АН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ?

Ц.ЭРДЭМ

 

НАМЫН ИХ ХУРЛЫН ӨМНӨ

 

АН-ын их хурлын өмнө тус нам дотор хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан болсон. АН-аас төрсөн намаа шинэчлэх гэсэн хаяг зүүсэн төрийн бус байгууллагын тоо ч замбараагаа алдаж байна. Намын их хуралд төлөөлөгч сонгох ажил эхлэхтэй зэрэгцээд АН-ын үүрийн дарга нарын холбоо гэдэг байгууллага мэндэлж, мэдэгдэл, их захидал шидэж, хэлэлцүүлэг зохион байгуулаад хачин жигтэй ажиллаж байсан. АН их хурлаа хийхэд хандив хэрэгтэй байна гээд дансаа зарлаж байхад Үүрийн дарга нарын холбоо, нэг хоёрдугаар хэлэлцүүлэг гээд зохион байгуулж байгааг харвал мөнгө санхүү сайтай бололтой харагдаж байсан. Гишүүд дэмжигчдийн холбооо, АН-ыг үүсгэн байгуулагчдын холбоо одоо дээрээс нь Үүрийн дарга нарын холбоо, Залуучуудын оролцоог дэмжих гэхчлэн энэ олон холбооны цаана үнэхээр АН-ыг аврах гэсэн зорилго байгаа бол уг нь сайн л байна. Даанч харамсалтай, намаа шинэчлэх гэхээсээ илүүтэйгээр бие биенийхээ дээр гарчих гэсэн хуучны хэдэн бурхинуудынх нь гар хөл болж байгаа гэдгээс илүү гарах зүйл алга байгааг өөрсдөө ч сайн мэдэж байсан буй за. Товчхондоо бол, их хурлын өмнө АН-д өрнөсөн энэ эх адаггүй бужигнаан, өдөр бүр шахам шинээр гарч ирж байгаа шинэ холбоо хөдөлгөөний цаана АН-ын дарга хэн болох вэ, дараа нь 17 оны сонгуульд хэн өрсөлдөхийн төлөөх тэмцэл явж байсан. Намын дарга, Ерөнхийлөгч болох хүсэлтэй хүн АН-д дэндүү олон байгаа нь ёстой нөгөө олдохоороо өлдөхийн зовлон гэдгийг бий болгочихоод байгаа. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар гарч ирсэн хорин хэдтэй, гучин хэдтэй байсан залуучууд одоо тавин насны босгыг давцгааж, бүгд өөрийгөө төрийн тэргүүн болох ёстой гэж үзэж байгаагаа нууцгаахгүй байна.

АН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ?

 Бас үүний зэрэгцээ өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байхдаа үйлдсэн гэм нүгэл нь илрэх маягтай болоод ирэхийн цагт "Намайг намын дарга болгохгүй гэж”, "Намайг Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж айгаад” гэх шоуг хийж, булхайгаа нуух нэг халхавч болгох гэж оролдож байгаа зэрэг сонин сонин үзэгдэл олонтойгоор АН шинэчлэлийн гэж тодотгосон намын их хурлаа угтсан билээ.

НАМЫН ИХ ХУРЛААР

 

АН-ын их хурлаас намын гишүүд нь, нийгэм их зүйлийг хүлээж байлаа. Улс төрийн томоохон намын хувьд алдаа оноогоо хэрхэн шүүж, тунгааж цаашаагаа явах зам, зорилгоо юу гэж тодорхойлох вэ гэдэг нь яах аргагүй л олны анхаарлын төвд байлаа. Харин сүртэй зарласан хурал юу болоод өнгөрчихөв өө гэдгийг намын их хурлын төлөөлөгчид ч өөрсдөө сайн ойлгохгүйд хүрч, УИХ-ын сонгуулийн хариуцлага энэ тэр гэсэн чинь намын дарга мөн ч юм шиг, биш ч юм шиг хачин статустай З.Энхболд гарч ирээд сонгуулийн ялагдлаа ард түмэнд, сонгогчид руу чихлээ. Сонгуулиас сарын өмнө хуулиа өөрчил гэж зарлигдсан тэнгэр энэ тэртэйгээ хариуцлага тооцно гэж арай ярьж чадаагүй нь тэнгэрээсээ айсан хэрэг байсан юм болов уу даа.

Хаалттай хаалганы цаана хуралдсан 1012 төлөөлөгчид намын шинэ дүрмийн төсөл гэж юм танилцуулаад ойлгосноосоо ойлгоогүй нь олон байсан тул дүрмийн шинэчлэл хийнэ гэсэн сүржин амлалт нь талаар болжээ. Тус нам дахь олон фракцууд өөр өөрсдийн толгойлогч нарынхаа эрх ашгийг хамгаалж, бие бие рүүгээ дайрцгааж, доромж үгс чулуудацгааж, басхүү намаасаа гарна, намаа татан буулгах нь зүйтэй гэх мэтчилэнгийн танхимаас алга ташилт хүлээсэн шоу маягийн үгс ч олон байсан аж. Сүртэй эхэлсэн их хурлаар дарга хэн болох вэ гэдгээ шийдэх гэхээр фракцуудын атаманууд нь тохиролцоогүй учраас шийдэж чадахгүйд хүрч, улмаар хуучин удирдлагуудын бодож олсон арга болох сунгаагаар намын гишүүдээс тодруулах гэдэг дээр тогтсон билээ. Энэ бол АН-ын их хурлаас гарсан цорын ганц шийдвэр байлаа. Аймаг сум болгоноос зардал чирэгдэл болгож авчирсан мянга гаруй хүн цуглуулсны үр дүн гэвэл энэ.

Намын даргын суудлын төлөө

АН-ын дарга болно гэдгээ аль эрт мэдэгдээд байсан зарим улс сунгаанаас нэрээ татаж байгаагаа дараалан мэдэгдсээр энэ сунгаанд таван хүн тунаж үлдлээ. Лу.Болд, Г.Батхүү, П.Цагаан нар сунгаанаас гарч байгаагаа янз бүрээр л тайлбарлаж байна. Тухайлбал, намын даргын төлөө өрсөлдөхөөр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаа өгсөн П.Цагаан АН дахь шинэчлэл хийгдэхгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбоотойгоор сунгаанаас татгалзжээ. Намын даргын сунгаад оролцогчид 240 сая төгрөг төлөх болсон нь Ж.Батзанданг популист шоу хийх боломжийг олгосон бол, АН-ын залуучуудын зүгээс дэмжлэг авах магадлалтай нэр дэвшигч Чимэддоржийг хасагдахад хүргэв. АН-ын дарга асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж байсан бөгөөд сунгаанд бүртгүүлэх хугацаа дуусахаас өмнө дугаар хорооны иргэн хэвлэлээр дамжуулан түүнийг Ерөнхийлөгчид биш, намын даргад өрсөлдөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу орж ирж бүртгүүллээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тухайд намын бүлгийг ахалдагийн зэрэгцээ намын даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ нэлээд эрт мэдэгдэж байснаасаа буцсангүй. Лу.Гантөмөр сүүлийн гурван сарын хугацаанд "Нэг ардчилал” гэдэг фракцаа татан буулгаж байгаагаа зарлаж, намынхаа ах нарыг муулан зурагтын дэлгэцнээс салахгүй суусан нэгэн. Тэрээр Ж.Батзандан шиг 240 сая төгрөг хаана байгаа юм энэ тэр гэж шоудсангүй, шууд л төлбөрөө хийгээд бүртгүүлж байгааг бодоход санхүүгийн хувьд бяртай байгаа бололтой. АН УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш Д.Эрдэнэбат намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллан намаа сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд авч орсон. Ингэж эзэнгүй үлдсэн нам дээрээ сууж ажилласан Д.Эрдэнэбат Их хурлын үеэр гэнэт харагдахаа больж, оронд нь хариуцлага хүлээж огцорно гэж мэдэгдэж байсан З.Энхболд гарч ирээд гол дүрд тоглоод явчихсан билээ. Намаа хэцүү цагт авч явсан Д.Эрдэнабат даргын сунгаанд оролцож байгаад талархалтай байгаа хүн олон ч, бас эсрэг бодолтон ч цөөнгүй. Ийм эрс тэс таван нэр дэвшигч АН-ын даргын суудлын төлөө сунгаагаа эхлүүлэхээр Алунгоогийн таван сумыг гартаа атгаж байгаад зураг хөргөө авахууллаа.

СУНГААНЫ ДҮРЭМ ЖУРАМ

 

Намын даргын сонгууль явуулах сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа Ж.Оюунбаатарын хэлснээр бол бие дааж гарцаарчилсан сурталчилгаа хийхгүй бөгөөд ингэвэл сунгааны журмыг зөрчсөн гэж үзэж хасна хэмээн мэдэгджээ. Дотоод сонгуулийн хорооны гаргасан журмаар бол, нэрдэвшигчдийн сурталчилгаа энэ арванхоёрдугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхэлж, улс орон даряар нэгдсэн журмаар явагдах аж.

Сунгаанд нэг зүйл ихээхэн маргаан дагуулж байгаа. Нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх намын гишүүдийн бүртгэл. Их хурлынүеэр яригдсан нэг асуудал бол УИХ-ын сонгуулийн өмнө зарим компанийн санхүүжилтээр АН-ын гишүүний үнэмлэхийг олноор хэвлэж тараасан тухай байсан юм. Хуурамч үнэмлэхтэй АН-ын гишүүн баахан улс гарч ирэх нь гэдэг хардлага ч эндээс гараад байгаа. Бүртгэлтэй холбоотой асуудлаар Ж.Оюунбаатар news.mn агентлагт ярилцлага өгөхдөө, "Ирэх оны нэгдүгээр сард болох АН-ын даргын санал хураалтаас өмнө намын шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Энэ шинэчилсэн бүртгэлийг цахимаар хийж байгаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын татвараа төлсөн бүх гишүүд саналаа өгнө. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн дагуу нэг жилийн 1200 төгрөгийн татвараа төлсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын гишүүд намын даргын сонгуульд саналаа өгнө. Одоо албан ёсоор 180 мянган гишүүнтэй байгаа. Намын даргын сонгуулийн хажуугаар намынхаа гишүүдийн бүртгэлийг цахимжуулах, шинэчлэх том ажлыг давхар хийж байна” гэж тодруулсан байна.

Монголын улс төрийн том намын нэг АН эрх баригчийн суудлаас сөрөг хүчний эгнээнд шилжсэн ээдрээтэй цаг үедээ даргаа сонгох гэж байна. Хэнийг сонгох вэ гэдэг нь гишүүдийнх нь бүрэн эрх ч гэлээ, хэний төлөө саналаа өгөх вэ гэдгийг мөнгө шийддэг цаг үед амьдарч байгаагаа мартаж болохгүй. АН-ын дарга хэн болох вэ гэдгээс 17 оны сонгуульд хэн өрсөлдөх, МАН-аас нэр дэвшигчидтэй эн тэнцүү өрсөлдөж чадах уу гээд олон асуултын хариу тодорхой болно.

 


 

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх