ЗОРИЛГЫГ МИНЬ ТОДОТГОСОН ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

ЗОРИЛГЫГ МИНЬ ТОДОТГОСОН ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

ЗОРИЛГЫГ МИНЬ ТОДОТГОСОН ХӨХ ХОТЫН АЯЛАЛБ.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

 

Өвөр Монголын нийслэл Хөх хотод аялах сэтгүүлчдийн багт явах томилолт сонины газраас минь өглөө. Өмнө нь очиж байгаагүй ч Монголтой ойрхон болоод ч тэр үү нэг их сүртэй сайхнаар төсөөлсөнгүй. Гэхдээ л явахаасаа өмнө очих гэж байгаа газрынхаа талаар интернэтээс мэдээлэл хайлаа.

Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хот нь Даланхар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд 7224 ам дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог. Бээжингээс 500, Эрээн хотоос 490 км зайтай. Сайхан, Юй Чуан, Хотон, Шинэ хот гэсэн дөрвөн дүүрэг, Түмэд зүүн хошуу, Ү Чуан, Хорин гэр, Чин Шүйхэ, Тогтох таван хошуу сян, Чинчуан хэмээх улсын хэмжээний аж ахуйн нээлттэй бүс бүхийуг хотыг 1581 онд Түмэдийн Алтан хан, түүний хатан Юнгэн нар байгуулж Хөх хот хэмээн нэрийджээ. Шинэ хотыг Чин улсын Найралт төв хааны үед 1735 онд байгуулсан бөгөөд хожим шинэ, хуучин хотыг нийлүүлсэн байна. Хөх хот орчмын нутгийг эртний түүх, дурсгалын өлгий, 500 мянган жилийн өмнөх Да Яаогийн соёлын голомт хэмээн үздэг аж. Өвөр Монгол 1949 онд БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсноос хойш хотыг шинээр бүтээн байгуулах ажил төлөвлөгөөтэй хийгдэж өнөөгийн хөгжилдөө хүрсэн төдийгүй Өвөр Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны төв болсон. Иймэрхүү мэдээлэлтэй хүн ӨМӨЗО Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар Хөх хот, Ордосоор аялах Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн багт багтаж өнгөрсөн сарын 21-25-нд аялаад ирсэн юм.

Бид эндээс галт тэргээр явж Эрээнд очиход ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны газрын дарга Баянжаргал нарын өвөр монголчууд угтлаа. Эрээнд үдийн зоог бариад шуудхан Хөх хотыг зорьж алдарт Даланхар уулын замаар давхисаар үдэш 21 цагийн алдад Хөх хотод очив. Гэрэл гэгээ гялбасан том хотын дундуур давхисаар биднийг "Үйлс” нэртэй зочид буудалд буулгав. Маргааш нь бид Өвөр Монголын хэвлэлийн групп, Өвөр Монголын номын сан, Шиньхуа номын дэлгүүр гээд хэвлэл, номтой холбоотой олон газраар явлаа. Хэвлэлийн группийн тоног төхөөрөмж сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай. Тэнд дунд сургуулийн бүх төрлийн сурах бичиг, уран зохиолын ном гээд хэвлэж болох бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг гэнэ. Мөн энэ групп дунд сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалтын вэб, уйгаржин монгол бичгийн чат болон уйгаржин монгол бичгээр гүүглээс хайлт хийх боломжтой болгож байгаа нь сонирхол татаж байлаа. Өвөр Монголын номын сангийн дотоод орчин гайхалтай санагдсан. Тэнд ном унших тав тухыг дээд зэргээр хангасан байв. Биднийг өглөө 9 цагт очиход залуус хэдийнэ тухлан суугаад номоо уншиж байлаа. 24 цагаар ажилладаг ном уншлагын танхимтай кафе хүнгүй байх нь ховор гэнэ. Шиньхуа номын дэлгүүрт хэчнээн ч ном зарагдаж байгаа юм бүү мэд. Тоолж бардаг болов уу л гэмээр санагдсан шүү. Өвөр Монгол төдийгүй Хятадад бестселлер болж буй бүх ном энд байгаа гэсэн. Нэг үгээр эндээс хайсан номоо ололгүй гарна гэж үгүй хэмээн Шиньхуа дэлгүүрийнхнийг магтсан нь үнэний ортой байх. Номын дэлгүүрт зөвхөн ном худалддаггүй. Уншигч, зохиолчдыг холбосон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг гэсэн. Биднийг очиход Хятад, Монголын зохиолчдын уулзалт ярилцлага хийхээр хэдийнэ бэлтгэчихсэн байв. Манай багт Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн, Ү.Хүрэлбаатар нарын ном эрдмийн хүмүүс явсан бөгөөд хоёр орны зохиолчид зохиол бүтээлийнхээ талаар танилцуулж, арга туршлагаа хуваалцаж амжив.

ЗОРИЛГЫГ МИНЬ ТОДОТГОСОН ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

 


 

Номын өргөөгөөр зочилсон эхний өдрийн аялалд хүн бүр сэтгэл хангалуун байсан. Маргааш нь хөтөлбөрийн дагуу Ордосыг зорилоо. Тэнд Чингис хааны онгон, Хияа багшийн шинэ дүүргийн бүтээн байгуулалт, түүх, биет бус соёлын музейтэй танилцуулна гэсэн юм. Ордос Хөх хотоос 300 гаруй км зайтай. Замд үзэж харах зүйл ч их. Зохиолчид, сэтгүүлчид нэг баг болсны хэрэг юу билээ замдаа бид уйдахаар завгүй хөгжилтэй явлаа. "Автобусны авьяаслаг монголчууд” шоу зохиож ерөнхий шүүгчээр Т.Баасансүрэн гуайг томилж, Чука шүүгчийг яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахаар, Чимгээ шүүгчийг Хэвлэлийн хүрээлэнгийн захирал доктор М.Мөнхмандахаар орлуулахаар болж хийлч Дээгийг манай багийн Эрдэнэ эгч, харин Рокит бэйг Х.Чилаажав ах орлохоор болсон. Шоуны оролцогч нь ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын ХМА-ны газрын дарга Баянжаргал бидний зургаан хүн. Бид гурван үе шаттайгаар авьяасаа үзүүлсний эцэст шүүгчдийн саналаар гранпри шагналыг Баянжаргал хүртсэн. Дуу хуур, инээд хөгжилтэй явсаар бид зорьсон газар Чингисийн онгон цогцолборт ирлээ. Чингис хааны онгон гэх энэ газрыг 5,5 га газарт байгуулжээ. Цогцолборын үүдээр оронгуут Чингис хааны сүрлэг морьт хөшөө угтан авлаа. Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөргийг залж өмнө нь мөнхийн зул бадраасан нь тун ч сүртэй. Чингисийн онгон гэх энэ газар Өвөр Монгол төдийгүй Хятад улс даяар нэртэй аялал жуулчлалын бүс нутаг болж, зорин ирэх дотоод гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг Баянжаргал дарга танилцуулахад Их эзэн хааны төрсөн нутгийнхан хэрнээ ийм зүйл хийж чадаагүйдээ жаахан бухимдаад авлаа. Хияа багшийн дүүрэг гэж энэ шинэ хотыг элсэн дунд цоо шинээр сүндэрлүүлж байгаа бөгөөд барилга байшингийн дизайн, гудамж талбайн чимэглэл хөшөө дурсгал үнэхээр л дуу алдмаар. Эндхийн номын санг өрөөд тавьчихсан ном шиг, Монголын түүхээр цуврал хөшөөт цогцолборуудыг барьж байгуулсан нь хотод үзэмж нэмээд зогсохгүй урлагийн гайхамшигт бүтээл болж чадсан байлаа.

Ордосоос ирсний маргааш бид Хөх хотод Өвөр Монголын олон улсын монгол эмнэлэгт зочилсон. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй том сайхан эмнэлэг байв. Бүх төрлийн шинжилгээ оношлогоо, эмчилгээг хийдэг энэ эмнэлгийн өвчтөнүүдийн бага биш хувь нь манай монголчууд байсан даа. Тэр хэрээр чамгүй их хөрөнгө тийшээ урсч байна даа гэх харамсал бас л сэтгэл ээрч байсныг нуух юун. Монголчууд эмнэлэгт үзүүлэх, онош тодруулах, хагалгаа хийлгэх гэж өдөр бүр хэд хэдээрээ очдог, тэндээ хэвтэж эмчлүүлдэг. Эмчилгээний төлбөр тийм ч хямд биш ч үр дүнд нь болоод л ирцгээдэг гэцгээж байсан.

Анх удаа Хөх хотоор аялж буй миний хувьд бүх зүйл шинэ содон өвөрмөц санагдсан. Тэр дундаа цэгцтэй төлөвлөлттэй цэвэрхэн хотын орчин үеийн том том хорооллууд, дугуйн зам, түгжрэлгүй өргөн зам, өвөрмөц шийдэлтэй өндөр барилгуудад нь нүд унагаж явсан билээ. Хотынхоо төвөөр аажуу тайван алхах иргэд, утаа униаргүй таатай орчин гээд л нүднээ ил харагдах бүгдийг төрөлх Улаанбаатартайгаа харьцуулж явсан.

ЗОРИЛГЫГ МИНЬ ТОДОТГОСОН ХӨХ ХОТЫН АЯЛАЛ

 

 

Хөх хотод сурдаг багын найзтайгаа уулзаж аяллынхаа нэг шөнийг нутаг орон, эцэг эх, найз нөхдийнхөө тухай хуучлан өнгөрүүлсэн бидний уулзалт сэтгэлд их зүйлийг бодогдуулсан. Хятадаар чөлөөтэй ярих найзаараа бахархах сэтгэл намайг их гүрний хэл соёлоос суралцах хүслийг минь улам бүр лавшруулж өгсөн. Тийм ч учраас хятад хэлний хичээлдээ шамдан сурч, сонирхсон мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах газрыг хаа хол Англи, Америк биш хаяандаа байгаа өмнөд хөршийг хэмээн сонголтоо хийчихээд ирлээ. Энэ л миний аяллын хамгийн гол үр дүн байх.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх