр хоногоор нэмэгдсэн. Одоогоор ундны усны хомсдол байхгүй.

-Ундны ус шугам хоолойгоор дамжихдаа бохирдож байна гэсэн эргэлзээ бий. Айл өрхүүд ийм шалтгаанаар янз бүрийн цэвэршүүлэх төхөөрөмжийг өндөр үнээр авч тавих болсон. Таны мэдээллийг сонсмоор байна?

-Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн системд ашиглаж байгаа ус бол ундны усны стандартыг бүрэн хангаж байгаа. Улаанбаатар хотын ус сувгийн итгэмжлэгдсэн лабораторид усны чанарт байнга хяналт тавьж байгаа тул ус сувгаас түгээж байгаа усны чанарт ард, иргэд эргэлзэх шаардлагагүй.

-Хамгийн түрүүнд салбарт шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаас нэрлээч гэвэл?

-Улаанбаатар хотод 1100 орчим орон сууц, Эрдэнэт, Дархан, Чойр, Чойбалсан, Зуунмод, Сүхбаатар зэрэг аймагт 300-гаад угсармал орон сууц байна. Эдгээр орон сууцуудыг дулаалах, өнгө үзэмж, технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь олон талын ач холбогдолтой. Зөвхөн ганц жишээ дурдахад жилд 387 сая кВт дулааны эрчим хүч хэмнэх тооцоо гарч байгаа.

Цэвэрлэх байгууламжийн асуудлыг иж бүрнээр хот, хөдөөд ялгаагүй шинэчлэх, сайжруулах шаардлага хүссэн, хүсээгүй гарч байна.

Салбарын гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслүүдээс бий болсон зээл, зээлийн хүүг төр, засаг хөнгөлөлт үзүүлэх гээд дурьдаад байвал шийдэх асуудлууд байна.

-Салбарын ирээдүйн төлөв байдлын талаар таны бодол?

-Хот суурин газрын хөгжлөө дагаад л салбарын үйл ажиллагаа улам өргөжиж байна. Орон сууцны хотхон, хорооллууд цогцолбороор баригдах,гадаргын усыг хэрэглэх шинэ технологи нэвтрэх, бохир усаа цэвэршүүлэн эргүүлэн ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг салбарт түлхүү нэвтрүүлэх, үйлчилгээний үнэ тариф, үнэлэмж нэмэгдэх замаар салбарын байгууллагуудын санхүү, эдийн засгийн чадавхсайжрах, салбарын инженерийн байгууламжийг өөрсдөө барьж байгуулдаг, засварлаж шинэчилдэг болох, автомат удирдлагын систем бүхий л үйл ажиллагаанд нэвтрэх гээд олон сайхан өөрчлөлтүүд гарна. Салбар хөгжиж байна, хүрээгээ тэлж байна. Цаашид салбарт улам ахиц дэвшил гарах болно.

 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх